Катя Зол: Хувийн амьдралаа нээгээд байх хүсэлгүй

Катя Зол брэндээр олноо танигдсан Г.Золцэцэг Малайзад загвар зохион бүтээгчийн сургууль дүүргэж, “СК” моделийн агентлаг болон Jaymatt зэрэг газруудтай хамтран ажиллаж байсан бөгөөд хамгийн сүүлд “Universe best songs-2013” наадмын шилдэг оролцогчдын гадаад төрхөнд анхаарал тавьж ажиллаж байсан билээ.
Түүнийг “Mercedes benz”-ээс ивээн тэтгэдэг Нью-Йоркийн “Fashion Week”-т оролцохоор явахын өмнөхөн ярилцлаа.
-“Mercedes benz”-ээс ивээн тэтгэдэг Нью-Йоркийн “Fashion Week”-т оролцохоор болсон гэлээ. Энэ талаараа яриач?
-Тус загварын долоо хоног нь АНУ-ын Нью-Йорк хотноо ирэх хоёр сарын 6-13-ны хооронд болно. Олон улсын хамгийн том, шилдэг загвар зохион бүтээгчдийн загварыг танилцуулдаг. Нью-Йоркийг зорих багт 26 хүн багтаж байгаа бөгөөд Hero entertainment, нүүр хувиргагч Э.Эрдэнэсувд , “Шуранхай” хамтлагийн дуучин Д.Үүрийнтуяа, уран нугараач Э.Лхагва-Очир болон “Матрикс” салон, UBS телевизийнхэн гэх мэт хүмүүс энэ багт ороод явах гэж байна. Бид нэг зорилгын төлөө нэгдэж чадсан залуус болохоор амжилттай оролцоод ирнэ. Энэ наадамд зориулан үндэсний загварыг илтгэсэн гурван коллекц урлан танилцуулна. Хувцаснуудаа зөвхөн ноос ноолуур, нэхий, эсгий, сарлагийн хөөвөр, арьсан бүтээгдэхүүнээр хийж байгаа.
-Нью-Йоркийн тайзнаа монгол загвар гарах гэж байгаа анхны тохиолдол уу?
-Нью-Йоркийн “Mercedes benz”-ийн “Fashion Week”-т монгол загвар, монгол загвар зохион бүтээгчийн бүтээл гарч байсан тохиолдол өмнө нь байхгүй. Энэ шоу нэлээд олон оронд зохион байгуулагддаг. Бид яагаад ач холбогдол өгөөд байна вэ гэхээр Нью-Йоркт ихэнх хөгжилтэй брэндүүд үүсч бий болсон, Холливудын одууд байдаг гэдэг утгаараа давуу талтай.
-Яагаад Катя Зол гэж нэртэй болчихов оо?
-Урд нь Малайзад сурдаг байхдаа Катя гэж дуудуулдаг байсан. Тэгээд яван явсаар миний арын PR хийдэг компани надад энэ нэрийг санал болгосон. Миний монгол нэр Золцэцэг. Тэрнээс өмнө би KAT нэрээр загвараа гаргадаг байсан. 2010 оноос хойш энэ нэрээр явж байгаа. Магадгүй энэ нэрээр хүмүүс намайг илүү мэддэг болсон байх.
-Таны европ төрх давуу тал болдог уу?
Нэг талаар давуу тал байж болно. Гэхдээ би монгол хүн. Монголд төрсөн. Монголоороо үргэлж бахархдаг. Монгол хүн гэдгээ хаана ч зөв сайхан талаас нь үзүүлж харуулахыг хичээж яваа залуу хүн. Гэр бүлийн хувьд аав ээж дүүтэйгээ амьдардаг жирийн монгол айл.
-Таны төрсөн аавыг орос хүн байдаг гэж сонссон?
- Манай аав орос хүн байсан. Ээж маань Орост бизнес эрхэлдэг. Одоо ч гэсэн бизнесээ эрхэлсээр байгаа. Тийм ч учраас ээж маань дэлгүүртээ миний урласан хувцсыг борлуулахаар болсон.
Ээж намайг ойлгодог болсонд баяртай байгаа. Анх намайг ойлгодоггүй байсан юм. Би өмнө нь Москвагийн эрчим хүчний сургуульд суралцаж байсан. Гэхдээ энэ мэргэжил миний хүсэл мөрөөдөл биш гэдгийг ойлгосон учраас сургуулиа орхиод загварын чиглэлээр суралцахаар явсан.
Хүн хийгээд зүтгээд оролдоод байвал хэзээ нэгэн цагт чамайг хүлээн зөвшөөрнө. Магадгүй чамайг ойлгохгүй байсан хүмүүс ойлгох болно. Хийхгүй, бүтээхгүй яриад л яваад байвал хэн ч чамайг ойлгохгүй гэдгийг хэлэх гэсэн юм.
-Танай аав бурхан болчихсон юм уу. Та сая аав ээжтэйгээ амьдардаг гэсэн?
- Би одоо хойд эцэгтэй л дээ. Их сайн хүн байдаг. Аавын оронд аав болоод ээжид минь хань болоод явж байгаа хүн бий. Ер нь байгаа бүхэндээ сэтгэл хангалуун явна гэдэг бол амьдралаас авч байгаа хамгийн их аз жаргал юм даа.
-Стиль имиждээ хэр анхаардаг вэ?
-Загвар зохион бүтээгч хүн өөрийнхөө загварыг тодорхойлоод, үс гэдэг, царай төрхөө олигтой авч явж чадахгүй бол бусад хүмүүсийн загварыг тодорхойлж, бусад хүмүүс тэр хүний хийсэн загварыг даган дууриуна гэдэг боломжгүй зүйл гэж би үздэг. Өөрөө өөртөө таалагдана гэдэг маш том сэтгэл ханамж. Би өөртөө итгэлтэй эмэгтэй.
-Өөрийнхөө зохион бүтээсэн хувцаснаасаа өмсөх үү?
-Сүүлийн үед өөрийнхөө зохион бүтээсэн загваруудыг ихэвчлэн өмсдөг болсон. Ер нь илүү их үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодолтой.
-Ямархуу хувцас өмсөх дуртай вэ?
-Янз бүр дээ. Сүүлийн үед ажил ихтэй байгаа болохоор биед эвтэйхэн хувцас сонгодог болоод байгаа.
-Ээмэг зүүлт их хэрэглэдэг юм шиг харагддаг?
-Сүүлийн үед маш эрчимтэй хэрэглэж байгаа. Өмнө нь бараг хэрэглэдэггүй байсан шүү. Аксесуарыг Монголд үйлдвэрлэдэг газар тун цөөхөн байна. “Уран бютик” гээд газрын аксесуарын загварыг манай найз Урангоо зохиодог. Тэгэхээр бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, тэр аксесуаруудыг нь авч хэрэглэж, хамтдаа урагшлах ёстой юм болов уу. Тийм ч утгаараа тэндээс гоёл чимэглэлээ авдаг.
-Монголын загварын урлаг таныхаар хэр хөгжиж байна?
-Хөгжиж байгаа. Залуучууд гадаад дотоодод сураад, их өөр сэтгэлгээтэй,бие биенээ урмаар тэтгэж сурсан байна. Бие биенээ дэмжиж, нэгдэж чаддаг болжээ. Бас дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөж байна. Ер нь цаашид ч илүү их хөгжих байх гэдэгт итгэлтэй байна.
-Найз залуутай болсон уу?
Найз залуутай. Хамтдаа жаргалтай, сайхан л амьдарч байна. Одоохондоо хурим найр хийх бодолгүй байгаа. Би ер нь хувийн амьдралын асуудалд нээлттэй байх хүсэлгүй байна. Ямар ч байсан үе тэнгийн, чин сэтгэлээсээ учирсан залуу байгаа. Би амьдрал зохиож үзсэн эх хүн. Би үүнийг алдаа гээд нуугаад байгаа юм байхгүй. Хүний л амьдралд тохиолддог зүйл Катягийн амьдралд тохиолдсон. Тиймээс юунд ч яарахгүй байна. Надад дахиад алдах эрх байхгүй.
-Европжуу төрхтэй болохоор хүүхэд байхаасаа л олны анхааралд амархан өртдөг байв уу?
-Миний хүүхэд нас бусдын адил гэнэн цагаахан, сайхан зүйлээр дүүрэн өнгөрсөн. Аав, ээжийн эрх охин, тэргүүний сурагч, ангийн дарга байсан. Дээрээс нь хичээлээс гадуур зохиогддог урлаг, спортын ажилд идэвхтэй оролцоно. Сагс, шатар гээд оролцсон тэмцээнүүдээс авсан баярын бичгүүдээ цуглуулдаг хүүхэд байсан. Мэдээж европжуу царай маань сонин содон санагддаг л байсан байх. Гэхдээ асуудал биш байсан.
-Охид их багаасаа гадаад үзэмжиндээ анхаардаг болж. Таны хувьд хэдий үеэс гадаад үзэмжиндээ анхаарч эхэлсэн бэ?
-Арван жилийн хүүхдүүдийн гэнэн цагаахан үерхэл гэж байдаг. Охид хэн нэгэнд хөөрхөн харагдах гэж хичээдэг биз. Тэр л үеэс аяндаа өөрчлөгдсөн гэж бодож байна. Ер нь аливаа зүйл тэнцвэртэй байх ёстой шиг байгаа юм. Би нэгдүгээр ангиасаа наймдугаар анги хүртлээ онц сурсан бол анги ахиад гадаад үзэмжиндээ анхаарал хандуулаад дүн жаахан буурсан. Гэхдээ багын дадал, юмыг төгс хийхийн төлөө тэмүүлсэн зантай болохоор онцын зүйл өөрчлөгдөөгүй.
-Таны бусдаас ялгарах онцлог юу вэ?
-Би хоосон нэр хүндийн төлөө ажиллаагүй. Бас мөнгө олох гэж олон захиалгад даруулаагүй. Би анхнаасаа л илэн далангүй ярьдаг, нөхөрлөх хүнтэйгээ нөхөрлөчихдөг байсан. Надад их зан байдаггүй. Би ийм л байсан, байсаар ч байх болно.
-Дизайнераас гадна загвар өмсөгч болсон нь таны бас нэгэн зорилго байсан уу?
-Би сургуульд байхдаа коллекц гаргаад өөрөө өмсөөд хүмүүст үзүүлдэг хүүхэд байсан. Тиймээс ч хөдөлмөрийн хичээлдээ сайн дүн авдаг байсан юм. Түүнээс гадна Монголын “Гялбаа” сэтгүүлийн 2007 оны нүүрэнд зургаа авахуулж байсан удаатай. Ер нь Монголд байхдаа л тайзан дээр гараад их бага хэмжээгээр туршлагатай болчихсон байсан. Харин Малайзад надад мөнгө хэрэгтэй байсан болохоор загварын агентлагт бүртгүүлсэн. Гадаадад байгаа хүн ойр зуурын мөнгөө олох шаардлага гардаг. Тэгээд л фото модель болсон. Тэр үед миний европ төрх надад их хэрэг болсон. Одоо бодоход тэгж ажилласан туршлага маань надад загварын ертөнцийг ойлгоход их тусалсан.
-Хүн дуртай зүйлээ хийж байж аз жаргалтай амьдардаг гэдгийг та баталж байх шиг ээ?
Москвагийн эрчим хүчний сургуульд суралцаж байсан би загвар гэдэг зүйл надад аз жаргал өгдгийг ойлгосон. Дараа нь өөрийгөө юуны төлөө зүтгэх ёстойгоо ойлгоод явах замаа олсон.Зорилготой болоод ирэхээр хоолгүй байсан ч хүн дуртай ажлаа хийдэг юм билээ. Тэгээд би хүмүүст “Хийх дуртай зүйлээ ол” гэж захидаг юм. Харин түүнийгээ олсон бол тэрүүгээрээ амьсгал, амьдар гэж зөвлөдөг. Тэгэхээр өөрийгөө олно гэдэг бол амьдралын хамгийн үнэтэй чухал зүйл. Тэгээд бодохоор амьдрал гэрэл гэгээтэй, цаг хугацаа үнэтэй болчихдог.
Б.Цовоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ