Хайртыгаа хардахаа больсон нь дээр

Хардалт хэмээх хар мангасыг яаж дарж авах вэ? Өчнөөн төчнөөн том жижиг шалтгаан – сэжиг алхам тутамд гарч ирээд байхад хайртай хүнээ хардахгүй байхын арга бий гэж үү? Нөхөртэйгөө утсаар ярьтал цаана нь эмэгтэй хүний аальгүй хоолой сонсогдоод л. Дэлгүүрийн худалдагч хүүхэн рүү нөхөр чинь нүд унаган инээмсэглээд л. Гудамжинд хамт явж байхдаа огторхон банзалтай хүүхэн рүү сонирхсон байртай хараад л. Бас нэг хүүхэнтэй тааралдчихаад салж чадахгүй яриад л байсан. Мессенжерт нь түмэн хүүхний хаяг, таныг ойртоод ирэхээр бушуухан sign out хийчихнэ... Яаж хардахгүй байх вэ дээ?
Хардана гэдэг өөртөө итгэлгүй байгаагийн шинж гэдэг. Гэхдээ та, “Надаас илүү, надаас ухаантай, надаас сайхан, надаас тааламжтай хүүхэн нөхрийн маань хувьд байхгүй” гэж баттай итгэлтэйгээр хэлж чадах уу? Чадахгүй л байх, яагаад гэвэл аливаа эрүүл ухаантай хүнд эргэлзээ заавал байдаг, тиймээс бид бүгд л, их бага хэмжээгээр хартай байх нь зүй.
Бас хардалтын эх нь – хэт хөгжсөн өмчирхөг зан гэдэг. “Минийх” хэмээн нөхрөө харамлаад барахгүй нөхрийнхөө хүсэл сонирхлыг ч дан ганцаараа эзэмшихийг хүсдэг гэж хүүхнүүд биднийг буруутгадаг. Тийм, хүсдэг, яагаад болохгүй гэж? Хайртай хүнийхээ зүрх сэтгэлд гол байрыг эзлэн байх хүсэлд буруу юу байгаа юм? Нөхрөө хуваалцах дуртай хэн байхав дээ? Хэн ч гэсэн нөхрийнхөө хувьд цорын ганц нь байхыг хүснэ биз дээ? Гэхдээ... тийм ээ, бид заримдаа дэндүүлдэг, үүнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй.
Тийм ээ, бид хайртыгаа харддаг, харамладаг. Үндэслэлгүйгээр хардан зовоох нь ч цөөнгүй. Хамгийн гол нь, хардалтаа дэндүүлэн өвчний хэмжээнд авааччихгүй, хайр, итгэл, гэр бүлийн аз жаргалаа хардалтаасаа болж тавиад туучихгүйн тулд яавал зүйтэй вэ? Хардалт биднийг тамлан зовоож - үгүй болгож ч чаддаг мэдрэмж. Хардалтын нүхээр харахад эргэн тойрон маань өөрөөр харагдаж гэмгүй энгийн зүйлүүд хоорондоо логик уялдаа холбоотой, сэжиг бүхий болж хувирдаг. Тэгээд л “тэр яг өөр хүүхэнтэй болчихож!” хэмээн итгэх.
Өөртэйгөө хэрхэн тэмцэж ул суурьгүй харддаг өвчнөө ялах вэ? Дараахь зөвөлгөө хэн нэгэнд тус болж магад.
1.Хэрэв ямар нэгэн байдал таны сэжгийг төрүүлээд явчихвал – бүү яаран савлаарай. Мэдээж цус хөөрөөд ирэхэд биеэ барих хэцүү л дээ, гэхдээ л - тэвч. Хэлээ хазаж байгаад хийж байснаа үргэлжлүүл. Цагийн дараа гэхэд та өнөөх “сэжигтэй байдлын” тухай мартчихна, эсвэл хардах зүйл байгаагүй юм байна гэдгийг ойлгоно (хэрэв энэ хугацаанд та муу санаагаа энхрийлэн бөөцийлж улам ургуулан бодоогүй л бол).
Харин хэрүүл уруул босговол сайнд л лав хүрэхгүй, эцсийн эцэст хайртын чинь толгойд гарцаагүй “За больё, одоо боллоо” гэх бодол орж ирэх байх. Хүүхнүүд бид, жижиг сажиг маргаан, туниан, шалтгаангүй хэрүүлүүд хайртай хоёрын харьцаанд ямар их сэв суулган эцсийн эцэст хагаралд хүргэдгийг ухамсарладаггүй. Чи хэлээд л – мартчихсан байхад, харин түүний тархинд ижил төстэй тохиолдлууд хуримтлагдсаар хуримтлагдсаар нэг л өдөр “хоосон хардуулж байхаар хоолтой хардуулъя” гээд албаар, тэгэхээс тэгэх гэж өөр хүүхэнтэй явах вий. Байнгын гоочлолоос илүү сэтгэл хөргөдөг зүйл байдаггүй юм шүү гэдгийг санаж хэлээ хазаж байгаарай.
2.Эрүүл ухаанаар бод. Нөхөр чинь үнэхээрийн “араар чинь тавиад” байлаа гэж бодоход албаар танд мэдэгдээд сэжиглэх боломжийг өгөөд байх тэнэг хүн үү? Ичгүүр сонжуургүй, хэрэг явдлаа нуухыг ч боддоггүй “амьтад” байдаг л даа. Хэрэв нөхөр чинь тийм “амьтан” бол – эртхэн шиг түүнээс холдвол өлзийтэй.
3.Ойлго, ухамсарла: бүх эрчүүд ижилхэн “хийцтэй”, тун энгийн – тэд бүгдээрээ аятайхан хүүхнийг харцаараа үддэг, хөх болон хөл рүү нь дуртайяа хардаг, өөр рүү нь анхаарал хандуулбал малилзаад ирдэг юм. Гэхдээ энэ нь, алхам тутамд тэд эхнэрээсээ урваад байдаг гэсэн үг биш шүү дээ! Эм хүйстнийг хажуугаараа зүгээр өнгөрөөдөггүй донтой нэгэн байдаг л даа, харин аз болоход тийм эрчүүд олон биш. Та ийм азгүй хүүхэн биш гэж найдаж байна.
4.Бүх эрчүүд сүүлэрдэг гэж боддогоо боль. Бүгдийг нь ижилтгэн бодож болохгүй, хайрандаа үнэнч эрс цөөдөхгүй шүү.
5.Өөрөөсөө шударгаар асуу – та яагаад хардаад байгаа юм бэ? Ганцаараа үлдэхээс айгаад байгаа юм уу? Өөрт чинь хайргүй болчихсон юм шиг санагдаад тэр үү? Доромжлогдсон болох вий гэж айж байна уу? Эсвэл танаас өөр хүүхэнтэй ярилцах нь түүнд илүү сонирхолтой байгааг нь хараад эмзэглээд байна уу? Хуучин хайрт чинь өөдгүйтсэн болохоор одоо хэнд ч итгэхээ больчихсон юм уу? Чухам юунаас болоод нөхрөө хардаад байгаагаа шударгаар өөртөө хэлбэл өөрийгөө ойлгоход тустай байх болно. Цаашаа яавал дээр вэ гэдэг ч тодроод ирнэ.
6. Сөрөг бодол үүсэх боломжийг хаа! Нөхрөөсөө хуучин хүүхнүүдийх нь тухай асуух явдлыг өөртөө тас хоригло. Халаасыг нь нэгжих, тэмдэглэлийн дэвтрийг нь унших, гар утсыг нь шалгах, цаг үргэлж ажил руу нь утасдаж шалгах, хаана явааг нь асууж шалгаадаг зэргээ зогсоо.
7. Шударгаар хүлээн зөвшөөр: эр хүн хүсэх л юм бол – амжуулна. Хэрэв үнэхээрийн таныг хаяад өөр хүүхэн рүү явахыг хүсэх юм бол – хаяад л явна. Та яаж ч арга хэмжээ аваад нэмэргүй. Нэг ч эмэгтэй нэг ч эрийг дэргэдээ барьж тогтоож дийлж байгаагүй юм гэнэ билээ, хэрэв салсныхаа дараа буцаад ирсэн бол – угаасаа л хаашаа ч яваагүй гэсэн үг гэдэг дээ.
Одоо нөхөр чинь таны дэргэд л байж байна шүү дээ, юунд ингэж урьдчилан нервээ барж, доошоо орж, уйлж унжин хоёр биенийхээ сэтгэлийг сүйтгэх хэрэг байна? Проблемыг бий болохынх нь хэрээр л шийдэх хэрэгтэй бус уу?
Танд эрүүл ухаан, аз жаргалыг хүсье!
Б.Дөлгөөн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ