Жанчивдэчинлин хийдээс Морин жилийн заслыг үнэ төлбөргүй хийнэ


Жанчивдэчинлэн хийдээс нийт сүсэгтэн олондоо зориулж модон морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн гуравны билэгт сайн өдөр “Буянт-Ухаа” спорт цогцолборт жилийн хишиг буян, хийморь лундаа, цог залийг бадраах засал номыг үнэ төлбөргүй хийхээр болжээ. Удахгүй болох гэж буй тус буяны арга хэмжээний талаар Жанчивдэчинлин хийдийн Хамба лам Ж.Шинэндэнцэл “ Жанчивдэчинлин хийдийн зүгээс 2013 онд буюу могой жилийн хаврын тэргүүн сарын шинийн 15 хоногийн турш шашны хэмээх тодотголтой ТВ-9 телевизтэй хамтран тухайн жилийн заслын номуудыг шууд нэвтрүүлгээр дамжуулан сүсэгтэн олон түмэндээ хүргэж байсан. Тухайн ондоо Жанчивдэчинлин хийдийн зургаан залуу лам маань “Жад жарз” буюу 108 булаг шандаар явах хээрийн даяан хатуужил бясалгал хийж буй баримтат нэвтрүүлэг болон давтамжтай аваар осол гардаг цэгүүд буюу Замын цагдаагийн газраас “Хар цэг” гэж тодорхойлдог газруудаар “Зод лүйжин”-ийн номын агуу увидас чадлын хүчээр хангай дэлхийн газар лусыг аргадан номхруулан тахих зэрэг зан үйлийг санаачлан хийж байгаа. Жанчивдэчинлин хийдээс энэ мэтчилэн арга хэмжээнүүдийг ээлж дарааллан зохион байгуулж байгаагийн учир нь гэвэл өнөө цагт үүсээд байгаа эмзэг сэдвийн нэг болох ямарваа нэг шашинаар ашиг олох зорилготойгоор сүсэгтэн олон түмний оюун санааг мунхруулан байгаад санаа зовнин үнэ төлбөргүйгээр жилийн засал номыг хийхээр болсон юм. Энэхүү арга хэмжээний үеэр сүсэгтэн олон түмэндээ бурхны шашны мөн чанар болох:
-Чин сэтгэлээсээ буяныг үйлдэх
-Аливаа буяны үйлийг өнгө мөнгөөр хэмжихгүй байх
-Үйлдсэн буяндаа үл өмчлөх хариу нэхээгүй тус гэсэн үзлүүдийг зөв таниулан ойлгуулна. Ялгуусан хэмээх модон морин жилдээ монгол түмэн маань элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин сайхан байхын ерөөл дэвшүүлж, энэхүү Заллага айлтгалд хүрэлцэн ирэхийг уръя. Номын буян дэлгэрэх болтугай” гэв.
Шинийн гуравны билэгт сайн энэ өдөр буюу 2014 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн 13:00 цагтБуянт-Ухаа цогцолборыг зорьж ирсэн хүн бүхэн ямар нэгэн тасалбар авалгүй чөлөөтэй орох боломжтой юм байна.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ