Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлийг хэлэлцэхээр болов

Чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, хууль санаачлагч УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн илтгэл, энэ асуудлын талаар гаргасан Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонслоо.

Монгол Улсын хууль тогтоомжийг боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг 1998, 2001, 2005, 2009 онуудад УИХ-аас баталж иржээ. Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд Үндсэн чиглэлийн төслийг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох бусад байгууллагын саналыг авч нэгтгэн судалсны үндсэн дээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийцүүлэн боловсруулна” гэж заасан байдаг. Энэ үндсэн дээр хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг үндэслэн Улсын Их Хурлын гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын гишүүдээс санал авч нэгтгэн боловсруулсан гэдгээ төсөл санаачлагч илтгэлдээ дурдлаа.

   Иймээс Үндсэн чиглэлийн төсөлд тусгуулахаар Улсын Их Хурлын гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын гишүүдээс нийтдээ 312 хууль, Улсын Их Хурлын 27 тогтоолын төслийн талаар санал ирүүлснээс 191 хууль, Улсын Их Хурлын 23 тогтоолын төслийг боловсруулахаар үндсэн чиглэлийн төсөлд тусгажээ. Харин тогтоолын төсөлд Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг хавсралтаар батлахаар, мөн Үндсэн чиглэлийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох Байнгын хороо, Засгийн газарт даалгахаар тусгасан байна.

  Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэн байна.

Байнгын хорооны хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэх үед гишүүн Ж.Батзандан, С.Баярцогт, Ц.Оюунбаатар нар Үндсэн чиглэлийн төсөлд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг тусгах, гишүүн Д.Лүндээжанцан, Ц.Оюунбаатар нар зарим хуулийн төслийг өргөн мэдүүлэх хугацааг наашлуулах, гишүүн С.Баярцогт эдийн засгийн шинэчлэлийн зарим гол хуулиуд нь тусгагдаагүй, зарим хуулийн төслийн нэр, зохицуулах асуудал нь ойлгомжгүй байгааг анхаарах, хавсралтад тусгасан хууль, тогтоолын төслүүдийг үйл ажиллагааных нь чиглэлээр нь ангилах, гишүүн Ж.Батзандан одоо мөрдөгдөж байгаа хууль, тогтоолыг бүхэлд нягтлан үзэж, хуулийн давхардал, зөрчлийг арилгах зэрэг санал гаргасныг байнгын хорооны санал, дүгнэлтэд дурджээ.

   Төсөл санаачлагчийн илтгэл, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуусан гишүүн С.Бямбацогт Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлыг үндсэн чиглэлд тусгах боломж бий эсэхийг тодруулахад сайд Х.Тэмүүжин “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхийг УИХ-ын гишүүдийн дөрөвний гурвын саналаар шийдвэрлэх хуультай. Хэрэв улс төрийн намууд Үндсэн хуулийг өөрчлөх чиглэлээр улс төрийн шийдэл гаргасан тохиолдолд асуудал шийдэгдэх боломжтой” гэдгийг хэллээ. Харин гишүүн Н.Батцэрэг өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж байгаа хичнээн хууль, тогтоомж байгаа, шинээр хэдэн хууль гаргахаар төлөвлөж байгааг тодруулахад ажлын хэсгийн гишүүн, Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг одоогийн байдлаар 409 хууль, 947 эрх зүйн акт хүчин төгөлдөр үйлчилж байгааг хэлсэн бол Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хууль санаачлагчдаас ирүүлсэн санал, хуулийн давхацлыг нэгтгэж Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй харьцуулж үзсэний үндсэн дээр 191 хууль, 23 тогтоол гаргахаар үндсэн чиглэлд тусгасан гэсэн хариулт өгөв. Мөн гишүүн Л.Энх-Амгалан хөгжлийн сангийн хуулийг баялгийн сангийн хууль болгож өөрчлөх, хөрөнгө оруулалтын хууль гаргах чиглэлээр хэрхэн ажиллаж буйг тодруулахад Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр баялгийн сангийн хуулийн төсөл боловсруулах ажил хийгдэж байгаа, үүнийг хэлэлцүүлгийн явцад нэмж оруулах боломжтой. Хөрөнгө оруулалтын асуудлыг гадаад дотоод гэж ялгахгүйгээр адил тэгш таатай нөхцөлөөр хангагдах чиглэлээр хөрөнгө оруулалтын хууль гаргахаар төлөвлөж байгаа. Татварын бодлогын хувьд манайх тогтвортой тогтолцоотой улс. Цаашдаа ч татварыг нэмэгдүүлэх бодлого байхгүй гэдгээ хэллээ.

  Харин гишүүн Ч.Хүрэлбаатар үндсэн чиглэлийг боловсруулахдаа улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдаж буй асуудалтай хэр уялдуулсан, мөн архины хуулийг шинэчлэх талаар ямар бодолтой байгааг лавлахад Хууль зүйн сайд “Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх үүднээс эрх зүйн шинэтгэл хийхэд анхаарсан. Салбар хариуцсан яамд өөрсдийн салбарын чиглэлээр саналаа оруулж ирснийг эцэслэн боловсруулж тусгасан. Хэлэлцүүлгийн шатанд нухацтай хандаж анхаарч тусгах асуудал байгаа. Архины хуулийг шинэчлэх чиглэлээр Ерөнхийлөгчийн зүгээс ажлын хэсэг гарган судалгаа тооцоо хийж, төсөл боловсруулахаар ажиллаж байгаа юм байна. Тиймээс энэ асуудлыг төсөлд тусгаагүй” гэлээ.

   Хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар үг хэлсэн гишүүн Ж.Батзандан “Эрх зүйн шинэтгэлийн суурь өөрчлөлтийг олон нийт хүлээж байна. Тиймээс хууль зүйн салбарынхан Үндсэн хуулиас дөлөөд байх хэрэггүй. Бид эрх зүйн шинэтгэл хийхийг үнэхээр хүсэж л байгаа юм бол Үндсэн хуульдаа өөрчлөлт хийхээс өөр аргагүй” гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн бол гишүүн Н.Батцэрэг “Одоо мөрдөгдөж байгаа хуулийн орчинд хуулийн зүйл, заалтын зөрчил маш их байгааг засаж залруулах хэрэгтэй байна. Нөгөө талаар нэгэнт баталсан хуулиа мөрддөг, хэрэгжүүлдэг, хууль дээдлэх ёсыг төлөвшүүлэхэд анхаарах нь чухал байна” гэлээ.

   Ингээд тогтоолын төслийг хэлэлцэх эсэх талаар санал хураалгахад хуралдаанд оролцсон 61 гишүүний 49 нь буюу 80.3 хувь дэмжсэнээр тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

   Хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга маргааш чуулганы нэгдсэн хуралдаангүй тул ажлын хэсгүүд хуралдаж өмнө хэлэлцэж амжаагүй асуудлаа ярилцаж шийдвэрлэхийг мэдэгдсэнээр чуулганы өнөөдрийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ