Д.Индра: Би аавтайгаа гадаад үзэмжээрээ ч, дотоод сэтгэлээрээ ч адилхан байхыг хүсдэг

Монгол улсын төрийн соёрхолт, Төр нийгмийн зүтгэлтэн, яруу найрагч Очирбатын Дашбалбар агсны мэндэлсний 56 жилийн ойд зориулаад   “Тэнгэр шиг бай” уран бүтээлийн цэнгүүн хийх гэж буйгаа түүний охин Д.Индра хэллээ. Мөн эрдэм шинжилгээний бага хурал, яруу найргийн наадам, аавынхаа бичсэн шүлэг, яруу найргаар уран бүтээлийн үзэсгэлэн гаргахаар төлөвлөөд ажиллаж байгаа юм  байна. Мөн “Аавын бэлэглэсэн улаан дэвтэр” номоо хэвлүүлэхээр болжээ. Энэ сарын 6-нд Тусгаар тогтнолын ордонд болох  тоглолтод “Увертюра” хамтлаг оролцож байгаа бөгөөд тэнд О.Дашбалбар агсны “Амьддаа бие биенээ хайрла” шүлгээр бүтсэн уран бүтээлээ сонордуулах юм байна. Ингээд СУИС-д  соёл судлалын багш мэргэжлээр ажилладаг Д.Индратай ярилцлаа.

 -Таны аав яг ямар хүн байсан бэ?

-Миний аав зүгээр нэг эцэг байгаагүй. Яруу найрагч, улс төрч, сэтгүүлч, шашны зүтгэлтэн хүн байсан. Боловсрол, ертөнцийг үзэх үзэл, ухаан бүгдийг надад хайрласан. Монголын ард түмэнд эх орноо хайрлах, бие биенээ хайрлах үзэл сургаалийг үлдээсэн гэж би боддог. Энэ бүхнийг нь цаашаа үргэлжлүүэхийг тулд үр хүүхэд, ах дүү  бид нар нь энэ үйл ажиллагаануудыг жил бүр зохион байгуулж байна .

-Аавтайгаа хамт өнгөрүүлж байсан багын дурсамжаасаа хуваалцаач?

-Олон олон сайхан дурсамж байгаа. Хөдөөгүүр их явдаг байсан даа. 1998 оны сонгуулиар хамт нэлээн явж байв. Тэр үе л сайхан дурсамжтай өнгөрч. Манай аав их сайхан дуулдаг. Бусдын хүүхдийг  ч өөрийнх юм шиг хайрладаг, баярлуулдаг, нохой их хооллодог, хөгшин настай хүмүүсийг хүндэлдэг их сайхан сэтгэлтэй хүн байсан даа.

-Аав тань өөрт чинь ямар сургааль үг, захиас  хэлдэг байсан бэ?

-Миний охин хүнд тустай дэмтэй, зөв үйлийн төлөө, өөрийн чадах бүхий л ажил үйлээрээ Монголын ард түмэнд тус болохыг хичээж яваарай. Өөрийнхөө биеийг түр зуур суугаад явах байшин гэж бодоод сүнсээ дандаа ариун сайхан зүйлд зориулж яваарай гэдэг байсан.

-Та аавтайгаа их адилхан юм аа?

-Харин хүмүүс тэгдэг юм аа. Хамгийн гол нь би аавтайгаа гадаад үзэмжээрээ ч биш дотоод сэтгэлээрээ, үйлдлээрээ, үзэл бодлоороо адилхан байх ёстой гэж боддог. Монголчууд “Амьддаа бие биенээ хайрла” шүлгийг зөвхөн сайхан шүлэг гэж бодох биш дотоод агуулгыг нь хайрлаасай, хүндлээсэй, муу муухай үгээр битгий нэгнийгээ доромжлоорой. Ингэж байж Монголыг залуучуудын ирээдүй гэрэл гэрээтэй болох байх гэж бодож явдаг.

-Цаашид юу хийхээр төлөвлөж байна?

-Цаашид хийхээр төлөвлөсөн зүйл их байгаа. Эрдэм шинжилгээний бага хурал хийснээрээ залуу  судлаачдыг дэмжих, оюутнуудыг номонд дуртай болгох, зохиолчдыг бүтээлч сэтгэлгээтэй болгох, яруу найргийн наадам нь залуучуудын бодитоор нь үнэлдэг, ямар нэгэн арын хаалгагүйгээр гаргаж ирэх зорилготой. тиймээс бодитоор тусалж дэмжих зорилготой. Тэгээд аавынхаа гоё шүлэгнүүдийг олны хүртээл болгохыг зорьсон. Аливаа ард түмний сайн сайхан явах нь оюуны соёлтой нь холбоотой юм. Үг гэдэг хүчтэй зүйлийг сайн сайхан утгаар нь хүмүүст хүргэхийн төлөө  соёл судлаач, багш гэдэг мэргэжлээ гүүр болгоод залуучууд руугаа хандсан үйл ажиллагаа хийж байна даа. Цаашдаа аавынхаа шүлэгнүүдийг дуу болгоно, кино хийнэ.  Эрдэм шинжилгээний бага хурал яруу найргийн наадам зэргээ жил бүр улалмжлал болгон явуулна. Гараагүй байгаа таван боть номыг нь гаргах  гэсэн зорилготой ажиллаж байна.

-Аавын чинь хичнээн шүлэг дуу болсон бэ?

-30-аад шүлэг нь дуу болсон. Түүнээс тоглолт дээр 15-н дуу нь эгшиглэнэ. Бас мэргэжлийн уран уншигчид аавын минь шүлгийг уншиж амьдруулна. Бас аав өөрөө уншсан шүлгийг нь олон түмэнд хүргэнэ.

-Хэвлэгдэх номынхоо талаар яриач?

-Монголчууд ерөөлийн үг гээд ярьдаг шүү дээ. Хөгжмийн зохиолч Мөрдорж гуайгаас эхлээд Д.Нямаа, Түдэв, Жасрай гуай гэх мэт 1500 гаруй хүмүүсийн ерөөлийн үг багтсан  улаан дэвтрийг аав минь 1992 онд намайг таван настай байхад  өгч байсан юм. Охиныхоо ирээдүйн замыг дардан, гэрэл гэрээтэй байлгахын тулд багаас минь олон сайхан алдартай хүнээс ерөөлийн үг авч үлддэг байсан байх.  Энэ дэвтэрт сэтгэлийг үгээ бичсэн хүмүүсийн ихэнх нь бурхан болсон байна даа. Тэгээд би үүнийг олон жил хадгалсны эцэст ном болгож гаргахаар шийдсэн. Энэ номыг  үр хүүхдээ, эцэг эхээ хайрладаг, хамгийн эрхэм дотно хүндээ бэлэглээрэй гэж хүсье.

Б.Бурам

  // .jpg","thumb":"s/n/s/n.jpg"}]

СЭТГЭГДЭЛ БИЧИХ