Номин супермаркетийн “но”-той сурталчилгаа

Номин супермаркет гэж олны танил нэгэн хоршоо буй. Олны танил болох нь ч аргагүй юм. Зурагтыг том, жижиг гэж гололгүй өдөр, шөнөгүй өөрийгөө сурталчилж байдаг газар л даа. Үнэндээ хөтлөгчдөөс нь олон гардаг болохоор тэр биз. Хот, хөдөөгийн хөгшин, залуу хэнээс ч асуусан мэднэ гэдэгт эргэлзэхгүй байна.
“Хаврын баяр Номингоос эхэлнэ” гэдэг нэртэй олонд ихэд түгээд байгаа, бараг монгол хэлний үгийн санд суучихсан бонус гэдэг үгээр халхавч хийсэн луйвар нэг байна. Бонусын карт нь гурван эгнээ, зургаан купон буюу нүднээс бүрдсэн байна. Гучин мянган төгрөгийн бараа авах болгонд нэг нүдийг нь бөглөх аж. Ингээд доод зургаан нүдийг таглахуй арван мянга, дунд нүдийг бөглөвөл хорин мянга, дээд нүдийг хаавал хорин таван мянган төгрөгийн бараа тус тус үнэгүй авах юм байна. Хаврын баяр нь энэ сарын 8-нд өндөрлөж дүнгээ гаргах ёстой гэх. Урамшуулал хүртэх сонирхолтой худалдан авагчид улангасан зүтгэсээр овоо дүүргээд авсан бололтой. Нийслэлийн иргэн Н.Оюун гэх эмэгтэй үлдсэн хоёр нүдийг нь бөглөхөөр жаран мянган төгрөгтэй очжээ. Тэгтэл хэрэг бишдээд явчихаж. “Та одоо амжихгүй. Өнгөрсөн сарын 28-нд дууссан” гэжээ. Тавдугаар сарын 8-нд өндөрлөнө гэж карт дээр чинь байна шүү дээ гэвэл, “Манай дотоод хэрэг” хэмээжээ. Тэгээд хэрхэхээ асуувал, доод зургаан нүд бөглөснийхөө урамшууллыг авч болохыг зөвлөжээ. Мөн л картад бичсэний дагуу хүнсний бараа авахаар очтол зөвхөн саван, угаалгын нунтаг авахыг сануулсан байна. Тэр эмэгтэй хоёрхон нүд үлдээхдээ 500 гаруй мянган төгрөг гарзадснаа хэлэв. Энэ нь худалдан авагчдын дунд энгийн үзэгдэл болжээ. Номингийн хулхидалт нэг иймэрхүү маягаар үргэлжилдэг ажээ. Удахгүй зун, тэгээд намрын баяраа хийх байхдаа.
Г.Мөнхнасан
//
СЭТГЭГДЭЛ БИЧИХ