Ч.Гансүхийн хэрэгт ОХУ-ын иргэнийг гэрчээр оролцуулах хүсэлт гаргав


Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх Ч.Гансүх нарын 13 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг өнөөдөр товлон зарласан юм.
Хуралдаан эхэлж, нээлттэйгээр хянан хэлэлцэхэд нэр бүхий гурван шүүгдэгчийн өмгөөлөгч нар тодорхой шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргажээ. Тухайлбал, шүүгдэгч А.Жаргалын өмгөөлөгч К.Бауржан нь Улсын Дээд шүүхэд шүүх хуралдаан давхацсан, шүүгдэгч Ч.Гансүхийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг нь БНСУ-д ахыгаа аваад эмчилгээнд явсан, шүүгдэгч Г.Энхбатын өмгөөлөгч С.Жанцан нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд шүүх хуралдаан давхацсан тухай холбогдох баримтуудаа шүүхэд ирүүлсэн байна.
Мөн шүүгдэгчдийн өмгөөлөгч нар дээрх хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргасан бүх шинжээчдийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан аж. Түүнчлэн шүүгдэгч О.Хандсүрэнгийн өмгөөлөгч А.Тунгалаг нь шүүх хуралдаанд гэрчээр ОХУ-ын иргэн Платонов Максим Викторовичийг оролцуулах санал гаргажээ.
Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчдийн өмгөөлүүлэх эрхийг хангах үүднээс дээрх хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг ирэх хоёрдугаар сарын 17-ны 9 цаг 30 минут хүртэл хойшлууллаа.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ