Зүү залгисан цэрэгт ял оноолоо


Увс аймгийн Баруунтуруун сумын Хилийн цэргийн 0311 дүгээр ангийн байлдагч П.Хэнмэдэх офицер дэслэгч Н.Баатарт дарамтлуулсны улмаас гурван ширхэг зүү залгисан хэмээн мэдээлж байв. Тэгвэл уг хэрэгт Увс аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас Эрүүгийн Хуулийн тусгай ангийн 280 дугаар зүйл буюу “Биедээ гэмтэл учруулах буюу өөр бусад аргаар цэргийн албанаас зайлсхийх“ гэсэн зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ.
Мөрдөн байцаалтын явцад байлдагч П.Хэнмэдэх нь цэргийн ангиас зайлсхийх зорилгоор зүү залгиж өөрийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон тул түүний дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 280 дугаар зүйлийн 280.1 дэх хэсэгт зааснаар прокурор яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Увс аймаг дахь Сум дундын 24 дүгээр шүүх хэлэлцэж, П.Хэнмэдэхэд Эрүүгийн хуулийн 280 дугаар зүйлийн 280.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нэг жил 1 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид ялыг нь эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ