Томчууд ба борчуудын шүүх

Монголын Олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэнг сүр дуулиантай баривчилж хэвлэлээр л нэг сенсаци болж сайн мууг нь мэтгэлцэж байсан цаг саяхан мэт. Тэгвэл өчигдөрхөн Нийслэлийн Прокурорын газраас шүүхэд шилжүүлсэн түүнд холбогдох гэмт хэргийг шүүх хянан шийдсэн тухай мэдээлэл цацлаа.

Шүүх түүний буруутайг тогтоожээ. Мөрдөн байцаалтын явцад Д.Загдсүрэн нь өөрийн албан тушаалаа хэтрүүлэн улсад их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдсон тул шүүхээс түүнд гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 266 дугаар зүйлийн 266.2-т заасны дагуу гурван жил хорих ял өгсөн ба үүнийгээ Өршөөлийн хуульд хамруулан ял эдлэхээс чөлөөлсөн байна.

Түүнийг иргэд хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон олимпийн нэрээр их хэмжээний луйвар хийсэн хэмээн ойлгож байгаа. Хамгийн энгийнээр шүү. Тодруулбал олимпийн хорооны мэдлийн газрыг зарсан, олимп хэмээх нэр сүрийн дор орж ирдэг ихээхэн мөнгийг халаасандаа шургуулсан, түүгээрээ хувийн бизнес хийсэн гээд нэлээд урт сунжирсан хэрэгт холбогдоод байсан. Энэ нь ч батлагджээ. Хэрэгт нь ч ял оноож.

Гэхдээ эндээс нэг зүйл ажиглагдаж байна. Н.Энхбаяр маркын авлига, албан тушаалаа ашиглан улсад их хэмжээний (их хэмжээний гэдгийг сэтгүүлч би тэрбумаас дээш гэж ойлгож байгаа) хохирол учруулсан этгээдэд шүүхээс оноох ял ер нь багцаагаар 3-4 жил байдаг бололтой.

Н.Энхбаяр мөн л ийм хэмжээний ял авангаа хугацаанаасаа өмнө суллагдсан. Харин ч Д.Загдсүрэн экс ерөнхийлөгчөөс багыг шамшигдуулсан уу, эсхүл түүнээс ч илүү танил тал байсан уу гурван жил ял аваад түүнийгээ өршөөлийн хуульд хамруулаад байхгүй болгож орхижээ.

Энэ жишээнээс харахад ихээхэн сүр дуулиан болж шүүхийн шинэчлэл хийж авлигатай тэмцэж байгаа мэт харагдавч цаагуураа нэг л гурилдаад байх шиг. Их л дуулиан дэгдээнэ, баривчлана за тэгээд шүүхээр шийдтэлээ мөн ч их сунжирна даа. Бүгд л хорт хавдар тусаж, бүгд л хагалгаанд орох нь шахаж байж нэлээд олон үзэгдэлт жүжиг тоглож байж шүүхийн шийдвэр сонсоно доо. Тэр хугацаанд цаг хожиж ямар нэгэн тохиролцоо хийдэг юм шигээ.

Тэгээд эцэст нь дээр дурдсан шиг хэмжээний ял аваад жил хүрэхтэй үгүйтэй аавынд хэвтэж байгаад л эцэст нь өршөөлийн хуулиар суллагдаж орхино. Анзаараад байх нь ээ яг л ийм үзэгдэл бүхий жүжгүүд яваад байна уу даа.

Долдугаар сарын 01-ний хэрэгт холбогдсон генерал, хурандаа нар ч мөн дээрхтэй яг ижил. Энэ жилийн эцэс гэхэд бүгд л наранд гараад ирэх юм байна лээ.

Үүнийг томчуудын хэрэг ба томчуудын ял гэж нэрлэе. Тэгвэл эсрэгээр нь борчуудынх ямар байгаа вэ. Тэд сүр дуулиан дэгдээхгүй, элдвээр баашилж шүүхийн процесст нөлөөлөхгүй. Шүүх ч гэрлийн хурдаар шийдэж ялыг нь онооно. Олны нүд, чихэнд ил байгаа сүүлийн жишээг дурдахад хий буудаж түмэн олныг айлгасан Ц.Мөнхбаяр нарын хэрэг байна. Үнэхээр тэд буруутай юу гэвэл буруутай. Цус асгаруулалгүй хувьсгал хийсэн цагаан морин жилийг санавал төрийн ордны өөдөөс буу гаргаж, хотын төвд буун дуу хадаасан буруутнууд. Гэхдээ тэдэнд оноосон ял нэг л биш гэдгийг олон нийт ярьсаар байгаа.

Мөн өнөөх хэвлэлийн баатар болж зүү залгиулсан сүүлдээ залгисан хэргийн эзэн болсон жаахан бор цэрэгт нэг жил, нэг сарын ял оноож орхижээ. Үндэслэл нь цэргийн албанаас зайлсхийсэн. Тэгж яривал цэргийн албанаас элдвээр зайлсхийсэн нөхдүүд өчнөөн л байгаа. Ц.Мөнхбаяр нарын хэргийг долдугаар сарын 01-ний хэргийн холбогдогч болж яллагдсан цагдаагийн удирдлагуудын хэрэгтэй, зүү залгигч П.Хэнмэдэхийн хэргийг Олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн нарын хэрэгтэй харьцуулвал ял оноолтын байдлаараа тэнгэр газар шиг зөрөө гарах бөгөөд үүнийг борчууд ба томчуудын гэж ялгавал зохилтой.

Н.Умард

СЭТГЭГДЭЛ БИЧИХ