Одонгийн мөнгийг цагаан сарын дараа олгоно


“Алдарт эх”-ийн I, II зэргийн одонтой эхчүүдийн мөнгийг жил бүр сар шинийн баярын өмнө олгодог байсан. Тэгвэл энэ жилийн цагаан сар эрт болж байгаатай холбоотойгоор сар шинийн өмнө олгож чадахааргүй болсон гэнэ. Өмнөх жилүүдэд сар шинийн баяр хоёрдугаар сард болдог байсан учир өмнө нь олгодог байжээ.
Одонгийн мөнгийг журмаараа тухайн жилийнхээ I улиралд багтаан олгох ёстой байдаг бөгөөд ирэх сард багтаан одонтой эхчүүдийн мөнгийг олгох юм байна.
Албаны хүний хэлж буйгаар жилийн жилд одон авах эхчүүд өсөх хандлагатай байгаа аж. Ялангуяа одон авах эрх үүсэх хүүхдийн тоог багасгаснаас хойш нэлээд нэмэгдэх болсон гэнэ. Тодруулбал, II зэргийн одонтой эх бол тав, I зэргийн одонтой эх долоон хүүхэдтэй байсныг бууруулж, II зэргийн одонтой эх дөрөв, I зэргийн одонтой эхчүүд зургаан хүүхэдтэй байхаар болгосон билээ. Харин хүүхэд үрчилж авсан эхчүүд 0-3 насанд нь тухайн хүүхдээ үрчилж авсан бол одонгийн мөнгөнд хамрагдаж болох юм байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ