Ял сонсох хурандаа нарын тоо нэмэгдэх вий дээ

Төрийн өмнө тангараг өргөж, нэгэнтээ Монгол Улсынхаа аюулгүй байдлын төлөө зүтгэж байсан хурандаа нар аавын хаалга татаж эхэллээ.

2008 оны долдугаар сарын 1-нд үүссэн эмх замбараагүй байдлыг зогсоохоор ажиллаж байсан цагдаагийн хурандаа О.Зоригт, Ш.Батсүх нар албан ажилдаа хайнга хандсан үндэслэлээр шүүхээс 2.6 жилийн хорих ялаар шийтгүүлж байв. Өдгөө ялаа ШШГЕГ-ын харьяа хорих 421 дүгээр ангид эдэлж буй.

Аавын хаалга татсан хурандаа нарын анхдагч нь тэд болов.

Тэгвэл УЕП-ын дэргэдэх мөрдөн байцаах албанаас ЦЕГ-ын Санхүү ар талын газрын дарга асан, хурандаа Л.Энх-Амгаланг шалгаж, Нийслэлийн прокурорын газарт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүллээ. .

Хурандаа Ч.Энх-Амгалан нь ЦЕГ-ын Санхүү ар талын газрыг даргалж байхдаа цагдаагийн байгууллагатай гэрээтэй ажилладаг компаниудаас орж ирсэн хөрөнгийг /тухайлбал, харуул хамгаалалт, журмын хашаа гэх мэт/ “Гэрээт албаны” гэх төсвөөс гадуурх дансанд төвлөрүүлж байсан аж. Угтаа энэ мөнгө төсөвт төвлөрөх ёстой. Түүнчлэн цагдаагийн алба хаагчдын ахуй хангамж, хоол хүнсний чиглэлээр хамтран ажилладаг компаниудтай гэрээ байгуулж, хөрөнгө төвлөрүүлээд, энэ гэрээгээ дахин ашиглаж, Төрийн сангаас хөрөнгө гаргуулж байсан ноцтой үйлдэл нь тогтоогдсон юм. Энэхүү хөрөнгөө мөн л төсвөөс гадуурх Гэрээт албаны гэх дансаараа дамжуулан, зарцуулдаг байжээ. Тиймээс Ч.Энх-Амгаланд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 273.2-т зааснаар төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан, 271.1-т зааснаар албан тушаалтан хуурамч бичиг баримт үйлдсэн, 264.1-т зааснаар төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлсэн, давтан үйлдэл гаргаж, их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр буруутган шүүхээр болоод байгаа юм. Хэрвээ түүний гэм буруутай тогтоогдвол тав хүртэлх хорих ялаар шийтгүүлэх хуулийн заалттай юм байна.

Төрийн өмнө тангараг өргөсөн цагдаагийн хурандаа, удирдлагууд хүртэл башир аргаар мөнгө идэж уугаад байхаар авлига, хулгайчдыг хэн цээрлүүлж, тэдэнтэй хэн тэмцэх билээ.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ