УМБГ хар тамхины том бүлэглэлийг илрүүлсэн үү

Өнгөрсөн долоо хоногт УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөн байцаах хэлтсийнхэн “Жак” нэртэй нохойныхоо тусламжтайгаар “ICE” хэмээх хар тамхи, мансууруулах үйлчилгээтэй өвс зэргийг илрүүлсэн. Тодруулбал, Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах нэгэн орон сууцны хонгилд байрлах “Дуу, бичлэгийн студи”-ээс 19-32 насны 15 залууг илрүүлэн шалгаж байгаа юм. Одоогоор тэднийг гадуур батлан даалтад шалгаж байгаа бөгөөд харин студийн үйл ажиллагааг хариуцдаг Г,Х нарыг саатуулан шалгаж байна. Өмнө нь УМБГ-аас уг студид залуучууд байнга хар тамхи хэрэглэдэг гэх дуудлагын дагуу шалгаж байсан ч ямар нэгэн зөрчилтэй зүйл илэрч байгаагүй аж. Харин энэ удаагийн шалгалтаа эрэлч нохойны тусламжтайгаар явуулахад эрэлч нохой ханан дунд нуусан мансууруулах бодисыг илрүүлж чаджээ.
Мөрдөн байцаалтын явцад Х,Г нар нь “Хар тамхи энд нуусан талаар огт мэдэхгүй бөгөөд хэрэглэдэггүй. Харин студид нь хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэдэг зарим нэг залуус ирдэг байсан. Ханан дундаас илрүүлсэн хар тамхи хэнийх гэдгийг нь мэдэхгүй ” гэж мэдүүлсэн талаар эх сурвалж мэдээлэв.
Одоогоор эд мөрийн баримтуудыг шинжлүүлэхээр Шүүхийн шинжилгээний үндэсний төв, Гаалийн төв лаборатори зэрэг байгууллагад хүргүүлээд байгаа аж.
Хэрэгт холбогдсон 15 залуугийн хувьд “Өөрсдийгөө хип хоп сонирхдог, зарим нь дуулдаг, хоолойгоо бичүүлэхээр тус студид ирээд байсан” гэж мэдүүлжээ.
Юутай ч УМБГ-ын алба хаагчид хар тамхи, мансууруулах бодистой холбоотой томоохон сүлжээг удаан хугацаанд ажигласны эцэст ийнхүү нэг үзүүрээс нь задалж эхэлсэн хэмээн албан бус эх сурвалж мэдээлээд байгаа юм. Эдгээр хүмүүсийн цаана хар тамхи, мансууруулах төрлийн бодис наймаалдаг цөөнгүй хүн байж болзошгүй аж.
Б.Танан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ