“Жаст Ойл”-оор асуудал дуусахыг хүсэх л үлдлээ

Хэд хоногийн өмнө “Жаст Ойл” компани хэд хэдэн аймаг болон нийслэлд АИ92 бензиний үнээ 40 төгрөгөөр нэмсэн. Энэ мэт нэмэгдэл цаашид үргэлжилж, сар шинийн баяр болох гэж байгаа энэ үед бусад нь дагаад нэмчих вий гэсэн болгоомжлол ард иргэдэд байгаа бөгөөд нэмэгдэхгүй гэх баталгааг албаныхан өгч чадахгүй байна.

Энэ асуудалд хариулт авахаар албаны хүнээс тодруулахад “”Жаст Ойл”-ын орон нутаг болон нийслэлд нэмэгдсэн шатахууны үнийн нэмэгдлийг судалж байгаа. Бусад нь дагаад нэмчихгүй байх гэж найдаж байна. Компаниудын нөөц бол гайгүй байгаа. Манай улсын ердийн хэрэглээний 40-өөд хоногийн нөөц байна.” гэв.

Бүх төрлийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хэд дахин нэмэгдсэн, засгийн газрын үнэ тогтворжуулах хөтөлбөрийн үр дүн гарахгүй, төр хариуцлага хүлээж чадахгүй байгаа энэ үед чармайж байгаад дөнгөж 50 төгрөгөөр бууруулсан шатахууны үнэ өсвөл жинхэнэ утгаараа асуудал хүндэрч, иргэдэд хүнд тусах юм.

Төр нь шатахууны үнийг 50 төгрөгөөр бууруулсан гээд баярлаж суухад ард түмэн шатахууны үнэ 40 төгрөгөөр нэмэгдэхэд хариуцлага нэхэх эрхтэй ч үнэ нэмэгдсэн шалтгаанд тодорхой хариулт өгөх төрийн байгууллага алга. Харин цаашдаа хэд хэдэн аймаг болон нийслэл хотод нэмэгдсэн шатахууны үнэ хүрээгээ тэлэхгүй “Жаст Ойл”-оор асуудал дуусах болтугай гэж хүсэх л үлдлээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ