Цалин ба цагаан сар

Цалин, тэтгэврийг хэрхэн нэмэгдүүлэх асуудлыг хэзээ төрийн нууцад хамруулчихав аа. Өчигдөр хуралдсан Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн С.Ганбаатар цалин, тэтгэврийн талаарх Ерөнхий сайд Н.Алтанхуягт тавьсан асуулгын хариуг сонсох байсан.

Гэвч энэ асуудал нь Засгийн газрын хуралдаанаар хаалттайгаар хэлэлцсэн учир энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй гэсэн тайлбарыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өгсөн. Түүний тайлбарлаж байгаагаар өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдээд байгаа учир цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхийг нээлттэй зарлаж болохгүй, тиймээс ийнхүү нууц асуудалд хамруулсан гэв.

Угтаа бол цалин, тэтгэвэр нэмэх асуудал нийгэмд хамгийн их хүлээлттэй байдаг. Учир нь өдөр ирэх тусам өргөн хэрэглээний барааны үнэ нь тэнгэрт хадаж байгаа энэ цаг үед халаасан дахь хэдэн төгрөг нь хэрхэн нэмэгдэх бол хэмээн чих тавин нь суух нь аргагүй.

Гэтэл Засгийн газраас энэхүү асуудлыг хаалттай хэмээн учир битүүлэг хариу өгсөн нь иргэдэд хүндхэн цохилт болж байна.

Удахгүй монголчуудын өргөн тэмдэглэдэг уламжлалт баяр болох цагаан сар нь болох гээд байдаг. Монголчууд бид буурал жилээ үдэж, буянтай жилээ угтана.

Жил ирэх бүр л мөнгөний ханш унаж, өргөн хэрэглээний бараа бүтээгдхүүний үнэ нэмэгд­сээр. Ялангуяа жил бүр сар шинийн баярын өмнө мах, гурил тэргүүтнээс эхлээд өр­гөн хэрэглээний бараа бүтээг­дэхүүний үнэ нэмэгддэг нь бичигдээгүй хууль.

Ялангуяа энэ жилийн хувьд мах болон ууцны ханш тэнгэрт хадсан нь олон хүний санааг чилээж, хэтэвчийг нь хоослоход хүргээд байна.

Угтаа бол Шинэчлэлийн Засгийн газар үнэ тогтворжуулах хөтөлбөрийг Монголбанктай хамтран хэрэгжүүлсэн. Үнэ тогтвортой байлгахын тулд гурван их наяд төгрөгийг зарцуулаад байгаа.

Гэтэл өнөөдрийн байдлаар тэрхүү гурван их наяд төгрөгийн үр дүнд харагдахгүй байна. Цалин, тэтгэвэр нэмэх бус цагаан сарын сургаар өргөн хэрэглээний барааны хэдийнэ тэнгэрт хадаад байна. Үүнийг манай улстөрчид ойлгох ёстой.

Гэтэл цалин, тэтгэвэр нэмэх асуудал бол та бүхэнд хамаагүй. Бараг хэзээ, хэдэн хувиар нэмэхийг бид мэдэж байна хээв нэг дуугарч байна.

Ингэснээр иргэдийн хувьд төрдөө найдаад цалин, тэтгэврийн зээлээ аваад цагаан сараа хийх л үлдлээ. Харин хэзээ таны халаасан дахь мөнгө өсөхийн саарал ордонд 76 эрхэм л мэднэ.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ