40 хэмийн халуунд ноосон цамцтай даараад байна гэхэд нь гайхсан

Судан улсад энхийг сахиулаад ирсэн энхийг сахиулагч Ү.Нямтөмөртэй ярилцлаа.

-Энхийг сахиулах ажиллагаанд явах болсон тэр үеээ дурсаач?

-2013 оны нэгдүгээр сард Энхийг сахиулах ажиллагаанд явах шалгуурт оролцоод, биеийн тамирын шалгалтад орж тэнцсэнээр Тавантолгойн сургалтын баазад ажиллагааны өмнөх 45 хоногийн бэлтгэлд гараад, ажиллагаанд явахдаа тэнд хийж гүйцэтгэх үйл ажиллагаа, өөрийнхөө биеийг хэрхэн бэлтгэх зэрэг сургалтад хамрагдаж, цаг агаарын хүндрүүлсэн нөхцөлд бэлтгэл хийсэн. Тэгээд 2013 оны гуравдугаар сард Өмнөд Судан улсыг зорьсон.

-Анх суданд очиход ямар санагдсан бэ?

-Анх Суданд очиход маш халуун байсан. Монголоос 20-30 хэмийн хүйтэнд явсан. Гэтэл тэнд онгоцноос буухад 30-40 хэмийн халуун биднийг угтсан. Эхэндээ дасч өгөхгүй байсан ч хоёр гурав хоноод л нөхцөл байдалдаа дасан зохицсон л доо. Ер нь монгол цэргүүдийн байгаль цаг агаартайгаа дасан зохицох чадвар маш сайн. Африкт халууны улирал, борооны улирал гэж хоёрхон улирал байдаг юм билээ. Халууны улиралд хамгийн дээд тал нь 50 хэм хүрч халж байсан.

-Халуун оронд очих бэлтгэлтэй явдаг биз дээ?

-Бэлтгэлтэй явна л даа. Тэнд өмсөж хэрэглэх хувцас, ахуйн хангалтаа эндээс аваад явчихдаг болохоор санаа зовох зүйл байхгүй. Манай цэргийн багийн удирдлагууд тэндэх бүх зүйлийг маш сайн зохион байгуулж, үүрэг гүйцэтгэх нөхцөл боломжийг нь маш сайн бүрдүүлж өгсөн. Энэ олон хүний бүрэлдэхүүнтэйгээр есөн сарын хугацаанд үүрэг гүйцэтгэсэндээ маш их баяртай байгаа. Нийт есөн сарын хугацаанд үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаандаа батальоны удирдлага ажиллагааны газарт юу хийх вэ, нутгийн ард иргэдэд ямар хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх вэ, цэргийг албан хаагчдынхаа дунд ямар тэмцээн уралдаан явуулах вэ зэрэгт хэрэгцээтэй бүх зүйлээ эндээс бэлдэж явдаг. Тэнд тэмцээн уралдаан нэлээд болдог байсан. Өөр улс орноос ирсэн энхийг сахиулагч цэргүүдтэй олон төрлийн тэмцээн уралдаанаар өрсөлдсөн.

-Бусад улсын батальонуудаас манайх юугаараа ялгарч байв?

-Нийт есөн сарын хугацаанд үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаандаа батальоны удирдлага ажиллагааны газарт юу хийх вэ, нутгийн ард иргэдэд ямар хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх вэ, цэргийг албан хаагчдынхаа дунд ямар тэмцээн уралдаан явуулах вэ зэрэгт хэрэгцээтэй бүх зүйлээ эндээс бэлдэж явдаг. Тэнд тэмцээн уралдаан нэлээд болдог байсан. Өөр улс орноос ирсэн энхийг сахиулагч цэргүүдтэй олон төрлийн тэмцээн уралдаанаар өрсөлдсөн. Манай баг бүрэлдэхүүнд маш олон чадвартай аавын хүүхдүүд сорил шалгуурт тэнцэж, ажиллагааны өмнөх бэлтгэлийг даван туулсан залуучууд байсан. Тэр ч утгаараа үүрэг гүйцэтгэлээрээ Өмнөд суданд үүрэг гүйцэтгэж байсан бусад орны батальоноос тэргүүлж, шилдэг батальон болсон. Үүргээ ч амжилттай гүйцэтгэж ирсэн.

-Энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцоход цэргүүдэд яг ямар шалгуур тавьдаг юм бэ?

-Эрүүл мэнд, бие бялдар, сэтгэл санаа, ар гэрийн байдал, хамгийн гол нь цэрэг хүний биеийн хүч, эрүүл чийрэг байдлыг гол шалгуураа болгодог. Суданд ч бай, бусад улс оронд ч бай цэргийн Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг хүн болгон оролцох хүсэл сонирхолтой байдаг. Ажиллагаанд явна гэдэг цэргийн хүн болсны нэг бахархал. Тэр ч утгаараа энхийг сахиулах үйл ажиллагаанд дэлхийн олон улс орны энхийг сахиулагчид олноороо хамрагддаг. Манай улсаас үүрэг гүйцэтгээд өдгөө арав гаран жил болчихжээ.

-Энхийг сахиулагчид хаа нэгтээ энхийг сахиулахаар явахыг манайхан зарим нь дайнд явж байгаа мэтээр ойлгоод байх шиг байдаг?

-Манайхан их буруугуур ойлгодог. Энхийг сахиулах ажиллагаа гэдэг бол миний явж, харж, гүйцэтгэж ирснээр бол тухайн орны ард иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах, тэр хүмүүсийг нийгэмшүүлэх, төлөвшүүлэх, соён гэгээрүүлэх зорилготой байдаг. Түүнээс тэнд буу зэвсэг барин дайн тулаанд оролцдог юм биш. Ямар ч тийм зүйл байхгүй. НҮБ гэдэг чинь дэлхийн энх тайвны байгууллага. Энх тайвны байгууллага хэзээ ч тийм үйл ажиллагаанд оролцохгүй шүү дээ.

-Манайхаас өөр ямар улс орны энхийг сахиулагчид тэнд байсан бэ?

-Энэтхэг, Кени гэх мэт ер нь Африкийн улс орнуудын энхийг сахиулагчид байсан даа.Тавдугаар сарын 29-нд болдог НҮБ-ийн энхийг сахиулагчдын баяраар болсон олон улсын энхийг сахиулагчдын хооронд болсон тэмцээнд манай батальоны бие бүрэлдэхүүн сагс, болейбол, олс таталт, хөл бөмбөг, биллиард гэх мэт бүх төрлийн тэмцээн уралдаанд нь амжилттай оролцсон. Миний хувьд биллиард, олс таталтын тэмцээнд оролцож тэргүүн байр эзэлж байлаа.

-Үүрэг гүйцэтгэх хугацаанд та нарт үлдсэн хамгийн сайхан дурсамж юу байв?

- Үндэснийхээ их баяр наадмыг ажиллагааны газартаа тэмдэглэнэ гэдэг хамгийн сайхан байсан. Манайх эндээс явахдаа мнгол бөхийн хувцас, нум сум зэргээ бэлдэж авч явсан. Тэгээд тэнд очоод наадмаар бөх барилдаж, нум сум харваж, Монгол Улсынхаа төрийн их баяр наадмыг тэмдэглэсэндээ хамгийн их баяртай байсан. Бусад улсуудын энхийг сахиулагчид манай эрийн гурван наадмын үззэд их сонирхож байсан шүү. Мөн монгол цэргүүдийн үүрэг гүйцэтгэлийг маш их биширч, хүндэлдэг, ажиллагаанд дасан зохицох чадвартай гэж магтдаг байлаа.

- Гайхшруулсан ямар нэг сонин содон зүйлтэй тааралдав уу?

-Гадаа 30-40 хэмийн халуун байхад манай цэргүү халууцаад, кет подволктойгоо байхад бусад Африкийн улсуулын цэргийг албан хаагчид, тухайлбал Кени улсын цэргүүд даараад байна гээд л ноосон цамцтай явж байдаг. Өөрийнх нь улсад тэрнээс илүү халуун болохоор 30-40 хэмд даардаг юм шиг байна билээ. Тэр л ёстой гайхмаар зүйл байсан шүү.

-Хүндрэлтэй зүйл байсан уу?

-Үүрэг гүйцэтгэхэд хүндрэлтэй зүйл гэж байгаагүй. Харин цаг агаарын хувьд анх халууны улиралд очсон болоод ч тэрүү шороо ихтэй, ийш тийшээ явангуут шороо ихтэй болохоор шороон царайтай болчихно. Борооны улиралд нь бороо их ордог болохоор усны гуталтай, алхаад явж байхад шаварт нь усны гутал сугарч үлдчих гээд хөгжилтэй ч юм шиг зүйлүүд тохиолддог байсан.

-Тэнд байрлах газар, хоол унд ямар байдаг юм бэ?

-НҮБ-аас байраар хангадаг болохоор харьцангуй тохилог. Хоол ундны тал дээр эндээс монгол тогооч нартайгаа явдаг болохоор адилхан л монгол хоолоо иднэ.

-Өглөө оройдоо хэдэн цагт босох уу?

-Өглөөдөө тогтмол босох цагтай. Тэр цагтаа яг босно. Гүйлт гимнастикаа хийгээд, цайгаа ууна, тэгээд бэлтгэлдээ гарна даа.

-Цалингийн хувьд хэдэн төгрөг авсан бэ?

-Энд ирсэн хойноо ажиллагааны мөнгө гэж авсан. Тухайн үеийн долларын ханшаасаа шалтгаалаад янз бүр. Овоо хэдэн төгрөг авна аа. Бас өөрсдийнх нь үндсэн цалин энд давхар бодогдож байдаг.

-Ар гэрийнхэнтэйгээ хэр их холбоотой байдаг юм бэ?

-Сард нэгээс хоёр удаа нэгдсэн журмаар интернетэд оруулж, ар гэртэй нь холбоо бариулдаг. Ажиллагааны газар утас ашиглах цэрэг байхгүй.

-Суданы нийгмийн байдал, амьжиргааны түвшин, ард иргэдийн амьдрал ахуйг дүрслээч?

-Судан улс тусгаар тогтнолоо зарлаад удаагүй байгаа улс орон. Тийм болохоор амьжиргааны түвшин мэдээж доогуур, ард иргэдийн амьдрал нь ч хүндхэн юм билээ.Тэгээд хүмүүс нь манай монголын цэргүүдэд их сайн. Найрсаг ард түмэнтэй юм билээ. Өмнөд судан улсын өөрийнх нь цэргийн хөл бөмбөгийн шигшээ багтай нь манай монголын цэргийн бүрэлдэхүүний баг тамирчид хөл бөмбөг тоглосон юм л даа. Бид эндээс явахдаа бүгд биеийн тамирын шалгуураар тэнцсэн, гүйж хариахдаа сайн хүмүүс байсан хэрнээ Суданы тэр цэргүүдийн хажууд гүйлтээрээ хаана нь ч хүрэхгүй юм билээ. Бид уг нь хамаг сайнаараа гүйгээд байхад тэндэхийн цэргүүд нь их өндөр, туранхай, хурд сайтай хүмүүс болохоороо хажуугаар юу ч болоогүй юи шиг гараад гүйчихдэг. Их хурдтай хүмүүс. Хүүхдүүд нь бас монгол цэргүүдэд их сайн. Бүр багаас нь англи хэл заадаг юм билээ. Хажуугаар нь өнгөрөхөөр Mongolia гээд л шулганалдана шүү дээ. Нэг үеэ бодоход ард иргэд нь нийгэмшээд, хөгжих гэж байгаа орон.

-Тэнд энхийг сахиулж байгаа цэргүүдийн хувцас улс орноороо ялгарах уу?

-Монгол цэргүүд монгол хувцасаа, бусад улс орных ч гэсэн өөрсдийн хувцасаа өмсөнө. Биднийг нэг дээвэр дор нэгдсэнийг илэрхийлдэг зүйл нь НҮБ-ын малгай , ханцуйвч буюу таних тэмдэг, НҮБ-ын цэрэг гэдгийг илтгэдэг цэнхэр дуулга.

-Англи хэлний мэдлэгийг нь шалгаж авч явах уу?

-Тэгнэ. Тавантолгойд сургалтын баазад бэлтгэл хийж байх явцад очоод хэрэглэх англи хэлний анхан шатны хичээл заадаг.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ