Д.Батболдын асуудлыг Төрийн албаны зөвлөл рүү шилжүүлжээ

Өнгөрсөн оны долоодугаар сард татварын байцаагч эмэгтэй мэргэжил нэгтнээ хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарч, олон нийтийг цочролд оруулсан. Хоёр бүсгүйн дунд гүйж хоёуланд нь япон автомашин бэлэглэсэн гэх Д.Батболд гэгчээс болж ийнхүү хоёр бүсгүй амь амьдралаараа хохирч, нэг нь шороонд булуулж, нөгөө нь шоронд орсон. Д.Батболдын хувьд Уул уурхайн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга ажилтай. Түүнийг яллах ямар нэгэн хуулийн заалт байхгүйгээс тэрбээр шийтгэл хүлээлгүй үлдсэн. Тэрбээр хар шилээр гангарч, шүүх хуралд оролцон тухайн үедээ л хэл ам дагуулаад авсан.Түүгээр ч зогсохгүй одоог хүртэл ажлаа хийсээр яваа.
Тэгвэл УИХ дахь эмэгтэй гишүүдийн зүгээс Уул уурхайн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Батболдод хариуцлага тооцох ёстой хэмээн үзэж байгаагаа илэрхийлж, Уул уурхайн яаманд албан бичиг хүргүүлсэн. Албан бичигт “Танай яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Батболдод хариуцлага тооцуулах тухай хүсэлт, захидлуудыг УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлэгт иргэд, олон нийтээс ирүүлсээр байна. Хэдийгээр Д.Батболд нь уг гэмт хэрэгт биеэр оролцоогүй ч түүний хувийн харилцааны зарим үйлдэлтэй холбоотойгоор хүний амь нас хохироод байхад тэрбээр ямар ч шийтгэлгүй өнгөрч байгаад иргэд бухимдаж, төрийн захиргааны албан хаагчийнхаа хувьд хариуцлага хүлээх ёстой гэж үзсээр байна. Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоол, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.4.1-д зааснаар төрийн захиргааны албан хаагч нь төрийн албаны нэр хүндийг өндөрт өргөж явах үүрэгтэй. Харин Д.Батболдын хувийн харилцааны ёс зүйгүй үйлдлүүд нь төрийн албан хаагчийн нэр хүндийг унагаж байна. Ийм учраас УИХ дахь эмэгтэй гишүүд бид Д.Батболдыг төрийн албаны үүрэгт ажлаас нь чөлөөлөх арга хэмжээ авч өгөхийг танаас хүсч байна” гэжээ.
Тэгвэл түүний асуудлыг нягталж үзээд Төрийн албаны зөвлөл рүү шилжүүлсэн болохыг өчигдөр Уул уурхайн яамнаас хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр дуулгасан юм.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ