Д.Хүрэлбаатар: “Хас тэмдгээ би үргэлж хадгалж явдаг”

“ХасБанк”-ыг үүсгэн байгуулагчдын нэг НИТХ-ын тэргүүлэгч Д.Хүрэлбаатартай ярилцлаа.

- Таныг “ХасБанк”-ны үүсгэн байгуулагчдын нэг гэдгийг бид мэднэ. ХасБанкны 12 жилийн ой болж өнгөрлөө. Тиймээс энэ банкийг тухайн үед хэрхэн үүсгэн байгуулж байсан талаар яриагаа эхлэх үү?
- Монгол Улсад банк санхүүгийн салбар үүсч хөгжөөд 20 гаруй жил болж байна. 1998 онд НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж байсан Микростарт хэмээх төсөл “Хөгжлийн алтан сан” гэж байгууллагыг байгуулсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд өрхийн аж ахуйг хөгжүүлэх, бичил санхүүг хөгжүүлэх, жижиг үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр анх байгуулагдсан түүхтэй.

Эхлээд Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан хоёрын суурин дээр байгуулагдаж байсан. Тэгээд яваандаа зургаан ТББ нэгдэж Хөгжлийн алтан сан буюу “ХАС” гэж ББСБ маань үүсч байсан түүхтэй. Энэ маань “ХасБанк”-ны маань үндэс суурь нь байсан юм. Хөгжлийн алтан сан байгуулагдаж байхад төсөл дээр Ганхуяг, Должмаа, Бат-Очир, Дэлгэржаргал, Зулаа, Батаа, Нэргүй, Дариймаа, Соронзонболд зэрэг чадварлаг залуучууд ажиллаж байсан.

- Нийгэмд чиглэсэн олон үйл ажиллагааг банк болохоосоо өмнө зохион байгуулж байсан гэдэг. Тэгэхээр тэр үед яг ямар ямар үйл ажиллагаа явуулж байв?
- Тухайн үедээ бичил санхүүгийн чиглэлээр зөвлөгөө өгөх, бичил санхүүгийн зээл олгох зэрэг үйлчилгээ явуулж байсан. Тэр үед ломбард сарын 15 хувийн хүүтэй зээл өгдөг байлаа. Гэтэл үүнийг даван туулахын тулд бид зээлийн хүүг огцом бууруулж найман хувийн хүүтэй зээлийг гурван сарын хугацаатайгаар нэг иргэнд 150 мянган төгрөг гэж тогтоон олгож туршиж эхэлсэн. Энэ маань их амжилттай болсон бөгөөд төр захиргааны байгууллага ч их дэмжиж байсан. Бид гар урчууд, бичил өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулж зээл олгож эхэлснээрээ зээлийн хүүг эрс бууруулсан. Бид нар тухайн үед бичил санхүүгийн зээл авсан хүмүүсээ дэмжиж, тэдний үзэсгэлэн яармагийг Урт цагааны урд зохион байгуулж байсан. Тухайн үед хувь нийлүүлэгчдийнхээ дэмжлэг туслалцаатайгаар Дорноговь аймгийн Айраг сум, Хэнтий аймаг, Сайншанд болон Чингэлтэй, Баянгол дүүрэгт анхны салбаруудаа байгуулан амжилттай ажиллаж байсан юм.

- 1998 оноос өнөөг хүртэлх хугацаанд “ХасБанк”-ны хөгжил дэвшлийг та хэрхэн харж байна?
- Анх 2001 онд бичил санхүүгийн үйл ажиллагааг явуулж эхэлж байхад хүндрэл бэрхшээл их байсан. Ялангуяа би ББСБ-ын ТУЗ-ийн даргаар хоёр жил ажиллаж байхад манай Роберт “Хөдөө очиж франчайз маягийн үйлчилгээ үзүүлье” гэж байхад нь би “Хөдөө өөрийн гэсэн салбар байхгүй байж бага шиг хэмжээний зээл өгчихөөд дараа нь араас нь өөрсдөө хөөцөлдөж явна гэвэл хүндрэл учирна” гэж хэлж байсан. Тэгээд Роберт Хэнтий аймгийн Галшир бил үү дээ сум руу яваад мориноос унаж гараа хугалчихаад хүрээд ирсэн юм. Тухайн үед бид 200 мянган төгрөгний зээл олгочихоод гурван сар болоод араас нь хөөцөлдөөд байвал ямар их зардал гарах вэ? Энэ бол маш хүндрэлтэй байсан л даа. Яагаад гэвэл, зургаан ТББ маань олон нийтийн байгууллага бөгөөд бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байгаа учраас тухайн үеийн хуулинд сөргөөр нөлөөлөх вий гэсэн болгоомжлол байсан.

Гэсэн хэдий ч тухайн үеийн бодлого Монголд орж ирсэн төслүүдийг амжилттай хэрэгжүүлье гэсэн зорилт тавьж ажиллаж байлаа. Үүнийгээ ч нийгэмд хүртээхийн төлөө ажилласны хүчинд 2001 онд “Говийн эхлэл” буюу тухайн үеийн Европын холбооны байгуулсан бас нэг ББСБ-тай нэгдсэн юм. Нийлэхдээ 49 хувийг нь “Говийн эхлэл”, 51 хувийг нь “Хөгжлийн Алтан Сан” буюу бидний тухайн үед барьж байсан бодлогоор монголчууд 51 хувийг эзэмших зарчим дээр анх банк болох эхлэлийг тавьж байсан.

Өнөөдрийн өнцгөөс сүүлийн үеийн тоо мэдээг харж байхад “ХасБанк”-ны нийт актив 1,8 их наяд төгрөг болсон байна, 110 салбартай болж, 1700 гаруй ажилтантай болсон байна гэх зэрэг тоон үзүүлэлтийг харах юм бол анх үүсгэн байгуулагдаж байхад 150 сая төгрөгийн сантай байсан банк ийм болтлоо хөгжсөн байна. Энэ амжилтад хүрсэн учир нь “ХасБанк”-нд зөв засаглал, зөв ажилчид, зөв хүмүүс ажилласаар ирсний хүчинд өдий зэрэгт хүрсэн юм болов уу гэж бодогддог. Нөгөө талаар, тухайн үед Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч байсан, одоо “ТэнГэр” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал, Банкны холбооны ерөнхийлөгч хийж байгаа М.Болд “ХасБанк”-ийг байгуулахад маш чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг хэлмээр байна.

- Тэгвэл “ХасБанк”-ны билиг тэмдэг болсон хас тэмдгийн тухайд?
- Миний энэ зүүж байгаа хас тэмдгийн тухай нэг зүйлийг сонирхуулж яръя гэж бодлоо. Тухайн үед “ХАС” ББСБ-ын билэг тэмдэг болох хас тэмдгийг зүүгээд бид ярилцаж байхад “Говийн эхлэл”-ийнхэн санал гаргасан л даа. “Европчууд фашизмыг илэрхийлсэн учраас хас тэмдэгт их дургүй байдаг юм. Тийм болохоор наад тэмдгээ авч хаявал яасан юм бэ?” гэж байсан. Тэгэхэд нь би “Хас тэмдэг бол Эзэн Чингисийн үеэс уламжлалтай Монголын түүхтэй холбоотой учраас би энэ хас тэмдгээ авахгүй ээ” гэж хэлсэн. Гэхдээ би бизнесмэн хүн учраас “Үнэхээр европчууд хас тэмдгийг хүлээн зөвшөөрөхгүй бол би хүндэтгэе ээ. Гэхдээ би ч гэсэн энэ тэмдгээ хүндэтгээд тодорхой хэмжээгээр үнэлмээр байна. Хэрвээ бидэнд 50 мянган долларын хөрөнгө оруулалт хийнэ гэвэл би хас тэмдгээ авъя” гэж хэлсэн. Тэгээд бид ярьж хөөрөөд 50 сая төгрөгөөр хас тэмдгээ авч байсан түүхтэй. Энэ байгууллагын үндэс суурийг тавилцаж байсны хувьд энэ тэмдгийг хадгалж байдаг юм. Өнөөгийн “Хас”-чуудыг энэ түүхийг мэдээсэй гэсэн үүднээс үүнийг ярилаа.

- Ярилцсанд баярлалаа. Эх сурвалж www.wikimon.mn

Ч.Молор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ