Ноцтой осол болж 50 тонн шатахуун асгарчээ

Энэ сарын 7-ны орой Баянхонгор Өвөрхангай чиглэлийн замд шатахуун тээвэрлэж явсан норд маркын автомашин онхолдож, ослын улмаас 50 тонн шатахуун ачсан чиргүүл унаж, их хэмжээний түлш асгарчээ. Азаар хүний амь нас эрсдээгүй байна.

Улаанбаатар хотоос Говь-Алтай аймгийн “Алтайн хүдэр” компани руу түлш тээвэрлэж явсан энэ машин Баянхонгор аймгаас зүүн тийш буюу Өлзийт хэмээх газар ийнхүү осолджээ. Тухайн газар засмал замыг огцом уруу тавьснаар байнга автомашины осол гарч байжээ. Ингээд жил гаруйн өмнөөс засмал замыг хааж шороон замаар зорчуулж эхэлсэн байна. Гэтэл шороон зам нь ч жалганы хажууд мөн огцом уруу нарийнхан байснаас түлш тээвэрлэж явсан машин зогсож байсан том оврын автомашинтай зөрөх гэж байгаад жалга руу унасан байна.

Түлш тээвэрлэж явсан машины жолоочийн хэлж буйгаар машины зогсоох ямар ч аргагүй, огцом уруу байсан болохоор эрчиндээ яалт ч үгүй унасан гэнэ. Мөн машины тормоз нь асуудалтай байсан гэдгийг ч хэлсэн байна.

Баянхонгор аймгийн Онцгой байдлын хэлтэс рүү дуудлага өгөхөд цагдаагийнхны үзлэгээр шаардлагатай гэвэл очно гэсэн хариулт өгсөн бол осол гарсан газар дуудлага өгснөөс нэг цагийн дараа шинжээчид ирэхэд чиргүүл дэхь түлш бүрэн асгарч дууссан байжээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ