Газар өмчлөхдөө эзэмших гэрчилгээ авах шаардлагагүй

Нийслэлд энэ жилээс эхлэн гэр бүлийн зориулалтаар 52 байршилдшинээр газар өмчлүүлэх бөгөөд өнгөрсөн сард иргэдэд өмчлүүлэх дээрх газруудын байршил зүйн зураг гаргах ажил дуусч, одоо төлөвлөлтийн ажил хийгдэж байгаа юм байна.

Тиймээс газар өмчлөхийг хүссэн иргэдийн өргөдлийг онлайнаар хүлээн авдаг болгохоор ажиллаж байгаа гэнэ. Программыг нь боловсруулж байгаа бөгөөд иргэдийг бүртгэх ажил төлөвлөгөөний дагуу ирэх дөрөвдүгээр сарын нэгнээс хэрэгжижээр болжээ.

Энэ удаа газар өмчлөх эрх нь үүссэн буюу бүртгэлийн код ирсэн иргэд л газар өмчлөх материалаа бүрдүүлэх шаардлагатай юм байна. Тодруулбал Баянзүрх дүүргийн нэг байршилд нийт 5000 иргэнийг бүртгэсэн бол программын оноолтын системээр 3000 иргэнд л газар өмчлөх эрх үүснэ гэсэн үг. Эрх үүссэн иргэдийн утсанд код ирэх бөгөөд тэрхүү кодоо өөрийн харьяа дүүрэгт хүлээлгэж өгснөөр бүрдүүлэх материал нь тодорхой болох юм байна.

Өмнө нь эхлээд газар эзэмших гэрчилгээ авдаг байсан болшинээр өмчлүүлж байгаа 52 байршилд эзэмшлийн гэрчилгээ гаргуулах шаардлагагүй бөгөөд Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу шууд өмчлүүлнэ гэж заасан аж.

Анхааруулахад иргэдийн эзэмшихийг хүссэн газар тухайн жилийнхээ газрын төлөвлөгөөнд багтсан байх ёстой гэнэ. Хэрвээ багтсан бол газар эзэмших иргэний цахим үнэмлэхний хуулбар, эзэмшихийг хүссэн газрын тойм зураг, тухайн газрыг ямар зориулалтаар ашиглах гэж байгаа талаарх тайлбар шаардлагатай юм байна.

Өнөөдрийн байдлаар шинээр өмчлүүлэх 52 байршил хэчнээн хүнд өмчлүүлнэ гэсэн албан ёсны тоо гараагүй байгаа бөгөөдНийслэлийн Ерөнхий төлөвлөгөөнийхөн хүн амьдарч болохоор газрыг судалж үзээд нарийвчилсан тоог гаргахаар болжээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ