"30 сая төгрөгийн гурван саяыг авна гэж ойлгодог нь буруу"

ТЕГ-ын Татварын улсын байцаагч Д.Болор-Эрдэнэтэй татварын хөнгөлөлтөд хэрхэн хамрагдах талаар дэлгэрэнгүй ярилцсанаа хүргэе.
-Татварын ямар ямар хөнгөлөлтүүдээр материал бүрдүүлж эхэлсэн бэ?
-Татварын хөнгөлөлт чөлөөлөлт ярихаасаа өмнө энэ хөнгөлөлтийг ямар хүмүүс авах вэ гэдэг тадаар ярих нв зөв гэж бодож байна. Тухайн тайлант онд орлого олчихсон, орлогоосоо хувь хүний албан татвар төлчихсөн иргэд хуулийн дагуу хөнгөлөлт эдэлдэг. Орлого олоогүй, орлого олсон ч хувь хүний албан татвар төлөөгүй иргэд энэ чөлөөлөлтөд хамрагдахгүй.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16.1.12 буюу орон сууцны чөлөөлөлт, хуулийн 24.6 болон 7-д заасан хүүхдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдаж байгаа.
-Орон сууцны хөнгөлөлтөд хамрагдах иргэд энэ жил өсөх хандлагатай байгаа юу?
-Орон сууц авсан иргэдийн тоо нэмэгдээд 17 мянга гаруй иргэн зөвхөн найман хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдаад байгаа гэсэн мэдээлэл байгаа. Энэ жил тэгэхээр татварын хөнгөлөлтөд хамрагдах иргэдийн тоо өсөх байх. Хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдаж байгаа иргэдийн тоо жилээс жилд 10-аад мянга орчмоор нэмэгддэг. Энэ жил ипотекийн зээл гарсны дагуу орон сууцны чөлөөлөлт эдэлж байгаа иргэдийн тоо нэлээд нэмэгдсэн. Тэр хэмжээгээр үл хөдлөх хөрөнгөө энэ ондоо авч чадсан бол чөлөөлөлтөд хамрагдах иргэдийн тоо нэмэгдэнэ. Үүнд хамрагдахыг хүссэн иргэд өөрийн харьяаллын татварын албанд материалаа бүрдүүлээд тайлангийн хамт өгөх ёстой. Энэ хугацаа нь 2014 оны хоёрдугаар сарын 15-ныг дуустал. Татварын албад энэ сарын нэгнээс материалыг авч эхэлсэн байгаа.
-Ямар ямар материал бүрдүүлэх вэ?
-Орон сууцны зээлд анх удаа хамрагдаж байгаа иргэд 12 төрлийн материал, хүүхдийн сургалтын төлбөрт бол 7-10 материал гэх мэтчилэн өөр өөр. Энэ талын мэдээллийг татварын албаны www.mta.mn гэсэн сайтад байршуулсан.
-Орон сууцны зээлтэй, янз бүрийн нөхцөл байдалтай иргэд байгаа байх. Тэд энэ хөнгөлөлтөд хамрагдах боломжтой, боломжгүй гэсэн шалгуур үзүүлэлт байгаа болов уу?
-Хуулинд нэлээд сайн заагаад өгчихсөн. Хувь хүн өөрийн болон банк санхүүгийн газраас авсан зээлийн хөрөнгөөр хувьдаа орон сууц барьсан болон худалдан авсан тохиолдолд түүнд зарцуулсан хөрөнгөнөөс нь 30 хүртэлх сая төгрөгийн орлогыг нь чөлөөлж өгнө гээд заачихсан байгаа. Тэгэхээр энэ 30 хүртэлх сая төгрөгийн орлогыг чөлөөлөхдөө тухайн байрыг ямар эх үүсвэрээр авсан гэдгийг татварын албанд нотлох хэрэгтэй. Мөн дагалдах бичиг баримтаа бүрдүүлээд ирэхэд чөлөөлөлтөд хамрагдах боломжтой.
-Тухайн иргэн өмнө нь бэлэглэлийн гэрээгээр ч юм уу орон сууц авч байсан, тэгээд дахиад өөрөө орон сууц авч байгаа тохиолдолд татаварын хөнгөлөлтөд хамрагдах уу?
-Хувь хүний орлогын албан татварын хууль 2007 оноос нэгдүгээр сарын нэгний өдрөөс шинэчилсэн найруулгаараа хэрэгжиж эхэлсэн. 2007 оноос өмнө орон сууц аваад чөлөөлөлтөд хамрагдаж байсан иргэн 2007 оноос хойш анх удаа орон сууц авсан тохиолдолд хамрагдах боломж үүсч байгаа. 2007 оноос хойш орон сууц худалдаж аваад, үл хөдлөх хөрөнгий гэрчилгээ нь гарчихсан боловч өнөөдрийг хүртэл хамрагдаагүй явж байгаа иргэд энэ жилээс тайлангаа гаргаад ирж болно.
-Худалдаж авсан байр нь өөр дүүрэгт байдаг, өөрөө өөр газар оршин суудаг бол бичиг баримт бүрдүүлэхдээ байгаа газрынхаа хаягаар материалаа бүрдүүлж өгөх үү?
-Манай татвар төлөгчийн бүртгэлийн журам гэж бий. Түүнд тухайн иргэн өөрийн иргэний үнэмлэхний хаяг нь аль дүүрэгт байгаагаараа татвар төлөгчөөр бүртгэгддэг. Тиймээс харьяа татварын хэлтэстээ холбогдох материалаа бүрдүүлж өгөх хэрэгтэй.
-Татварын хөнгөлөлт чөлөөлөлт эдлүүлээд хичнээн төгрөг буцаан олгодог юм бэ, гурван жил хувааж олгодог гэсэн мэдээлэл байна?
-Ихэнх иргэд 30 сая төгрөгийн арван хувь буюу гурван сая төгрөгийг буцааж авна гээд ойлгочихдог. Гэтэл тухайн жилд татвар төлөгч зөвхөн үл хөдлөх хөрөнгө борлуулсан орлоготой, тэр орлогоор байр авсан тохиолдолд үл хөдлөх хөрөнгө борлуулалтын хоёр хувийн татвар авдаг. Ингээд 30 сая төгрөгний хоёр хувь болох 600 мянган төгрөгийг авснаараа дуусгавар болдог. Харин хөдөлмөр эрхлэлтийн орлоготойиргэд орлогоосоо шалтгаалаад хэдэн жил ч хамаагүй үргэлжлүүлэн эдлэх боломжтой.
-Хашаа байшин худалдаж авсан тохиолдолд хамрагдах боломжтой юу?
-Хувь хүний орлогын албан татварын хуулийн 16.1.12-т зааснаар хашаа байшин худалдаж авсан, амины орон сууц барьсан энэ бүх нөхцөл хамаарагдана. Амины орон сууц барьсан иргэдийн хувьд хөрөнгийн үнэлгээний аж ахуй нэгжээр үнэлүүлсэн байх шаардлагатай. Эсвэл тухайн сууцаа барихад хичнээн төгрөгийн зардал гарсан түүнийгээ анхан шатны баримтаар нотлогдож байгаа тохиолдолд жагсаалт үйлдээд татварын албандаа хандаж болно.
-Оюутны сургалтын тэтгэлэгийн тухайд хөнгөлөлт яаж эдлэх вэ?
-Энэ хоёр нөхцлөөр олгогдоно. Хувь хүний орлогын албан татварын хуулийн 24.6,7-д зааснаар. 24.6 нь татвар төлөгчийн төрсөн болон үрчилсэн хүүхэд гадаад дотоодыг их дээр сургууль болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцсан тохиолдолд баримтаар нотлогдож байгаа зардлынх нь хэмжээгээр хөнгөлөлт эдлүүлдэг. 24.7 нь суралцахын хажуугаар хөдөлмөр эрхлээд, хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо хувь хүний албан татвар төлчихсөн, улмаар сургалтын төлбөрөө төлсөн тохиолдолд 24.6 заалтын нэгэн адил хөнгөлөлт эдэлнэ.
-Өнгөрсөн жил татварын хөнгөлөлтөд хэчнээн хүн хамрагдсан бэ?
-Өнгөрсөн онд нийт 48 мянган иргэн хамрагдаж 23.5 тэрбум төгрөгний буцаан олголт авсан.
-Материалыг ирэх сарын 15-н хүртэл авах юм байна. Иргэдийн гар дээр мөнгө нь хэзээ ирэх вэ?
-Ирэх сарын 15-ныг хүртэл тайлан авсны дараа тухайн татварын албан дээрээ ажлын хорь хоногт багтаагаад нэгтгэл хийж, аймаг нийслэлийн татварын албанд хүргүүлдэг. Ингээд хянасаны эцэст төрийн сан руу мэдээллээ явуулаад ажлын 35 хоногийн дотор буцаан олголт хийх сангийн сайдын гаргасан журам байгаа. Энэ журмын дагуу ажиллана.
Б.Цовоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ