Н.Оргилыг бүх чадлаараа дэмжиж ирсэн гэв

Соёл, спорт аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрээр ажлаасаа чөлөөлөгдсөн Соёл, спорт аялал жуулчлалын яамны Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан Н.Оргилын хийсэн мэдээлэлд няцаалт хийв.

Тэрээр "Би Н.Оргилыг бүх чадлаараа л дэмжиж ирсэн. Яагаад ингээд худлаа мэдээлэл цацаад байгааг мэдэхгүй байна.Бид ажилчдыг томилохдоо бүгдийнх нь материалыг Авлигатай тэмцэх газар явуулж шалгуулдаг. АТГ 14 хоногийн дотор шалгаад хариуг нь ирүүлдэг. Манай яамны 78 ажилчид бүгдээрээ АТГ-ын шалгалтад ороод зөвшөөрөл аваад ажиллаж байгаа. Бүх зүйл хуулийн дагуу байгаа. Мөн Энэ засгийн газар байгуулагдаагүй байхад хуучин БСШУЯ дээр тендер зарлагдаад манай хүү оролцоод шалгарсан байсан. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад яам салсны дараа соёлын барилга байгууламж ньманай дээр ирдэг. Түүнээс биш би тендер зарлаад, шалгаруулчихсан юм байхгүй. Тендер нь 2012 оны 7 дугаар сарын 30 нд зарлагдсан юм байна. Тэгээд аравдугаар сард дүгнэгдсэн." гэсэн юм.

Ингэж мэдээлэл хийж байгаагийн учир нь Соёл, спорт аялал жуулчлалын яамны Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Оргилыг ажлаас нь халсан гэх мэдээлэл гарсаны дараа тэрбээр тус яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэлийг хууль бус үйлдэл хийсэн хэмээн мэдэгдсэн юм. Түүнийг албан тушаалаа ашиглан хэд, хэдэн тендерт оролцож, өөрийн хүү болон танилдаа тендер авч өгсөн, төрийн албыг төрлийн алба болгосон гэх зэрэг мэдээлэлүүдийг өгсөн билээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ