Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл өргөн барилаа
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ж.Батзандан, Г.Баярсайхан, Д.Ганхуяг, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг, Д.Арвин нарын гишүүд Хамтын тэтгэврийн даатгалын тухай хуулийн төслийг өчигдөр УИХ-ын дарга З.Энхболдолд өргөн барилаа.
Манай улсад төдийгүй бусад улс оронд олон жил хамт амьдарсан гэр бүлийн хоёр буурлын нэг нь хорвоогийн мөнх бусыг үзүүлэхэд үлдэж байгаа буурал нь цаг хугацааны хувьд удаан амьдарч чадахгүй байгаа нь статистик судалгаанаас харагддаг.Өөрөөр хэлбэл, хос баганы нэг нь үгүй болсноор өрхийн амьжиргааны түвшин буурах, ганцаардах, сэтгэл санааны уналтанд орох, хөгшрөлтийн процесс хурдан явагдах зэрэг сөрөг үр дагавар гардаг байна. Үүнээс сэргийлэхийн тулд хамтын тэтгэврийг бий болгох нь зүйтэй гэж хууль санаачлагчид үзжээ.
Уг хуулийн гол үзэл санаа нь олон жил хамт амьдарсан гэр бүлийн гишүүдийн нэг нь нас барсан тохиолдолд түүний тэтгэвэр тодорхой хувь хэмжээгээр үлдсэн гишүүндээөвлөгдөх явдал юм. Хуульд зааснаар тодорхой шалгуурыг давсан ахмадуудад хамтын тэтгэвэр авах эрх үүснэ. Амьдрал баян болохоор зарим иргэнд уг хууль үйлчлэхгүй байх тохиолдол гарна. Тухайлбал, хүнтэй суугаагүй боловч тэтгэвэр тогтоолгосон иргэн, насны хэт зөрөөтэй боловч хуульд заасан зарим шаардлагыг хангаж байгаа иргэн, улсад ажил, хөдөлмөр эрхлээгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй иргэнХамтын тэтгэврийн тухай хуульд хамрагдахгүй юм байна. Энэ хуулийг “Тэжээгчээ алдсаны тэтгэвэрийн тухай” хуультай адилтган ойлгож болохгүй гэдгийг хууль санаачлагчид анхааруулж байлаа.
2010 оны хүн амын тооллогын дүнгээс үзэхэд, Монгол Улсын нийт хүн амын 69.2 хувь /1905969 хүн/ 15-аас дээш насны хүн ам байна. Эдгээр хүмүүсийн 31.3 хувь нь огт гэр бүл болоогүй, 60.1 хувь нь гэр бүлтэй, 3.1 хувь нь салсан, 5.5 хувь нь бэлбэсэн хүн байна. Хуулийн төслийн шаардлагад нийцвэл зохих 10-аас дээш жил хамт амьдарсан, гэр бүлийн баталгаатай, дундаасаа үр хүүхэд төрүүлэн өсгөсөн гэр бүлийн тоог нарийвчлан гаргахад хүндрэлтэй байгаа ч хамтын тэтгэвэр авах бололцоотой иргэний тоог 76674 байхаар урьдчилан тооцоолсон байна. Хэрэв хууль батлагдах юм бол хуулийн шаардлагад нийцүүлэн, тогтвортой гэр бүлийн тоог Улсын бүртгэлийн Ерөнхий газрын бүртгэлийн газартай хамтран иргэний регистрийн дугаараар гаргуулан авах бололцоотой гэдгийг хууль санаачлагч гишүүд хэлж байна.
Энэ хууль үйлчилснээр цаашид тогтвортой гэр бүлийн тоо нэмэгдэх, гэр бүлийн гишүүдийн бие биеэ хайрлах, урт удаан хугацаанд хамт амьдрах, олон хүүхэд төрүүлж өсгөх, эрүүл мэнддээ анхаарах зэрэг олон чухал ач холбогдолтой болно. Хамтын тэтгэврийн тухай хууль бий болсноор тэтгэврийн хуримтлалын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхгүй гэдгийг тэд мөн хэлж байна.
Төрөөс тэтгэврийн тогтолцооны асуудлыг зөв тодорхойлох,нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлалыг бий болгох, шударга хуваарилалтын зарчмыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд тэтгэврийн зөрүүг арилгах, өөрөөс үл хамаарах шалтгааны улмаас нийгмийн даатгалын шимтгэл төлж чадаагүй иргэдийн асуудлыг нэг удаагийн арга хэмжээгээр зохицуулах зэрэг иргэд рүүгээ чиглэсэн олон нааштай арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа. Гэхдээ хамтын тэтгэвэр зэрэг төрөөс зайлшгүй зохицуулах шаардлагатай асуудлууд байсаар байна.
Ер нь улс орнууд тэтгэврийн тогтолцооны хуваарилалт, хуримтлалын харилцаа ямар байх талаар маргалдсаар ирсэн байна. Бүгдэд нь тохирох нэгдсэн жор байхгүй ч хүн амын хөгшрөл хурдацтай нэмэгдэж байгаа Европын болон Өмнөд Америкийн олон орнуудад тэтгэврийн шинэчлэлийн бодлогыг тууштай хэрэгжүүлжээ. Тухайлбал, Зүүн европ, Скандиновын орнууд, Польш, Казакастанд гурван түвшинт тэтгэврийн тогтолцоонд, Өмнөд Америкийн Чили, Аргентин, Перу, Колумби зэрэг улсад цэвэр хуримтлалын тогтолцоонд шилжих алхмуудыг амжилттай хэрэгжүүлж байна.
Б.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ