Н.Сараа: Хүний амь хөнөөгөөд зугтсан цагдаад харамсч байна

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум хүрэх замд автомашины осол гарч, хүний амь эрсэдсэн хэрэг энэ сарын 12-нд гарсан. Хэргийг шалгах явцад Сэлэнгэ аймгийн Сайхан суман дахь Сум дундын Цагдаагийн тасагт эдийн засгийн төлөөлөгч ажилтай, цагдаагийн дэслэгч цолтой Ц.Ууганжаргал нь согтуугаар СЭА 74-70 улсын дугаартай, “Toyota Cresta” маркийн автомашин жолоодож яваад бусдыг дайрч амь насыг хохироосон нь тогтоогдсон юм. Тус хэргийг харьяаллын дагуу УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба шалгаж байна. Ингээд хэргийн талаар талийгаач М-ийн ээжийнх нь төрсөн дүү Н.Сараатай ярилцлаа.
-Ослын талаар тодруулахгүй юу. Хэргийг цагдаагийн алба хаагч үйлдсэн байна?
-Энэ сарын 12-ны өдөр талийгаач Сэлэнгэ аймгаас Алтанбулаг орох замд дайруулж, амиа алдсан маш харамсалтай хэрэг гарсан. Мэдээж, ар гэрийнхэнд нь үнэхээр харамсалтай байна. Ялангуяа хэргийг цагдаагийн дэслэгч үйлдсэн гэхээр үнэхээр харамсалтай байна. Магадгүй цагдаа, цагдаагаа өмөөрөөд хэргийн үнэн мөнийг тодруулахгүй байх вий гэхээс бид сэрэмжилж байна. Манай хуулийнхан чинь хэцүү шүү дээ.
-Тухайн үед хэрэг үйлдсэн цагдаа хэргийн газраас зугтсан байсан гэсэн?
-Тиймээ. Сэлэнгээс Алтанбулаг орох замд Нумт гэдэг газар байдаг. Тэр газрын цаах нь талийгаач дайруулчихсан байсан. Гэтэл тухайн үед осол гаргасан цагдаа хэргийн ул мөрөө баллах оролдлого хийгээд зугтаасан байгаа юм. Тодруулбал, өөрийнхөө машиныг машинтай мөргөлдсөн мэт болгоод зугтаасан байна лээ. Тэгээд аймгийн цагдаа нар ослын дуудлагын дагуу ажиллаж, Алтанбулагаас осол гаргасан цагдааг олж авчирсан байдаг.
-Дуудлагыг хэн өгсөн юм бол?
-Иргэд л өгсөн байх. "Зам дээр нэг хүний эзэнгүй цогцос байна аа” гэж цагдаагийн газарт утсаар мэдэгдсэн юм байна лээ. Тэгээд л цагдаагийнхан дуудлагын дагуу шуурхай ажилласан.
-Осол гаргасан цагдааг согтуу байсан гэх?
-Тийм. Түүний согтуу байсныг гэрчүүд мэдээлсэн байна лээ. Төрийн цагдаа хүн согтуугаар машин жолоодож, хүний аминд хүрчихээд тусламж үзүүлэлгүй зугтаасанд үнэхээр харамсч байна. Түүнийг баривчилсан даруйдаа цагдаа нар эрүүлжүүлж, дараа нь урьдчилан хориход шилжүүлсэн байна лээ. Энэ бол согтуу явсныг нь гэрчилсэн том баримт.
-Осол гарсан даруйд цагдаагийн алба хаагч гэдгийг нь яаж мэдсэн бэ?
-Түүний унаж явсан машин нь Креста маркийн СЭА 7470 гэсэн улсын дугаартай машин байна. Осол гарсан даруйд машиныг судлахад тэр машин Сэлэнгэ аймгийн Хайрхан сумын Цагдаагийн газрын Эдийн засгийн төлөөлөгч Ц.Ууганжаргал гэдэг хүний машин байсан. Бид бодохдоо талийгаачийг зам дагаад явж байхад нь хурдтай дайрсан гэж бодож байгаа. Ц.Ууганжаргалын машины урд хэсэг нь хүний дүрсээр цөмөрч, шил нь хагарсан байсан. Хөндлөнгийн гэрчээс мэдээлэл аваад цагдаагийнхан машинаар нь хайгаад очиход урд талын гупер нь эвдэрчихсэн байдалтай байсан байгаа юм. Машиныг нь Сэлэнгийн цагдаагийнхан чирч авчирсан гэсэн. Бид зургийг нь авсан байгаа. Машины урд шил нь хүний дүрсээр цөмөрсөн гэхээр хүчтэй мөргөсөн байгаа биз. Хойшоо шидэгдээд хойд шил нь хүртэл хагарсан байдалтай байгаа юм.
-Ц.Ууганжаргалтай өөр хүн хамт явж байсан болов уу?
-Одоо тэрийг нь хэлж мэдэахгүй юм. Бидний бодож байгаагаар Ц.Ууганжаргал согтуу жолоо барьж байгаад л хүний амь насанд хүрчихлээ. Урд шил нь хүний дүрсээр цөмрөөд урд талын гупер нь хүртэл эвдэрсэн. Яг л машинтай мөргөлдсөн юм шиг болсон байна. Хамгийн гол нь бид цагдаа нар цагдаагаа өмөөрөөд золгүй осол гэж хэлчих вий гэхээс айж байна. Мөн цагдаа өөрөө дайрч хөнөөчихөөд хэргийн газраас зугтсан нь маш ноцтой асуудал. Ингэж болж байна уу, үгүй юу. Маш ноцтой гэмт хэрэг. Цагдаа хүн байж, хүн дайрч алчихаад хэргийн газраас зугтана гэдэг байж боломгүй үйлдэл биз дээ.
-Хэрэгт хэн гэдэг байцаагч ажиллаж байгаа вэ?
-Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шалгаж эхэлсэн гэнэ. Ямар ч байсан бид талийгаачийн цогцсыг ч хаана байгааг мэдэхгүй байна. Юм үлдсэн юм уу үгүй юу мэдэхгүй байна. Бидэнд өрөөсөн бакалнаас нь өөр юм алга . Одоо задланд оруулна л гээд байна лээ.
-Хэргийн талаар өөр юу хэлэх вэ?
-Хамгийн гол нь цагдаа дайрчихаад зугтсан байна. Би юу хэлэхийг хүсэж байна вэ гэхээр хэрэг үнэн мөнөөрөө л тогтоосой билээ. Талийгаач жаахан халамцуу байсан. Халамцуу байснаар нь далимдуулаад өөрөө гүйж орж ирсэн ч гэдэг юм уу худлаа хуйвалдах вий дээ гэж сэрэмжилж байна. Гэхдээ тэрийг нь шинжээчид нь тогтоох байлгүй дээ. Ямар ч байсан дайраад зугтсан. Урд гупер нь хугарсан урд шил нь хүний дүрсээр хагарсан. Тэгээд талийгаач хаашаа шидэгдсэн юм бүү мэд. Мөргөж алж хаячихаад хажуугаар орж ирсэн гэж тайлбарлахад хүрээд байгаа. Үнэхээр хажуугаас ороод ирсэн бол тэр гупер, урд шил мэл нь ийм болохгүй биз дээ. Тэгэхээр энд нэг л зүйл сэтгэлд хар төрүүлээд байна. Цагдаа цагдаатайгаа хуйвалдаж, тэр хүн өөрөө гүйж орсон гэж л тайлбарлах вий гэж хардаж байна.
-Талийгаач хэдэн настай вэ. Гэр бүлтэй юу?
-Талийгаач М 26 настай. 1988 оных. Эхнэр гурван хүүхэдтэй. Том хүүхэд нь таван настай сургуульд ороогүй. Хамгийн бага нь хэдхэн сартай. Ой хүрээгүй. Өнчин хоцорсон нялх амьтдыг бодохоор өөрийн эрхгүй сэтгэл сэмэрч байна. Талийгаач Сэлэнгээс Алтанбулаг орох замаар явган явж байсан. Алтанбулаг ороход ойролцоогоор хоёр л километрийн зайтай газар явж байсан гэсэн үг. Урдаас нь буюу Алтанбулагаас ар гэрийнхэн нь тосоод машинтай ирж байсан. Гэвч ар гэрийнхэн нь ирэхэд цагдаагийнхан хэрэг гарсан гээд ойртуулахгүй, зам хаасан байдалтай байж. Тэгэхээр нь манай хүн энд үлдсэн гэж хэлээд очоод хартал бакалнаас өөр юм үлдээгүй байсан.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ