Гүүрэн гарц үл зохицох хэрэглээ болов уу

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр “Ди Вай Кэй Би” ХХК-ийн гүйцэтгэсэн Бөмбөгөрийн гүүрэн гарц өнгөрсөн долоо хоногт ашиглалтад орж, явган зорчигчдыг нэвтрүүлж эхлээд байгаа.

Тус гүүрэн гарц нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан цахилгаан шаттай бөгөөд гүүрэн гарцаар ачаалал ихтэй үеэр нэг цагт ойролцоогоор 800 хүн нэвтрэхээр албаныхан тооцоолсон юм билээ. Мөн ирэх онд яг ийм гүүрэн гарцыг 100 айлын уулзвар, Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд барихаар төлөвлөж зураг төслийн ажил хийж байгаа гэсэн.

Харахад үнэхээр сайхан үзэмжтэй гарц байна билээ. Гэтэл иргэд гүүрэн гарцаар биш доогуур нь машин дундуур сүлжилдэн зам гарсаар байна. Учрыг тодруулахаар нэгэн иргэнтэй уулзав.

-Гүүрэн гарц ашиглалтад орчихоод байхад яагаад доогуур нь гарцгүй газраар зам гараад байгаа юм бэ?

-Яарч яваа хүнд энэ гүүрэн гарцаар гарахад хүндрэлтэй юм. Шат нь огцом, гарахад төвөгтэй санагдаад л.

-Уг нь машины замаар гаргахгүй гэсэндээ хөрөнгө мөнгө зарж энэ гүүрийг хийсэн шүү дээ?

-Уг нь ч тийм. Гэхдээ бас амьдралд ойрхон, ашиглахад хялбар байх хэрэгтэй биз дээ. Хэтэрхий өндөр юм байна билээ. Хөгшин настай, хөгжлийн бэрхшээлтэй, согтуу хөлчүү хүмүүс явж байгаад унавал яана. Зүрх муутай хүн явахад ч хэцүүхэн л санагдсан.

Иргэд иймэрхүү бодолтой байна. Манай улсад хаа хаанаа нийгмийн хариуцлага, ухамсар дорой байгааг эндээс харж болно. Нэг талаас гүүрэн гарц нь ашиглалтад орчихоод байхад л “мал” шиг машинуудтайгаа зэрэгцээд яваад байх ард иргэд, нөгөө талаас иргэдийнхээ хэрэгцээнд үл зохицох гүүр хийчихсэн албаныхан. За мэдэхгүй. Ямартаа ч өнөө хэдэн саяар босгосон гүүрээр нь гарах хүн ч олдохгүй, буцаад л хэдэн машинтайгаа зэрэгцэн зорчсоор байх юм болов уу яах юм бол.

Б.Цовоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ