"Францад 1000 км тутамд 7.6 евро авдаг"


Авто зам ашигласаны төлбөр авдаг болно хэмээх шинэ ойлголт саяханаас манайд яригдаж, энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн байна. Дэлхийн улс орнуудад аль хэдийн хэрэгжээд, хатуу чанга зохицуулалтаар явагддаг энэ дүрэм журам манай улсад одооноос л хэрэгжиж эхлэх бололтой. Мэдээж зам дээр явж, хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар энэ төлбөр хураамийг өгөх нь зүйн хэрэг. Гол нь төвлөрсөн энэ хөрөнгийг буцаагаад замын засвар үйлчилгээ, эвдрэл гэмтэлд зарцуулж байгаа эсэхийг хянах тогтолцоо нь л чанга байх ёстой юм. Эсрэгээрээ Авто замын газрын санд байршуулна гэж байгаа энэ мөнгө зам засварын ажилд биш хэн нэгэн дарга, албан тушаалтны кармаагаар дамжаад уусан алга болвол ийм хууль дүрэм гаргаад, жолооч нараас татвар хураасны ашиг гарахгүй. Ямартаа ч энэ дүрэм журам хэдийнээс мөрдөгдөж, ямар зохицуулалтаар хэчнээн төгрөг хураах талаар албаны хүнээс тодруулсан юм.
Нийслэлийн авто замын газрын Шалган бүртгэх товчоо нэгжийн дарга Т.Сугир:
-Зам ашигласны төлбөр авах болсон талаар яригдаж байгаа. Энэ талаар иргэд төдийлөн ойлголтгүй байх шиг байна?
-НИТХ-ын энэ оны арваннэгдүгээр сарын 28-нд хуралдсан хурлаар шинэ журам баталсан. Тодруулбал, Нийслэлийн авто замаас авах хураамжийн асуудал буюу авто зам ашигласны төлбөрийг хэлэлцэж, баталсан. Мөн энэ дагуу энэ сарын 1-нээс орон нутгийн тээврийн хэрэгслийг Тээврийн товчоогоор орж ирэхэд нь моторны багтаамж, ачааны даацаас нь хамааруулж өөр, өөр татвар авахаар болсон.
-Тэгэхээр орон нутгийн тээврийн хэрэгслээс өмнө нь 500 төгрөгний татвар авдаг байсныг нэмсэн гэсэн үг үү?
-1000-5000 төгрөгний татвар авч байгаа. Тухайлбал, 3.5 тонн хүртэлх жинтэй машинаас 1000 төгрөг, "Зил 130" зэргээс2000 төгрөг авна. Харин Улаанбаатар, Багануур, Налайх, Багахангайн машинуудаас товчоогоор орж, гарахад нь татвар авахгүй.
-Тэгвэл авто зам ашигласны татварыг хэрхэн авч эхлэх вэ. Татварын төлбөрийн хэмжээг хэрхэн зохицуулсан бэ?
-Моторны багтаамжаас нь хамаарч 20-70 мянган төгрөгний татвар авна гэж заасан. Тухайлбал, моторны багтаамж 2000-3000 хооронд байвал 30000, тэрнээс дээш бол 40000-70000 болж байгаа. Тэгэхээр том оврийн, дөрвөн голтой ачааны машинаас хамгийн өндөртатварыг авна гэсэн үг.
-Яг хэзээнээс энэ татварыг авч эхлэх вэ?
-Улсын авто машины үзлэг эхлэхтэй зэрэгцэж авна. Жилд нэг л удаа татвар авч байх юм. Одоо бол зөвхөн орон нутгийн машинаас л товчоон дээр татвар хурааж байгаа.
-Тэгэхээр төлөвлөгөөний дагуу яг хэдэн сар хүртэл татвараа авч дуусгахаар тогтсон бэ?
-Наймдугаар сар хүртэл татвараа авч дуусгана гэж тооцоолсон.
-Ер нь манай улсын хэмжээнд хэчнээн авто машин байдаг вэ. Тэдгээрээс нийт хэчнээн төгрөг санд бүрдүүлэхээр төлөвлөв?
-Улаанбаатар хотын хэмжээнд 400 мянга орчим машин байдаг гэх тоо баримт бий. Үүнээс яг замын хөдөлгөөнд оролцож байгаа нь 300 орчим мянга байх. Энэ жил нийт 9.2 тэрбум төгрөгийн татвар авна гэж тооцоолсон.
-Энэ мөнгө улсын төсөвт орох уу?
-Зам байнга элэгдэлд орж, засвар үйлчилгээг шаардаж байдаг. Тиймээс Нийслэлийн авто замын санд тогтмол мөнгө байх ёстой. Энэ үүднээс авто зам ашигласны мөнгө Нийслэлийн авто замын санд орно.
-Жолооч нар энэ асуудалд хэр хандаж байгаа юм бол. Иргэдээс янз бүрийн судалгаа, санал авч үзсэн үү?
-Ойлгох хэрэгтэй шүү дээ. Энэ бол хууль. Нийслэлийн замын цагдаагийн газар, Нийслэлийн татварын газартай хамтарч ажиллах учир хүндрэл бэрхшээл гарахгүй байх гэж бодож байна.
-Ер нь бусад орны хувьд авто замын татварыг авдаг болов уу. Үүнийг хэрхэн зохицуулдаг вэ?
-Монголд хамгийн бага авдаг. Бусад оронд хамаагүй өндөр татвар авна. Жишээлбэл, Францад 1000 км явах болгонд л 7.6 евро авч байх жишээтэй. Зах зээл хөгжсөн оронд зам ашигласны татвар авах нь нийтлэг үзэгдэл. Монголд одоо л анххэрэгжих гэж байна.
Энэ шинэ дүрэм журам хэрэгжих гэж байгаа талаар жолооч нар ямар мэдээлэлтэй байгааг сонирхохоор хэд хэдэн жолоочтой уулзлаа. Зарим нь огт сонсож дуулаагүй гэж байхад зарим нь зурагтаар ярьж байхыг нь сонссон гэсэн юм. Мөн “Хэрвээ тийм хураамж авах гэж байгаа бол Улаанбаатар хотын замыг үнэхээр бүх чиглэлд нь ямар ч асуудалгүй янзлах хэрэгтэй байх. Тэгж байж бид сэтгэл ханамжтай төлбөр төлнө. Тэгээд хурааж авсан мөнгөө ямар зүйл зарцуулж байгаа нь олны нүдэнд ил, хийсэн ажил нь харагдаж л байвал жилд нэг удаа төлбөр төлөхөд болохгүй зүйл байхгүй. Ерөнхийдөө дэмжиж байгаа” гэсэн юм.
Б.Цовоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ