Автобусны үнэ нэмэгдэх нь тэдэнд огт падгүй

Өнгөрсөн долоо хоногт Том оврын автобус эрхлэгчдийн холбооноос гэнэтийн мэдээлэл хийж, автобусны үнийг энэ сарын 23-наас 500 төгрөг болгоно гэсэн мэдээлэл хийв. Тэр даруйд л олон нийт, тэр дундаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ талаар “гэрлийн хурд”-аар ард иргэдэд мэдээлэл өгч, ямар шалтгаанаар үнээ нэмэх гээд байгаа, үнэ нэмүүлэхгүй байх ямар боломж нөхцөл байгааг ч олон нийтэд хүргэж амжсан.

Орчин үед хамгийн хурднаар мэдээлэл дамжуулах хэрэгсэл, суваг болоод байгаа твиттерээр хамгийн түрүүнд энэ талаарх мэдээлэл цацагдсан. Тэгэхээр “улаан твитерчин” болсон манай УИХ-ын гишүүд, Засгийн газрын тэргүүний чихэнд хамгийн түрүүнд хүрсэн гэсэн үг.

Том оврын автобус эрхлэгчдийн тавьж байсан шаардлага нь маш тодорхой. Тэд олон жилийн турш алдагдалтай ажиллаж ирсэн гэх бөгөөд энэ алдагдлаа нэг бол засгийн газраар төлүүлнэ, эсвэл үүнээс хойш автобусны үнээ 500 төгрөг болголоо гэсэн шаардлага тавьсан. Энэ тохиолдолд тэднийг эсэргүүцэх ямар ч хаалт байхгүй байсан. Учир нь Авто тээврийн тухай хуулийн 12.1-д оролцогч талуудын тохиролцож байгуулсан гэрээгээр үнэ тогтооно гээд заачихсан байдаг аж. Оролцогч тал гэдэг нь нэг талаас тээврийн газар, нөгөө талаас Нийтийн тээвэр үйлчилгээ эрхэлж байгаа компани. Нийтийн тээврийн ажил үйлчилгээ эрхлэн гүйцэтгэх гэрээ гэж байгуулдаг бөгөөд гэрээний дагуу үнэ тарифыг тогтоож ирсэн байна. Харин энэ гэрээний хугацаа өнгөрсөн 12 сарын 31-нд дуусгавар болсноор тэднийг үнээ нэмэхээ боль гэх эрх байхгүй болж. Хэрвээ тэгж хэлбэл тэдний алдагдлыг нөхөж өгөх хэрэгтэй болох байсан юм.

Мөн том оврын автобус компанийхан энэ асуудалд засгийн газраас тоймтой хариулт өгөхгүй гэдгийг мэдэж байсан. Тиймдээ ч “Засгийн газар энэ оны төсвөө баталчихсан. Тэгэхээр төсвийн тодотголоор энэ асуудлыг шийдэх нэг боломж байгаа.” хэмээн ярьж байсан юм.

Гэтэл хоёр хоногийн өмнө тавьсан автобусны үйлчилгээ эрхлэгчдийн энэ шаардлагыг шийдвэр гүйцэтгэх түвшний хүмүүс төсвийн тодотголоор хэлэлцье гэх нь байтугай ёстой нэг нүдээрээ ч тоож харсангүй, анхааралдаа авсангүй. Яахав дээ автобусанд суудаггүй тэдний хувьд энэ асуудал эрх ашгийг нь хөндөхгүй байгаа болохоор “надад падгүй” гэж бодоцгоосон биз. Ингээд автобусны үнэ хэлсэн ёсоор 500 төгрөг болж, цалин мөнгө багатай, хамгийн хүнд хөдөлмөр эрхэлдэг тээвэрчид, хамгийн ядуу иргэн хоёрын хоорондын тэмцэл болж хувирахад хүргэсэн. Гэхдээ энэ удаа ард иргэд төдийлөн дайн зарласангүй. Өг гэснийг нь дуугай өгөөд явах болов. Учир нь энэ асуудал угаасаа шийдэгдэхгүй, засгийн газраас ямар нэг алхам хийхгүй гэдэг нь бүхний нүдэнд ойлгомжтой болсон учраас тэр.

УИХ-ын эрхэм гишүүд төрийн ордондоо хэрүүлээ хийсээр л сууна. Харин тэдний толгойд автобсны үнэ нэмэгдчихсэн, ард иргэдэд дарамт болж байгаа талаар өчүүхэн төдий ч бодол байхгүй нь харамсалтай ч гэмээр үнэн билээ.

Б.Цовоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ