Ажилгүйчүүдийн эгнээнд 60 хүн шилжив


“Сүхбаатар тохижилт” ХХК-ний удирдлагууд өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж, 60 гаруй шар хантаазтан нь ажилгүй болсон талаар мэдээллээ.
Тодруулбал НИТХ-аас "Улаанбаатар нэгтгэл" ОНӨУҮГ-ыг байгуулан есөн дүүргийн гудамж талбайн цэвэрлэгээ үйлчилгээг хариуцуулжээ. Ингэснээр дээрх компанийн удирдлагууд орон сууцны хороолол дундах нийтийн эзэмшлийн гудамж талбайг цэвэрлэнэ гэж байтал энэ ажлыг Сүхбаатар дүүргийн ИТХ-аас "Сүхбаатар дэвшил" ОНӨУҮГ хариуцуулах журам баталсан байна. Улмаар дээрх компанитай гэрээгээ цуцалсан нь ийнхүү ажилгүй болоод буйн шалтгаан болжээ.
Эдгээр хүмүүс дүүрэгтээ хандахад "Улаанбаатар нэгтгэл" компанитай учраа ол гэжээ. Нэгтгэлийн даргатай очиж уулзахад сар гаруй гэрээ байгуулж ажиллаж болох юм гэсэн хариу өгсөн байна. Харин тэд хэлэхдээ "Бидэнд тогтвор суурьшилтай, найдвартай, ямар нэгэн дарамт шахалтгүй ажлын байр хэрэгтэй байна" гэсэн юм. “Сүхбаатар тохижилт” ХХК нь өдгөө 120 гаруй ажилчин албан хаагчидтай бөгөөд үүнээс 60 гаруй нь зам талбайн үйлчлэгч нар буюу шар хантаазтан бөгөөд гэр бүлээрээ ажилладаг болон өрх толгойлсон ээжүүд олон байдаг юм байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ