Ниргэсэн хойно нь хашгирахаа болъё

Гэсэр сүмийн уулзварын зүүн талд баригдаж байгаа “Макс Таур”-ын 17 давхар барилгаас замын гурвадугаар эгнээгээр явж байсан ланд маркын автомашин дээр төмөр унаж жолоочийнх нь амь насанд хүрсэн ноцтой осол хэд хоногийн өмнө гарсан. Сүүлийн үед шил шилээ даран гарч буй барилгын салбарын ослууд хүний аминд хүрэх болж, холбогдох албан тушаалтнууд хяналт шалгалт хийж, шаардлага тавьж байгаа гэдэг ч осол гэмтлийн тоо буурахгүй харин ч өссөөр байгаа нь аюулын харанга дэлдээд байна.

Барилга барих дүрэм журамд барилга хоорондын зай автозамаас 50-100 метрийн зайд байрлана гэж заасан байдаг ч энэ барилга автозамаас таван ч алхам хүрэхгүй газар баригдаж буй юм. Гэсэн ч “Макс Таур” компанид барилга барих албан ёсны зөвшөөрлийг нь олгосон байгаа нь хачирхалтай. Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр өчигдөр л гэхэд Нийслэлийн засаг дарга энэ ослын талаар хуралдаж, ямар арга хэмжээ авах, цаашид хэрхэх талаар ярилцах шиг болсон. Энэ хэрэгт хэн нэгэн хариуцлага хүлээсэн ч, амиа алдсан залуугийн ар гэрийнхний зовлон гуниг, гашуудлыг яаж хуваалцаж, төлж барах юм бэ.

Тэгвэл өвлийн цагт баригдаж байгаа барилгад ямар хяналт тавьж ажилладаг талаар НМХГ-ын Барилга техникийн хяналтын улсын ахлах байцаагч П.Мягмараас тодруулахад “Өвлийн улиралд барилгын цутгалтын үйл ажиллагаа явагдах ёсгүй. Өвлийн нөхцөл гэдэг нь гадна агаарын темпратур -5 градус хүрсэн үед гэсэн үг. Энэ тухай манай Улсын ерөнхий байцаагчийн албан ёсны шаардлага байдаг. Тэрний дагуу үйл ажиллагааг нь зогсоодог. Ямар нөхцөлд үйл ажиллагааг нь зөвшөөрч байна вэ гэвэл зуурмаг хэрэглэхгүй, цахилгааны тоног төхөөрөмж хананд бэхлэх ,дотоод засал чимэглэл хийх зэрэгт зөвшөөрдөг.” гэсэн юм.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас ийм шаардлага тавьж ажилладаг бол “Өвлийн цагт барилгын гадна ажлыг төдий л хийдэггүй. Цутгалтаа бүрэн хийж, халаалтаа авч, хаалга цонхоо бүрэн хийсэн барилгын дотоод заслыг өвөлд хийдэг” гэсэн ярилцлагыг туршлагатай барилгын инженер нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө хэлсэн байна билээ.

Үүнээс үзэхэд барилгын салбарын дүрэм журам, хяналт шаардлага, бодит байдал нь хоорондоо уялдаа холбоогүй байгаа юм. Осол гарахад хариуцлага хүлээлгэх механизм нь доголдолтой энэ үед ослыг гарсан хойно нь арга хэмжээ авах биш гарахаас нь өмнө урьдчилан сэргийлдэг байх, барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журмыг нэгдсэн байдлаар гаргаж, түүнийгээ ягштал биелүүлдэг байх шаардлага тулгараад байна.

Б.Цовоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ