“Ноён доллар”-ын солиорлыг хэн удирдаад байна

“Ам.долларын ханшийг зохиомлоор өсгөсөн хэргийн эздийг олчихсон. Тэдний нэрийг удахгүй зарлана, хүлээж бай” хэмээн Ерөнхий сайд маань аль өнгөрсөн есдүгээр сард мэдэгдсэн. Түүний хойш энэ асуултыг олон ч удаа Ерөнхий сайдаас асуусан даа. Тэрбээр тэр бүрд “цаг нь болоогүй” гэсэн тайлбарыг өгдөг. Сүүлдээ ч бараг асуухаас залхаж байна. Нөгөө л тайлбараа өгөх нь тодорхой. Өнөөдрийг хүртэл нөгөө “ноён доллар”-ын ханш буурах бус өсөх хандлагатай байна. Гэтэл хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур болсон эрхмүүдийн нэрс Ерөнхий сайдын халаасанд хав дараастай. Эцэс сүүлдээ худал болоод явчихлаа гэсэн битүүхэн хардлага төрсөн.

Гэтэл энэхүү хардлага буруу байж. “Ноён доллар”-ын солиорлыг хэн нэгэн буюу хэсэг бүлэг хүмүүс удирдаад байгаа нь үнэн бололтой. Учир нь өнгөрсөн арванхоёрдугаар сард Эдийн засаг хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарыг огцруулах асуудлыг сөрөг хүчин болох МАН-ын зүгээс тавьсан. Асуудал бараг арван хоног яригдаж, үргэлжилсэн. Гэтэл энэ хугацаанд нөгөө “ноён доллар”-ын солиорол багасч эхэлсэн. Энэ бол тун хачирхалтай. Сар хүрэхгүй хугацааны өмнө 1746 байсан ам.долларын ханш хоёр сайдыг огцруулах асуудал яригдах үеэр 1617 болтлоо буурсан юм. Энэ бол нөгөө “ногоон”-ыг удирдаад байгаа хүмүүс хэн бэ гэдгийг илчлээд байгаа юм биш үү.

Сар хүрэхгүйн хугацаанд хэмжээ хязгаар нь мэдэгдэхгүй байсан ам.долларын ханш гэнэт 100 гаруй төгрөгөөр нь буурсан нь сонин үзэгдэл юм. Гэтэл энэхүү ам.долларын ханш буурах үзэгдэл зүгээр л шоу байсан гэдгийг одоогийн ханшийн өсөлт харуулж байна. 1617 байсан ам.долларын ханш буцаад 1726-д хүрээд байна. Учир нь хоёр сайдыг огцруулах боломжгүй гэж үзсэн. Ийнхүү хэдхэн хүний “ногоон”-ны зах зээлийг удирдаж, шоу хийж байхад үүнээс үүдэн амьдрал нь хүндхэн байдалд байгаа хэн нэгэн байгаа гэдгийг санах хэрэгтэй байна.

Угтаа бол эдийн засгийн онолоор бол нийлүүлэлт нэмэгдвэл бүтээгдэхүүний үнэ буурдаг. Үүний адилаар ам.долларын ханш сүүлийн өдрүүдэд буурах ёстой байсан. Учир нь Монгол Улсын Хөгжлийн банкны дансанд Японы “Самурай” бондын тал хэсэг болох 30 тэрбум иен. Энэ нь өнөөгийн ханшаар бол 285 сая ам.доллар юм. Ийнхүү монголын эдийн засгийн зах зээлд ийм их хэмжээний мөнгө нэмэгдээд орж ирээд байхад ам.долларын ханш буурах бус өсөөд байгаа нь хачирхалтай. Энэ нь манай улсын зах зээлийг эдийн засгийн онол бус хэдхэн хүний гарт төвлөрч, тэдний гарын аясаар хөдөлж байгаагийн тод жишээ юм.

Энэ байдалд цэг тавьж Ерөнхий сайд Н.Алтанхуяг халаасанд байгаа эрхмүүдийн нэрийг олон түмэнд дуулгаж, ард иргэдийнхээ амьдралыг авраач гэж хэлмээр байна.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ