“Автобус 1”-ийнхэн тохиролцжээ

Өнгөрсөн долоо хоногт түр зогсолт хийсэн “Автобус-1” компанийн ажилчид удирдагууддаа таван шаардлага хүргүүлсэн. Тэгвэл өчигдөр шаардлагын хариугаа авч, хэлэлцээр нь үр дүнтэй болсон гэж тус компанийн үйлдвэрчний эвлэлээс хэллээ.
Тэд хэлэхдээ “Тавьж байгаа асуудлууд, тухайлбал цалингаас нь алдагдлаа төлүүлдэг байсан гэх мэт асуудлыг ерөнхийд нь шийдвэрлэхээр болсон.” гэсэн юм.
Мөн тус “Автобус 1” ОНӨҮГ-ын ажилчид удирдлагаа солихыг хүсч байсан. Учир нь хуулийн салбарт олон жил ажилласан хүн биднийг удирдаж чадахгүй, бас хэл амаар байнга доромжилдог тухай ярьж байсан. Тэгвэл тус компанийн дарга н.Одонтуяа “Удирдлагаа солъё гэж байгаа нь нэг хэсэг хүмүүсийн хийж байгаа ажил. Нийтлэг ажилчдын санаа биш гэж би ойлгож байгаа. Бас манай ажилчид намайг энэ ажлыг авснаас хойш юу хийсэн, амжуулсан гэх үр дүнг бүгдээрээ мэдэж байгаа” хэмээсэн юм.
Тэдний тавьсан шаардлагууд:
1. Хөдөлмөрийн норм үндэслэлгүй өндөр байгаагаас ажилчид аваар осол хийх, анхаарал болгоомж алдах аюултай байгаа учир хөдөлмөрийн нормыг үндэслэлтэй тогтоож бууруулах,
2. Цалин хөлсийг зөв бодох, хууль бус суутгал хийхгүй байх, түлш шатахуун ажилчдаар төлүүлэх байдлыг таслан зогсоох,
3. Тулгамдсан асуудлуудыг хамтын гэрээ хэлэлцээрээр өөрчлөлт оруулж шийдвэрлэх,
4. Компанийн бүх удирдлагуудад хариуцлага тооцож, мэргэжлийн багаар солих, захиргааны зарим орон тоог цомхотгох,
5. ҮЭ-ийн байгууллагатай хамтран үйл ажиллагааг дэмжиж ажилладаг болгох зэрэг асуудлуудыг шийдхийг хүссэн юм.
Б.Цовоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ