Мятрашгүй Жулиа

Цагийн дараа Ерөнхий сайд “Мятрашгүй Жулиа” болно. Түүнд нэгэн төрийн бус байгууллагын зүгээс “Шантрашгүй хүн” хэмээх өргөмжлөл хүртээнэ. Үүнийг адилтгаваас дээрх мятрашгүй хэмээх нэр ерөнхий сайдын маань энэ шагналаас нэг их хол зөрөхгүй.

Шантардаггүй хүн хэмээх энэхүү хачирхал төрүүлэм өргөмжлөлийг авах болсон шалтгааныг ухаж сийрүүлбэл “сайн муугаараа дуудуулж л байдаг хэрнээ ажлаа хийгээд явдаг” мятрашгүй зангийнх нь улмаас гэнэ.

Хошин шог ч юм шиг. Тэр шагналыг бодож олсон нөхдүүдийг хошин шогийн жүжигчид гэмээ нь зритель дундаас тайзнаа уригдаж гараад хошин үзүүлбэрт нь оролцсоныхоо шанд гарын бэлэг аваад суудаг үзэгч нь Н.Алтанхуяг сайд бололтой.

Яахав дээ, улсынхаа гүйцэтгэх засаглалын тэргүүний хийж бүтээх гэсэн эрмэлзэлд нь урам өгөх гэсэн монгол залуусын сэтгэл юм биз. Гэхдээ л ингэж бодож өөрийгөө тайтгаруулахаас өмнө мөхөс миний бодлоор хийх юмаа олж ядсан нөхөд гэж нэрлэчих гээд болохгүй юм.

Минийхээр бол улс орноо хөгжилд хөтлөж яваа ерөнхий сайд бол болд мэт хатаагдаж явахдаа, ард түмэн төр улсынхаа төлөө сайн муугаар хэлэгдэх нь энгийн асуудал, бүр заавал байх ёстой асуудал мэтээр боддог.

Гэтэл ингэж ард түмнийхээ “үгийг даасныхаа төлөө” намба алдан гүйж захын нэг төрийн бус байгууллагаас шантардаггүй, мятардаггүй гэсэн утгатай цаас хүртэх нь түүний нэр хүндийг улам л унагах аргад автаад байна гэдгээ ерөнхий сайд маань мэдэж байгаа болов уу.

Аль эсхүл би л мятаршгүй Жулиа биш бол өөр хэн байх вэ гэж баярын нулимс дуслуулан огшсон сэтгэлээр гүйж яваа юм болов уу. Төрийн бус байгууллагууд ч гэж, цадигаа алдаж нөгөө элбэрэлт, ээж, ачлалт ээж, асралт ээж, номч мэргэн ээж гэх мэт өргөмжлөлөөр настай хөгшдөө хуурдагаа хэтрээд бүр төрийн сайдаар хүртэл тоглоом хийдэг болов уу гэмээр. Удахгүй ачлалт сайд, цэцэн мэргэн сайд, ажилтан албан хаагчдадаа авралт сайд гэх мэтчилэн шагналууд хөвөрнө дөө.

Ажил хөдөлмөр, бүтээсэн биет эсхүл оюуны гавьяагаар нь үнэлж шагнах бус хувь хүний онцлог, зан араншингаар нь омтгойруулан шагнах нь нийгмийн гаж үзэгдлүүдийн нэг гэдгийг цаг хугацаа болон их хүмүүс хэдийнэ баталчихсан даа уг нь.

Г.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ