Морин жилийн өнгө ямар байх вэ

Монголчууд эртнээс тухайн жилийнхээ өнгөөр ирээдүйн ажил амьдралаа тодорхойлсоор ирсэн. XYII жарны “Ялгуусан” хэмээх модон морин жил тохиож байна.

Ирэх жилийн өнгө хийгээд ноён нуруу ямар байхыг сүм хийдийн хамба нар хэрхэн тольдсоныг уншигчдадаа хүргэе.

Мод, үр тарианы боловсруулалтад анхаарууштай жил
“Манба Дацан” хийдийн тэргүүн, хамба лам Д.Нацагдорж:

XVII жарны модон морин жил монгол түмэнд ээлтэй сайхан жил гарна. Гэхдээ зарим нэг зүйл дээр анхаарах хэрэгтэй. Хаврын улирал илүү сартай учраас удаан зүтгүүр байх нягууртай. Мөн зундаа хур бороо бага, гандуу, зарим үед хэт халах учир иргэд болгоомжтой байх учиртай. Мөн аянга цахилгаан, бороо, мөндөр, үер усны аюулаас болгоомжлууштай. Мөн мод, үр тарианы боловсруулалтад анхаарууштай жил шүү. Үр боловсролт жаахан хүндрэлтэй байна. Өвөл цагийн хувьд цас нэлээд орох магадлалтай. Ханиад, халдварт өвчин хүн малд илрэх байдал бий. Элэг, цөсний өвчтэй хүмүүс анхаарах хэрэгтэй. Уушги, амьсгалын замын архаг өвчтэй хүмүүс биеэ анхаарч, эмчлүүлэх нь зүйтэй. Энэ жил хулгана жилтэй хүн засал ном сайн хийлгэх хэрэгтэй. Хулгана жилтэй хүнд дүнсэр /их харш жил/ таарч байгаа учир дүнсрийн засал хийлгэх буюу Нанжид, Жанаггогдог, Дашзэвэг, Цагаан шүхэрт, Хамчунагва, Манал, Цэнд-Аюуш, Аюушийн Чог, Дорждэрэм номыг уншуулахад алзахгүй. Мэдээж жил орж байгаа хүмүүс жилийн болоод мэнгэний заслаа сайн хийлгэх нь чухал. Мөн морь жил сөрөг үр дагавар авчирч болзошгүй “Гүймэг” гэдэг зурхайн хэмнэл тохиож байгаа учир нохой жилтэй хүмүүст нэлээд ширүүн байгаа. Бүр тодруулбал, 21, 33, 45, 57, 69, 81 настай нохой жилтэй хүмүүст гариг эрхсийн хатуу нөлөө бий.

Өндөр суудалтанд тэрс, түшмэд, эгэл ардад ээлтэй жил болно

Монгол зурхайн “Түвдэнпэлжээлин” хийдийн зурхайч хамба лам Ж.Гончигсүрэн:

-XVII жарны “Ялгуусан” хэмээх модон морь жил ирж байна. Энэ жил “Шороон үхэр”-ийг модон морин жилийн хаврын амьсгал орсон өдрийн махбодыг гол болгон дүрсэлбэл үхэр нь ногоон толгойтой, эвэр, чих, сүүл, дөрвөн шийр нь улаан, цагаан ходоодтой, хөх омруу бүхий ногоон зүсийн, амаа ангайж сүүлээ зүйн тийшээ шарвасан хэмээн зурхайн цаг тооллын цаглабарт зурсан байна. Мөн үхэр хариулаач нь улаан нүүртэй, хөх дээлэн дээр шар бүс бүсэлсэн, гэзгээ баруун чихний ар, зүүн чихнийхээ урдуур унжуулсан, хос гутлаа өмсч, олсон шилбүүр барьсан идэр залуу үхрийнхээ баруун талд алхаж явна гэсэн зурлага гарсан. Энэ нь ирэх жил аливаа зүйл элбэг дэлбэг хангалуун амар амгалан хийгээд ажил үйлс өндөр бүтээмжтэй байхыг билэгшээсэн, өндөр суудалтнуудад тэрс, түшмэдүүд болон эгэл ардад ивээлтэйжил ирж байгааг илтгэнэ. Цаг уурын хувьд хаврын эхэн сард салхи шуурга ихтэй. Харин сарын дунд болон сүүлээр бага зэрэг гандуу байх төлөвтэй. Хаврын урь эрт орж байгаа нь хавар урт болохын дохио юм. Улс орны хувьд хууль цааз чангарна. Мөн ард түмний бие хэл, сэтгэлийн үйлээс хамааран тухайн жилийн өнгө бас харагддаг. Тиймээс ард иргэд бие сэтгэлийн үйлийг хянамгай байлгаж, сайн сайхан зүйлийг дэмжиж, бие, хэл, сэтгэл гурвын үйлийг эрхэмлэн сайн сайхан зүйлийг бодож, бүтээж байхыг чухалчлах ёстой.

info.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ