Ч.Амарболд генерал гурван сард суллагдаж магадгүй


“Долдугаар сарын 1”-ны хэрэгт буруутгагдаж, гурван шатны шүүхээс ял сонссон хошууч генерал Ч.Амарболд хуучин ганц худаг буюу хорих 441 дүгээр ангид, хурандаа Ш.Батсүх Амгалан дахь хорих 421 дүгээр ангид ялаа эдэлж байна.
Харин хурандаа О.Зоригт хуульд заасны дагуу гуравны хоёроос дээш хугацааг биеэр эдэлсэн, сахилгын зөрчил гаргаагүй тул оны өмнө магадлангаар суллагдсан юм. Тэгвэл хошууч генерал Ч.Амарболд, хурандаа Ш.Батсүх нарын хувьд ирэх гуравдугаар сард магадлангаар суллагдах асуудлыг ярьж, боломжтой бол хугацаанаас өмнө тэнсэн суллана гэж албаны эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, тэд ямар нэгэн сахилгын зөрчил гаргаагүй бөгөөд ирэх гуравдугаар сард гуравны хоёроос дээш хугацааг биеэр эдэлсэн гэх хуулийн заалтыг хангах тул магадланд хамрагдах бүрэн боломжтой байна.
Ч.Амарболд, О.Зоригт, Ш.Батсүх, Г.Ганбаатар нарыг ҮАБЗ-ийн 2008 оны долдугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаас өгсөн “Нийтийн эмх замбараагүй байдлыг тараах үйл ажиллагаа явуулахдаа байлдааны галт зэвсэг хэрэглэх буюу хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах нөхцөл байдлыг бий болгож болохгүй” талаарх үүргийг авсан атлаа албан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, албан үүрэгтээ хайнга хандсаны улмаас дөрвөн иргэн нас барж, гурван хүний биед хүнд, хоёр хүний биед хүндэвтэр, нэг хүний биед хөнгөн гэмтэл учирсан гэмт хэрэгт буруутган ийнхүү гурван шатны шүүхээс яллаж байв.
Тодруулбал, Ч.Амарболд генерал хорт хавдар боолгох хагалгаанд, харин О.Зоригт хурандаа зүрхний хагалгаанд ороод хагалгааны оёо ч аниагүй байхад Сүхбаатар дүүргийн шүүхийн Тамгын газраас амь насыг нь хариуцна хэмээн Ч.Амарболдыг дамнуургатай нь, О.Зоригтыг тэргэнцэртэй нь цагдан хорих ангийн шүүхийн танхим руу авч явж, шүүх хуралдаанд оролцуулж ял оноож байсан юм. Гурван шатны шүүхээс хошууч генерал Ч.Амарболд, хурандаа Ш.Батсүх нарт 3.6, хурандаа О.Зоригтод 2.6 жилийн ял оноосон билээ.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ