Ц.Мөнхбаяр нарын тухай гадаадын хэвлэлүүд мэдээлж эхэллээ

"Гал Үндэстэн" холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарт шүүхээс 21.6 жилийн хорих ял ногдуулсан. Үүнийг эсэргүүцсэн УИХ-ын гишүүн Ж.Батзандан болон бусад иргэний хөдөлгөөний байгууллагууд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсээр байгаа. Тэгвэл Ц.Мөнхбаяр нарын тухай гадаадын хэвлэлүүд мэдээлж эхэллээ.

Тодруулбал, http://asiancorrespondent.com сайтад Монголын шүүхээс байгаль хамгаалагч “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр болон холбооны дөрвөн гишүүнд үзэл бодлоо илэрхийлэн, шударга бус хуультай тэмцсэнийх нь төлөө хатуу шийтгэж 21 жилийн зургаан сарын ял оноожээ. Энэ нь байгаль хамгаалагч нарын эгдүүцлийн ихээхэн хүргэсэн шийдвэр болсон байна гэжээ.

Тус сайтад "Байгаль хамгаалагч уу, алан хядагч уу хэмээн гарчиглаад, тэднийг террорист халдлага үйлдэхийг завдсан хэмээн ийнхүү шийтгэсэн байна. Гал үндэстэн холбооныхон өнгөрсөн есдүгээр сард 2009 онд батлагдсан урт нэрт хуулийн эсрэг тэмцэж Төрийн ордон болон нийслэл хотын төв орчмоор тэсрэх бөмбөг тавьж, галт зэвсэг хэрэглэсэн хэмээн буруутгагджээ. Тэдний хуулийг эсэргүүцэх гол шалтгаан нь хуулийн нэр дор байгалийн баялгийг замбараагүй ашиглаж, байгаль орчныг бохирдуулж буйтай холбоотой гэнэ. Тиймээс хуульд өөрчлөлт оруулж, засаж шинэчлэх шаардлагатай хэмээж байгаа аж. Үүний тулд холбооныхон өмнө нь ч хэд хэдэн удаа нэлээд ширүүрхэн тэмцлээ илэрхийлж байсан удаатай.

Ц.Мөнхбаяр улстөрчдийн булхайтай баталсан энэ хуулийг өөрчилж жирийн малчин иргэд болон монгочуудын эрх ашгийг хамгаалах үүднээс мөн газар нутгаа хамгаалахаар эсэргүүцлээ хурцаар илэрхийлсээр ирсэн. Тэрээр анх “Монголын гол нууруудыг хамгаалах хөдөлгөөн”-ийг үндэслэж байсан нэгэн. Энэ хөдөлгөөн нь гол мөрнүүдийг бохирдлоос хамгаалах тэр тусмаа уул уурхайн бохирдлоос хамгаалахын төлөөх нэлээд хүчтэй дуу хоолой болж байсан юм. Тиймээс түүнийг 2007 онд “Goldman Prize” шагналаар шагнаж байжээ.

Ц.Мөнхбаяр эх орныхоо эрх чөлөөт, тусгаар тогтносон байдлын төлөө тэмцэж байгаа бөгөөд өөрсдийнх нь нүдэнд илхэн байгаа өвөрмонголчууд шиг байдалд хүрэхгүйн төлөө тэмцлээ хийж байсан. Монгол улсын хувьд улс төрийн шууд захиргаадалтай улс биш, иргэд нь үзэл бодлоо нэлээд илэн далангүй илэрхийлдэг чөлөөт ардчилсан улсын нэг юм. Тиймээс улс төрийн буруу үйл ажиллагаа болон шударга бус хууль тогтоомжийн эсрэг зоригтой дуу хоолойгоо илэрхийлсээр ирсэн байна.

2010 онд анхны төрийн эсрэг тэмцлээ эхлүүлж байсан бөгөөд урт нэрт хуулийг эсэргүүцсэн боловч өнөө хэр сунжирч 2013 онд шинэ Засгийн газрын нүүр үзсэн ч байдал хэвэндээ байсан нь тэдний бухимдлыг төрүүлжээ. Шинэ Засгийн газар гарсан даруйдаа гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн нь тэднийг галт зэвсэг барин тэмцэхэд хүргэсэн байна.Тэдний зэвсэгт жагсаалаар нэг ч хүн шархдаагүй. Харин энэ үйлдэл л террорист халдлага хэмээн буруутгагдаж олон жилийн ялаар шийтгэгдээд байгаа билээ" хэмээн нийтэлсэн байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ