Төрийн албанд ажилд ороход таван саятай байх ёстой юуюу

Төрөөр овоглодог газар бүхэнд танил тал болон авлигаар ажилд ордог асуудал олны өмнө ил болсон билээ. Тэгвэл төрийн албанд ороход ханш нь таван сая байдаг гэсэн мэдээлэл саяхнаас газар аваад байна.
Үүнийг гэрчлэх хэрэг хэдхэн хоногийн өмнө гарсан юм. Тодруулбал, Баянгол дүүргийн харъяат Хийморьсүрэн овогтой Золбоо гэгч эмэгтэй Улсын Ерөнхий Прокурор Д.Дорлигжавын нэрийг барьж залилан хийсэн явдал. Тэрээр өөрийгөө “Увс аймгийн Зүүнговь сумын иргэн, Улсын Ерөнхий Прокурор Д.Дорлигжавын дүү” хэмээн танилцуулж, төрийн алба болон бусад ямар ч газар, ажилд саадгүй зуучилна гэж залилан иргэн Д.Цагаанхүүгээс таван сая төгрөг, М.Баянжаргалаас 6000 ам доллар бэлнээр авсан байдаг.
Түүнд мөнгөө өгсөн дээрх хоёр хүн хэсэг хугацааны дараа залилуулсан болохоо мэдэж мөнгөө нэхэхэд тэрээр “Буух эзэн, буцах хаягтай бүү санаа зов гэж байснаа сүүлд нь “Би хоёр сартай жирэмсэн. Та нар мөнгө нэхэж дарамтлаад байхаар миний хүүхэд зулбах гээд байна дахин бүү ярь” гэж хэлээд утсаа авахаа больсон гэсэн.
Энэ үйлдлийнх нь төлөө Х.Золбоод Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах албанаас Эрүүгийн Хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ.
Хэдийгээр энэ нь залилангийн хэрэг боловч төрийн албанд ажилд ороход ийм хэмжээний мөнгө төлдөг гэсэн ойлголт ард иргэдийн дунд байгаа бөгөөд түүнтэй ч эвлэрснийг дээрх хэрэг харуулж буй юм. Мөнгө өгч ажилд орох хууль ёс манай улсад байхгүй. Тийм ч болохоор залилуулсан гэх энэ хоёр иргэн ч хэн нэгнийг их хэмжээний мөнгөөр хахуульдаж ажилд орохыг санаархсанаараа хуулийн өмнө хариуцлага хүлээх ёстой.
Төрийн алба төрлийн алба боллоо хэмээн ярьж шүүмжлэдгээс биш үүнийг таслан зогсоох арга байхгүй болсон гэдэг нь харагдаж байна. Бусад улс оронд ямар байдгийг мэдэхгүй ч манайд идээ бээр болтлоо архагшжээ. Монголын хөгжлийг боомилж, олон нийтийг бухимдуулж байгаа энэ бусармаг явдал төрийн нэртэй газар бүрт том жижиг ялгалгүй үүрлэсэн байгаа билээ. Үүнийг бид мэддэг ч тэр бүр ил гарган ярьдаггүй. Үүнийг монгол хүний уужуу тайван зан хэмээн тайлбарлахаас илүү үзэл бодолгүй, үнэт зүйлгүй, эрх ашгийнхаа төлөө тэмцэж чаддагүй арчаагүй байдалтай холбон тайлбарлах нь зүйн хэрэг.
Манай улсын хүн амын дийлэнх нь, тэр дундаа хөдөлмөрийн насны залуучууд өнөөдөр ажилгүйчүүдийн эгнээг улам бүр тэлсээр байна. Сурсан нь эргэлзээтэй ч диплом өвөртөлсөн мөнгөтэй эсвэл танил тал, том арын хаалгатай бол төрийн албан хаагч болж өндөр цалинтай албан тушаалд томлогдохыг эрмэлзэгсэд ийнхүү олширсоор байна. Харин танилгүй, арын хаалгагүй, хичнээн мундаг боловсон хүчин байгаад ч ажлын байргүй ажилгүйчүүдийн эгнээнд элсэх, эсвэл хувийн байгууллагад ажиллах гэсэн сонголттой үлдэж байгаа юм.
Хөдөлмөрийн яаманд өнгөрсөн оны гуравдугаар улиралын байдлаар гаргасан статистикийн мэдээгээр идэвхтэй ажил хайж байгаа бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 42 мянга байгаа гэж бүртгэгджээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад хоёр мянган хүнээр өссөн тоон үзүүлэлт бөгөөд ихэнх нь 24-30 насны залуус байгааг хэлж буй юм.
Б.Цовоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ