Дарга цэрэггүй мөнгө нэхэх эрх бий юуюу

Өчигдөр нэг сувгаар энэ нэгдүгээр сарын 23-наас эхлэн нийтийн тээврийн тасалбарын үнэ 500 болон нэмэгдэх тухай ярьж байна. Шалтгаан нь нөгөө л улиг болсон ойрдоо л үнээ нэмээгүй удтал гүрийсэн, энэ хооронд бензин тосны үнэ тэнгэрт хадсан ажилчдын цалин мөнгө бага байгаа тухай ярьж байна.
Явах замыг нь хүртэл чөлөөлж эгнээ олгоод зогсохгүй хувийн хэвшлийнхнийг шахаж, төрөөс өгөх хангамжийг нь хангалттай нэмэгдүүлээд байхад энэ том оврын авбусны үйлчилгээ эрхлэгчид арай хэтэрхий даварч байна гэсэн бодол төрөв. Бүтэн долоо хоног шахуу ажил хаяж, цалин мөнгөө нэмүүлэх гэсэн “Автобус-1” ОНӨҮГ-ын ажилчдын ажил хаялт түр зогссоны учир ч үүнтэй холбоотой бололтой.
Наанаа ажилчид нь ажил хаяж цалин мөнгөө голж, удирдагуудтайгаа цалингийнхаа хэмжээн дээр мэтгэлцэж байхыг хараад толгой сэгсэрч суусан монголчуудыг молигодож орхиод цаагуураа тасалбарынхаа үнийг нэмж суусан нөхдүүд байх нь.
Маш оновчтой хэрэгжүүлсэн бодлого бололтой. Хэн хаанаас яаж төлөвлөөд буйг мэдэхгүй ч автобусын тасалбарын үнэ 500 болоход хэний халаас түнтийхийг нэг юм ойлгоод байгаа учир битүүхэндээ таамаглана.
Тэгэхээр ажилчдаа элдвээр дарамталж ажил хаятал нь асуудлыг дэвэргээд үүн дээр нь дөрөөлөн үнээ нэмсэн холын бодол байгаа биз.
Ажил хаясан жолооч, кондукторуудын шаардлагад ч ард түмэн үнэндээ сэтгэл дундуур байгааг хэвлэлүүд мэдээлж байгаа. Татвараа хасаад гар дээрээ 800 мянга, 1 сая авахыг тэд хүсдэг юм байж. Үүнээс ч бага цалинтай, хэцүү ажилтай хүмүүс байхгүй гэж үү. Мөн энэ тоондоо нийцсэн үйлчилгээг ард түмэнд үзүүлж чадаж байгаа юу гэдгийг тэднээс асуухсан.
Цаагуураа төрөөс мөнгийг нь шилжүүлдэг гэдгийг мэдсээр хэрнээ хөөрхий хэдэн оюутан, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг үнэгүй явдаг гэж хялайн үзэхийг яана. Ядарсан нэгнийг харааж зүхэх, зорчигчдоо мал шиг чихэх автобусанд татвар төлөгч бид 500 төгрөг төлж үйлчлүүлнэ, хариуд нь жолооч кондукторууд нь сая төгрөгийн цалин авна, дарга нар нь бондойно.
Согтуугаар жолоо барина, шартаж жолоо барина, хувийн харилцаагаа хотын замд хоорондоо уралдаж харуулна, осол гаргана, хүний амийг хохирооно.
Үйлчилгээнийхээ чанарт анхаарлаа хандуулахын оронд ажилчид нь ч эзэд нь ч биднээс мөнгө нэхэх эрхтэй гэж үү.
Н.Умард
СЭТГЭГДЭЛ БИЧИХ