Залилан

Сүүлийн үед залилан хийгсэд олширчээ. Хүнийг хууран мэхлэж, мөнгө төгрөг, эд хөрөнгийг нь завшихын тулд санаанд багтамгүй арга мэх хэрэглэдэг болж. Тэдгээрийг сонсоод уур ч хүрэм, заримдаа тийм юманд итгээд хэмээн инээд ч хүрмээр юм сонсогдох.
Монголчууд биднийг гэнэн итгэмтгий ард түмэн гэдэг. Тэр гэнэн итгэмтгий зангаасаа болоод элдэв залиланд өртөхдөө амархан гэж тайлбарлах. Дор дурдах жишээнүүд хууль дүрмийн мэдлэггүйгээс гадна хувь хүний өөрийн хариуцлага, анхаарал сэрэмжийн асуудал гэдэгтэй та ч бас санал нийлэх байх.
Цагаан сар дөхөж байгаа энэ үед залилагсад өвгөд хөгшдийг хараандаа авчээ. Албан байгууллага, хороо хорины нэр барьсан хэсэг хүмүүс хөгшдийг одон медалиар шагнах гэж байна хэмээн айлд очно. Хөгшид л болсон хойно хөл алдан тэвдэж, төрдөө сүслэн дээл хувцсаа өмсөх гэж тэвдэх үед өнөөх “төрийн элч” нар хамаг өнгөтэй өөдтэйг нь хуу хамаад арилж оддог аж.
Хөөрхий хөгшид төрийн буян ч үгүй цагаан сарын босгон дээр хамаг байдгаа хуу хамуулаад доголон нулимстай үлдсэн тохиолдол ийнхүү гарчээ.
Мөн тусламжийн байгууллагаас явж байна, идээ ууц өгнө гээд гэрэл зургийг нь гар утсаараа дардаг гэнэ. Энэ үеэрээ манайх ядруу иргэдэд туслах учиртай тул та зурган дээр тийм гарах ёстой гээд ээмэг бөгжийг нь тайлж аваад зугтжээ. Мэдээж хүн бүл цөөтэй, араас нь хөөцөлдөх тэнхэлгүй хөгшдийг онилж энэ бузар хэргээ үйлдэх нь ойлгомжтой.
Хөгшдөөс гадна аливаа юмны наана цаадхыг гадарлах иргэд ч олноор залилуулсаар байна. Саяхан төрийн албанд найдвартай ажилд зуучлана гээд Монгол Улсын Ерөнхий прокурорын нэр барьж 5000 доллар залилсан хэрэг гарсан. Үнэнийг хэлэхэд төрийн албан хаагч болчихвол их ашигтай, үүний төлөө хахуулийг нь төлөөд ч болтугай орчих хэрэгтэй гэсэн ойлголттой хүмүүс л ийм залиланд автаж байгаа юм.
Тамхины тусгай зөвшөөрөл олгоно гээд мөнгө авч залилдаг гэх. Бүхэл бүтэн хууль байсаар атал хуулиас дээгүүр яаж сэтгэж хайран мөнгөө залилагчид өгч байна вэ.
За тэгээд төрийн цагдаа, татварын байцаагч нарын нэрийг барьж залилах энүүхэнд. Байнгын үзэгдэл болсон зүйл гэх үү дээ. Наадмаар цэнгэлдэхийг тойрсон мэргэжлийн хяналтын байцаагч нарын овоо хэд нь залилагчид явдгийг хохирсон худалдаа үйлчилгээ эрхлэгчид сайн санаж байгаа.
Энэ бол бага гарын залилагчид. Их мөнгө, томоохон ажлын дундуур хар гараа шургуулж залилагсад, төр засгийн хэмжээнд хууран мэхлэж ашиг хонжоо ологсод монголоор дүүрсэн цаг.
Монголчууд бид нэгнээ залилсаар, залилуулсаар. Цоож цуургагүй, эсгий хаалгатай, эзгүй айлд орсон хүн цайг нь бүлээсгэж уугаад галд нь түлээ нэмээд гардаг монгол чанар, сайхан уламжлал хэдийнэ домог мэт болж дээ.
Н.Умард
СЭТГЭГДЭЛ БИЧИХ