Төрийн цагдаа хүний аминд хүрсэн үү

Төрийн цагдаа хүн эгэл жирийн нэгэн иргэний амь насанд хүрсэн байж болзошгүй онц ноцтой гэмт хэрэг уржигдар орой гарчээ. Энэ хэргийн хохирогч болсон талийгаач М-ийн ээжийнх нь төрсөн дүү Сараатай ярилцлаа.

-Осол яг хэзээ гарсан юм бэ?

-Осол өчигдөр орой /уржигдар орой/-ны 10 цаг 30 минутын орчим гарсан. Талийгаач Сэлэнгэ аймгийн төвөөс Алтанбулаг орохзамд маш аймшигтайгаар машинд дайруулж амиа алдсан. Энэ бол маш ноцтой осол. Ар гэрийнхэнд нь үнэхээр хэцүү байна. Бид маш их харамсч байна. Хайран сайхан залуу.

-Талийгаач хэдэн настай вэ. Гэр бүлтэй юу. Яаж яваад осолд орчихов оо?

-Талийгаач М 26 настай. 1988 оных. Эхнэр гурван хүүхэдтэй. Том хүүхэд нь таван настай сургуульд ороогүй, хамгийн бага нь хэдхэн сартай, ой хүрээгүй. Өнчин хоцорсон нялх амьтдыг бодохоор өөрийн эрхгүй сэтгэл сэмэрч байна. Талийгаач Сэлэнгээс Алтанбулаг орох замаар явган явж байсан. Алтанбулаг ороход ойролцоогоор хоёр л километрийн зайтай газар явж байсан гэсэн үг. Урдаас нь буюу Алтанбулагаас ар гэрийнхэн нь тосоод машинтай ирж байсан. Гэвч ар гэрийнхэн нь ирэхэд цагдаагийнхан хэрэг гарсан гээд ойртуулахгүй, зам хаасан байдалтай байж. Тэгэхээр нь манай хүн энд үлдсэн гэж хэлээд очоод хартал бакалнаас өөр юм үлдээгүй байсан.

-Хэргийн газар очиход яг ямар байдал угтсан бэ. Энэ хэрэгт цагдааг сэжиглэж байгаа гэсэн. Энэ талаар тодорхой ярихгүй юу?

-Сэлэнгээс Алтанбулаг орох замд Нумт гэдэг газар байдаг. Тэр газрын цаах нь талийгаач дайруулчихсан байсан. Тэгээд цагдаагийнхан хэргийн газраас гэмт этгээдийг барихаар Алтанбулагийн зүг араас нь нэхсэн гэсэн. Гэтэл Алтанбулаг руу зугтсан байгаа юм. Тэгээд Алтанбулагт очсон байсныг нь цагдаа нар гүйцэж очоод барьж авчирсан байна лээ. Түүний унаж явсан машин нь Креста маркийн СЭА 7470 гэсэн улсын дугаартай машин байна лээ. Тэр машин нь Сэлэнгэ аймгийн Хайрхан сумын Цагдаагийн газрын Эдийн засгийн төлөөлөгч Н.Ууганжаргал гэдэг хүний машин гэнэ. Бидний зүгээс талийгаачийг зам дагаад явж байхад нь хурдтай машин дайрсан гэж бодож байгаа. Тэр цагдаа талийгаачийн амь насыг машинаараа дайрч хөнөөчихөөд өөрөө тусламж дуудахгүй зугтасныг Сэлэнгийн цагдаа нар эрэн сурвалжилж, баривчилчихаад байгаа юм. Н.Ууганжаргал согтуу байсныг хөндлөнгийн гэрчүүд ч хэлсэн. Түүнийг цагдаа нар эрүүлжүүлж, өнөөдөр урьдчилан хориход шилжүүлсэн байна. Хамгийн гол нь тэр цагдаа согтуугаар машин барьж хүн дайрчихаад тусламж үзүүлэлгүй зугтааж, машинаа машинтай мөргөлдсөн мэт болгосон байгаа юм. Өөрөөр хэлбэл, өөрөө хэрэг хийгээгүй зүгээр машинтай мөргөлдсөн болгох гэсэн оролдлого хийсэн нь их сэжигтэй. Магадгүй цагдаа хүн цагдаагаа өмөөрөөд хэргийн үнэн мөнийг тодруулахгүй байх вий гэхээс бид сэрэмжилж байна. Манай хуулийнхан чинь хэцүү шүү дээ.

-Осол гарсан талаар цагдаагийнханд хэн мэдээлэл өгсөн байж таарах вэ?

-“Зам дээр нэг хүний эзэнгүй цогцос байна аа” гэж нэг үл мэдэх хүн цагдаагийн газар руу утсаар мэдэгдсэн юм байна лээ. Тэгээд л цагдаагийнхан ирэхэд хүн машинд дайруулчихсан хэвтэж байсан гэсэн.

-Цагдаа дайрсан гэдгийг яаж баталж байгаа юм бэ?

-Н.Ууганжаргал гэгч цагдаагийн машины урд хэсэг нь хүний дүрсээр цөмөрч, шил нь хагарсан байсан. Хөндлөнгийн гэрчээс мэдээлэл аваад цагдаагийнхан машинаар нь хайгаад очиход урд талын гупер нь эвдэрчихсэн байдалтай байсан байгаа юм. Машиныг нь өнөө өглөө /өчигдөр/ Сэлэнгийн цагдаагийнхан чирч авчирсан гэсэн. Бид зургийг нь авсан байгаа. Машины урд шил нь хүний дүрсээр цөмөрсөн гэхээр хүчтэй мөргөсөн байгаа биз. Хойшоо шидэгдээд хойд шил нь хүртэл хагарсан байдалтай байгаа юм.

-Машины эзэн Н.Ууганжаргал өөрөө жолоо барьж явсан юм уу. Хамт хүмүүс явж байсан ч байж магад?

-Одоо тэрийг нь хэлж мэдэахгүй юм. Бидний бодож байгаагаар Н.Ууганжаргал өөрөө л жолоо барьж явсан байх. Согтуу болоод л хүн дайрсан байгаа биз. Урд шил нь хүний дүрсээр цөмрөөд урд талын гупер нь хүртэл эвдэрсэн. Яг л машинтай мөргөлдсөн юм шиг болсон байна. Цагдаа дайрсан гэдгийг батлах хэд хэдэн баримт байна. Нэгт, хүн дайрчихаад зугтаасан гэдгийг хөндлөнгийн гэрч харсан байна. Хоёрдугаарт, согтуу байсан нь батлагдаад эрүүлжүүлэгдсэн байна. Хамгийн гол нь бид цагдаа нар цагдаагаа өмөөрөөд золгүй осол гэж хэлчих вий гэхээс айж байна. Цагдаа өөрөө дайрч алчихаад хэргийн газраас зугтаасан нь маш ноцтой асуудал. Ингэж болж байна уу, үгүй юу. Маш ноцтой гэмт хэрэг. Цагдаа хүн байж, хүн дайрч алчихаад хэргийн газраас зугтана гэдэг байж боломгүй үйлдэл биз дээ.

-Хэрэгт хэн гэдэг байцаагч ажиллаж байгаа вэ?

-Өчигдөр орой /уржигдар орой/ гарсан хэргийг өнөөдөр /өчигдөр/ шалгаж эхэлж байна. УМБГ шалгаж байгаа юм уу, эсвэл Сэлэнгийн цагдаа нь өөрсдөө шалгаж байгаа юм уу бүү мэд. Ямар ч байсан бид талийгаачийн цогцсыг ч хаана байгааг мэдэхгүй байна. Юм үлдсэн юм уу үгүй юу мэдэхгүй байна. Бидэнд өрөөсөн бакалнаас нь өөр юм алга . Одоо задланд оруулна л гээд байна лээ.

-Та хэргийн талаар өөр юу хэлэх вэ?

-Хамгийн гол нь цагдаа дайрчихаад зугтсан байна. Би юу хэлэхийг хүсэж байна вэ гэхээр хэрэг үнэн мөнөөрөө л тогтоосой билээ. Талийгаач жаахан халамцуу байсан. Халамцуу байснаар нь далимдуулаад өөрөө гүйж орж ирсэн ч гэдэг юм уу худлаа хуйвалдах вий дээ гэж сэрэмжилж байна. Гэхдээ тэрийг нь шинжээчид нь тогтоох байлгүй дээ. Ямар ч байсан дайраад зугтсан. Урд гупер нь хугарсан урд шил нь хүний дүрсээр хагарсан. Тэгээд талийгаач хаашаа шидэгдсэн юм бүү мэд. Мөргөж алж хаячихаад хажуугаар орж ирсэн гэж тайлбарлахад хүрээд байгаа. Үнэхээр хажуугаас ороод ирсэн бол тэр гупер, урд шил мэл нь ийм болохгүй биз дээ. Тэгэхээр энд нэг л зүйл сэтгэлд хар төрүүлээд байна. Цагдаа цагдаатайгаа хуйвалдаж, тэр хүн өөрөө гүйж орсон гэж л тайлбарлах вий гэж хардаж байна.

Б.Танан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ