Хулгайлсан 60 мянган ам.доллараар машин худалдаж аваад баригджээ

Өнгөрсөн оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Хүүхдийн 100-гийн орчимд байрлах нэгэн аж ахуйн нэгжийн захирал өрөөнөөсөө 60 мянган ам.доллар бүхий цүнхээ алдсан талаарх мэдээллээ Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст бүртгүүлжээ.
Цагдаагийн байгууллагын уйгагүй ажиллагааны үр дүнд өчигдөр буюу нэгдүгээр сарын 15-ны өдөр уг гэмт хэргийг үйлдсэн 55 настай Б гэгчийг баривчлан саатуулсан байна. Тэрээр гэмт хэргийн замаар олсон мөнгөөрөө "Toyota kluger" маркийн автомашин худалдан авч үүнийгээ унаж яваад баригдсан байна.
Мөн уг хэрэгт холбоотой хоёр этгээдийг урд шөнө Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс олж баривчлан саатуулсан байна.
Тэд бас хулгайлж авсан мөнгөөрөө 2 машин худалдан авч унаж яваад саатуулагдсан бөгөөд зохион байгуулалтай энэхүү бүлэг хулгайн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-4 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Б.Бурмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ