Аз жаргалтай мөрөөдлөөрөө хямралыг даван туулж болно

Амьдралын бүхий л хүрээнд нэгэн зэрэг янз янзын таагүй асуудлууд үүсдэг. Таны өмнө эдийн засгийн хувьд найдлагын өчүүхэн ч дөл байхгүй тэр үед гэр бүл хэмээх завинд суугаад далайн шуурганд ганхаж явсан тийм үе байсан уу? Эсвэл, магадгүй гаднаас нь харахад бүх юм хэвийн мөртлөө сэтгэл дотор чинь жинхэнэ сүйрэл болж байсан үе бий юу? Ганцхан “Бүх юм сайхан болно” гэдэг уриагаар хямралаас гарна гэдэг юу л бол.

Яагаад амьдралд хямралын үеүд тохиолддог вэ?

Хямрал нь хүний хөгжлийн явцад тохиолдох амьдралын хууль гэдгийг хүн бүр ухамсарлах ёстой. Амьдралд тохиолдох хямралгүйгээр хүн хөгждөггүй. Энэ нь тайвшрах оролдлого биш, харин хэсэг хугацааны дараа үнэлэгдэх баримт юм.

Хямрал нь таны амьдралыг шинэ түвшин рүү урагшлуулах шат бөгөөд туршлага суух маш чухал, зайлшгүй сорилт билээ. Сорилтын хагасыг ч гэсэн даван туулах хэрэгтэй шүү.

Уурлаж, бухимдсан үедээ гарах гарц олно гэж үгүй. Өөрийгөө тайвшруулж, булчин шөрмөсөө сулла. Минийхээр бол уурлаж бухимдсан үедээ усанд орно гэдэг эргэлзээтэй асуудал. Явганаар салхинд зугаалах ч юм уу, аяга ногоон цайг тав тухтай кафед сууж уух, хөгжилтэй инээдмийн кино үзэх, эсвэл хотоос зайдуу агаарт гарч амарвал та хямралаас арай л хурдан гарна.

Зарим сэтгэл зүйчид уйлахыг зөвлөдөг. Амьдралын туршлагаас үзэхэд энэ нь ямар ч үр дүнгүй зүйл гэнэ. Ийм сэтгэл засал нь харин ч ядаргаанд оруулж, тэр байдалдаа үлддэг болохыг нотолжээ. Нулимсаа залгин өдөржин хана руу харж хэвтэнэ гэдэг дэмий хэрэг. Үүний оронд сэтгэлээ онгойтол мөрөөд. Ямар ч байсан хүнд байдлыг давж хэзээ ч толгой гудайхгүй байх нь зөв. Ингэснээрээ таны амьдралд шинэ үе эхэлж, хэзээ ч бүтэшгүй гэж байсан мөрөөдөл чинь биелэх болно.

“Зөв мөрөөд”

Биелэгдэшгүй мөрөөдөл гэж байдаггүй гэж сэтгэл зүйчид үздэг. “Шал дэмий зүйл” гэж та бодож байна уу?

Би найз хүүхэнтэйгээ ирээдүйнхээ тухай мөрөөдөцгөөсөн юм. Хайртай нөхөр, хөөрхөн хүүхдүүд, эд материалын хүрэлцээ, дуртай ажил, гадаад руу аялах аялал гээд л.... Энэ бүхний эцэст юу болсон гэж санана? Найзын минь хүсэл биелсэн гээд л та бод доо. Таны мөрөөдөл мөрөөдөл хэвээрээ үлдээд байгаа юм биш биз...

Тэгвэл би танд зөвлөе!

Мөрөөдлөө биелүүлэхийн тулд та түүнийг зөв хийх хэрэгтэй.

1. Төрсөн өдөр юм уу, эсвэл шинэ жилийн өмнө мөрөөд. Энэ баяруудын үеэр хүний сэтгэл санаа маш өндөр байдаг. Эхлээд сүүлийн үед танд тохиолдсон хамгийн сайхан үйл явдлуудаа бод. Жишээ нь: гудамжинд тааралдсан аятайхан залуу тань руу хараад инээмсэглэснийг, ажил дээр чинь таныг гэнэт шагнасан ч гэх юм уу.... Энэ тохиолдлуудаа цуглуулгандаа хий! Энэ бол таны хувь тавилангаа хөтөлж чадахын баталгаа юм.

2. Хүсэл мөрөөдлөө цэгцэл! Мөрөөдлүүд хоорондоо авцалдаггүй тохиолдлууд бий. Хүчтэй мөрөөдөл биелэж, хүчгүй нь устдаг. Иймээс нэг дор гэр бүл, нэр хүндийн тухай мөрөөдөхөд гэр бүлийн мөрөөдөл чинь нэр хүндийн тухай мөрөөдлийг чинь уналтанд оруулна. Гол нь хамгийн чухал мөрөөдөл чинь аль нь вэ? Тэр хүслээ биелүүлэхийн төлөө та өөрийгөө золиослоход бэлэн үү?

3. Хүсэл мөрөөдлөө цэгцэлсний дараа та “бүгд биеллээ” гээд л яг л кино кадр урсаж байгаа юм шигээр төсөөл дөө. Жишээ нь: Дарга тань танд баяр хүргэж байна, Парисийн ч юм уу, очих дуртай орныхоо гудамжаар алхаж байна, маш гоё хуримын даашинз өмсөөд мөрөөдөж явдаг залуутайгаа хуримаа хийж байна гээд л... Төсөөл л дөө! Хамгийн гол нь энэ киноны гол баатар нь та өөрөө гэдгээ бүү мартаарай.

4. Шившлэг бодож ол! Жишээ нь: “Би үүнийг чадна”, “Хүслээ биелүүлэх бүх боломж надад бий”, “Би амьдралаас авах ёстой бүх зүйлээ авч чадна” гэх мэтээр бодож олох хэрэгтэй.

5. Хүслээ биелүүлэх хугацаагаа тогтоо! Жишээлбэл: “Миний мөрөөдөл жилийн дараа биелнэ” гэх мэт. Хугацаа бол тодорхой байх ёстой.

6. Цэгцэлсэн хүслээ цаасан дээр буулга. Бичсэн цаасаа далд газар нуугаад үе үехэн санаж бай.

7. Янз бүрийн тэмдэгт анхаарлаа хандуул. Жишээ нь: Ханан дээрх ч юм уу, пайзан дээрх ямар нэгэн бичиг ч юм уу тэмдгийг тохиолдлоор хараад тэр зүг явахад таны хүсэл биелнэ гэдэг ч юм уу. Танилцсан хүнтэйгээ болзоо тогтоогоод, очих гэтэл гэнэт бороо орох, машин чинь эвдрэх зэрэг саад учирвал энэ нь цаанаасаа нэг юм хэлээд байна л гэсэн үг. Энэ бол ганцхан таны хувь заяа биш шүү дээ.

8. Бурхнаас өгсөн хувь заяаг бүү түлх. Яагаад гэвэл, дараагийн удаа танд энэ мөч эргэж ирэхгүй гэдгийг сана. Дараалалд зогсож байхад чинь нэгэн залуу яриа өдөж танилцах гэтэл та тоохгүй байя гэж бодъё. Энэ нь таны хувь тавилан ч байсан байж болох юм. Эсвэл хуучны танил уруугаа залгахаас залхуурсан байтал, тэр найз чинь сонирхолтой төсөл дээр хамтран ажиллах хүн хайж байсан бол.... гээд л бурхны хишгийг авахаас татгалзвал эргэж танд энэ агшин хэзээ ч олдохгүй гэдгийг сана.

Хамгийн гол нь итгэж чадвал таны мөрөөдөл биелэлээ олно

Б.Дөлгөөн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ