Н.Энхбаярыг ирээгүй гэв

Монгол Улсын гуравдахь ерөнхийлөгч Н.Энхбаяр өчигдөр орой эх орондоо иржээ гэсэн мэдээлэл худлаа байжээ. Бид энэ мэдээллийг нягтлахаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс тодруулахад тэрбээр “Манай намын дарга Н.Энхбаяр Монголд ирээгүй. Солонгост эмчилгээ нь дуусаагүй учраас ирэх боломжгүй. Харин манай намын удирдлагууд ирэх сарын 8-нд даргадаа очиж золгоно” гэсэн юм. Тэрээр өнгөрсөн наймдугаар сараас хойш Солонгос улсад эмчилгээ хийлгэж байсан.

Одоо түүний биеийн байдал өмнөхөөсөө харьцангуй сайжирсан хэмээн эх сурвалж мэдээлж байна. Анх 2011 онд авлига, хээл хахуулийн хэрэгт орж нэг жил гаруй эмнэлгийн хорионд байсан тэрээр өнгөрсөн наймдугаар сарын нэгний өдөр ерөнхийлөгчийн уучлалаар суллагдсан.

Харин сүүлийн үед түүнийг дараагийн засгийн газарт Шадар сайдаар ажиллах гэнэ гэсэн яриа гарах болсон. АН тав хоног завсарлага авах зуур шинэ Засгийн газрын сураг сонсогдож экс Ерөнхийлөгчийн нэр сонсогдож эхэллээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ