МАН-ынхан С.Баярцогтыг даган баясах нь жудаг гэж үү

Оюутолгойн гэрээг ярихаа байя. Монголын нэрийг үнсэн чандруутай хутгаж, оффшор бүсэд авлигын мөнгөө нуусан С.Баярцогтын асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэхэд хамгийн ахмад гишүүн С.Дэмбэрэлээс эхлээд МАН-ынхан хүний мөс гаргасан нь парламентын тогоон дотор зарим гишүүний зэвүү, дургүй хоёрыг зэрэг хүргэсэн юм. С.Дэмбэрэл гуай энэ залууг анх УИХ-д орж ирэхэд боловсрол, чадвар сайтай, Монгол Улсын төлөө тууштай байж чадах нуруутай зөв хүн гэж харж байсан. Тийм зангаргаа ч хэд хэдэн удаа харуулж, сөргөлдөгч талуудыг эвлэрүүлэх, Монгол төрийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байсан улс төрийн үл ойлголцлыг зогсоож байсан гэжээ. Мөн С.Баярцогт гэдэг хүний ар гэрийнхэнд асар их санаа зовжээ. Гэмгүй тэдэнд жудаг гаргах нь ахмад хүний хувьд зөв л байх. Тэгвэл 2012-2013 онд улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөж, ажлаасаа халагдан амьжиргаагаа залгуулахад хэцүүдсэн 7000 гаруй хүний ар гэрийнхнийг бүрхсэн айдас хүйдэс, өлөн зэлмэн амьдралд жудгаа гаргаач дээ.
С.Баярцогтын гадаадын банкин дахь нууц дансны валютаас авлигын асар их мөнгөний үнэр гараад байхад АН-ынхны далбаан дор МАН-ын гишүүд гэмт үйлдлээс нь хаацайлж, УИХ-ын гишүүний ёс зүйн алдаа болгон хүний мөс гаргаад байгаа нь хачирхалтай. С.Баярцогт дэд даргын суудлаа өгсөн нь хариуцлагаас улам мултарч, харин ч сохорсон биш завшиж байна. Түүний эцэг эх өвдсөн нь монголчуудын ашиг сонирхлыг уландаа гишгэсэн Оюутолгойн гэрээг харийнханд дэндүү ашигтай хийсэн ялаас сугарч гарах шалтаг болно гэж үү. МАХН-ын З.Баянсэлэнгэ гишүүн хүртэл ганцхан Баярцогтыг бүгдээрээ боорлоод яах вэ гэж илт өмөөрсөн нь “Шударга ёс” эвслийн сүрийг дарав.
Хүний мөс, ёс жудаг гэдэг хоёр уг нь шал өөр юм л даа. Гэмт хэргийг хэв журмын зөрчил болгон дарагдуулдаг, хэв журмын зөрчлийг гэмт хэрэг болгон өсгөдөг МАН-ын эрхэм гишүүд ичиг ичиг. Эрхэм гишүүн Г.Уянгын хамт С.Баярцогтоос шударгаар ял асуух цаг болжээ..
Г.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ