Д.Нацагдоржийн номын сангийн засвараас 500 саяыг завшаагүй гэв

Зууны мэдээ” сонины 2014 оны 01-р сарын 08-ны өдрийн 5 /4632/ “Д.Нацагдоржийн номын санг засна гэж 500 саяар тогложээ” гэсэн сэтгүүлч Д.Заяагийн бичсэн нийтлэл нь гэмт хэргийн шинжтэй мэдээлэл байсныг Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шуурхай шалгаж, холбогдох арга хэмжээ авахыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа А.Батбаярт тус прокурорын газрын 2014 оны 01-р сарын 10-ны өдрийн 5/49 тоот албан бичгээр үүрэг өгч, холбогдох материалыг хүргүүлсэн.

Тэгвэл үүнд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Захиалагчийн хэлтсийн дарга Б.Лхагважав тайлбар хийлээ. Тодруулбал, "Нийслэлийн Төв номын сангийн засвар бол 495 сая төгрөгийнгэрээт үнийн дүнтэй, “Рендер Бау” компани 2013 оны тавдугаар сарын 20-ноос 9 дүгээр сарын 20 хооронд гэрээт хугацаандаа чанартай хийж улсын комисст хүлээлгэж өгсөн. Энэ ажлыг тоо хэмжээ, чанар стандарт, норм дүрмийнх нь дагуу ямар ч асуудалгүй гүйцэтгэж, ажиглагч байгууллагад нь хүлээлгэж өгсөн. Төв номын сан өнөөдөр хэвийн ажиллаж байна. Ийм байхад тухайн сэтгүүлчийн юм уу тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын хариуцлагагүй үйлдлээс болж олон хүмүүсийн хөдөлмөрийг үгүйсгэж, сөрөг ойлголт өгсөн. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын зүгээс энэ мэдээлэлд тодорхой хэмжээний няцаалт өгч, нэр төрөө сэргээлгэх үйлдлүүд хийх болно гэдгийг албан ёсоор хэлье" гэжээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ