"200 сая"-ын С.Тунгалагийн "заль"

"200 сая"-ын гэх тодотголтой Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга асан С.Тунгалагийн хэргийг дөрвөн он дамнан шалгаж байна.
С.Тунгалаг нь Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн даргаар ажиллаж байхдаа огт байхгүй хүний нэр дээр ор хоногийн зардал, эмчилгээ, эм гэх зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан хэрэгт буруутгагдан шалгагдаж байгаа. Мөрдөн байцаалтын явцад түүний өвчтөний түүх хуурамчаар үйлдэж, эрүүл мэндийн даатгалын сангаас 200 сая 700 мянган төгрөг завшсан нь тогтоогдсон юм. Тиймээс С.Тунгалагт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байдаг.
Гэвч удтал шалгасны эцэст өнгөрсөн оны есдүгээр сард гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн хэрэгсэхгүй болгосон. Харин улсын яллагч шүүхийн уг шийдвэрийг эсэргүүцэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар түүний хэргийг дахин шалгаж, шүүхээр болоод байгаа юм.
Анх шалгагдаж эхэлсэн цагаасаа “Би гэм буруугүй” хэмээн удаа мэдэгдэж байсан нь түүнийг уснаас хуурай авч гарсан гэдэг. Хэдийгээр энэ арга нь амжилттай болж, түүний хэргийг хэрэгсэхгүй болгосон ч улсын яллагчийн эсэргүүцэлтэй тулгарсанаар дахин шүүхийн өмнө дуудагдав.
Тэгвэл мөрдөн байцаалтын явцад гэнэт “Би өвчтөний хуурамч түүх бүрдүүлж, мөнгө завшсан” гэж хэргээ хүлээсэн түүнийг ямар арга сэдэж, хэргээ замхруулах гээд байна хэмээх хардлага олон нийтийн дунд төрж байв.
Харин С.Тунгалагийн энэ удаагийн арга хэргийн зүйлчлэлээ өөрчлүүлэх байжээ. Тодруулбал, түүнд хуулийнхан анх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж байв. Тус зүйл ангиар буруутган шүүвэл С.Тунгалаг 5-10 жилийн хорих ялаар шийтгүүлнэ.
Гэтэл түүнд үүсгээд байсан 150.3 зүйл ангийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233.2 болгон өөрчлүүлсэн байна. Ингэснээр С.Тунгалагийн гэм буруутай тогтоогдвол гурван сараас тав хүртэлх жилийн хорих ялаар шийтгүүлэх хуулийн заалттай аж.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ