Морин жил монголчуудад ээлтэй

XVII жарны Ялгуусан хэмээх модон морин жилийн шинийн гуравны нар мандлаа. Амжилт бүтээл ихтэй хуучин оноо үдэж, төрийн сүлдэндээ шүтэн залбирдаг молор эрдэнэ морьтойгоо хөгжил цэцэглэлтээ улам ахиулан дэвжүүлэхээр бид шинэ ондоо орлоо. Морин жилд монголчууд улстөрийн томоохон хөдөлгөөн ихтэй байдаг ч модон морин жил тиймгүй буй за. Монголчууд бид эвдэрлийн үүдээ эгнэгт хааж, эвлэрлийн үүдээ дэлгэж цагаан морин жилийн хувьсгалаа улам батжуулах цаг энэ морин жил гэнэ.

Зурхайч мэргэдүүд энэ морин жилийг нар хур бороо жигдэрсэн, ургац ногоо арвинтай сайхан жил гарна хэмээжээ. Ингээд жил бүр түмэн олныхоо итгэлийг дааж тухайн жилийн ноён нурууг гаргадаг эрхмүүдийн модон морин жилийг хэрхэн тодорхойлсныг уншигчдадаа хүргэе

Нэгдүгээр сарын дундуур бур­ханч лам Г.Пүрэвбат хоёр шавийн­хаа хамтаар уламжлал ёсоор ирэх жилийн шороон үхрийн зурлагыг зурсан байна. Үүнийг Гандантэг­чэн­лин хийд тайлснаар бол "Үхэр нь ногоон толгойтой, эвэр чих сүүл хөлнүүд нь улаан, цагаан ходоодтой, хөх омруу, бүхий ногоон зүстэй, амаа ангайж сүүлээ зүүн тийш шарвасан" байна гэжээ.

Үхэр хариулаач нь "улаан нүүр­тэй, хөх дээлээ шар бүсээр бүсэл­сэн, баруун гэзгээ чихнийхээ араар, зүүн гэзгээ чихнийхээ урдуур унжуулсан, хоёр гутлаа өмсөж, шилбүүр барьсан идэр залуу үх­рийнхээ баруун талд алхаж яваа" байдалтайгаар дүрсэл­жээ. Энэ нь шинжвээс "Улирал эхлэх бүрт салхи шуургатай, жилийнхээ эхэнд хур тунадастай, дунд эцэст нь гандуу байж магадгүй. Хууль цааз чангарч үйлчлэл нь сайжирна. За­лууст ээлтэй, нялхаст дунд зэрэг, өвгөдөд ширүүн жил болох" нигуур­тай хэмээн буужээ.

Мод нь өөртөө галыг агуулдаг тул гал махбоди давамгайлж байна. Энэ нь хүмүүсийн занг огцом түргэн болгох, бухимдуулах түүнээс болж нөхөрлөлд сэв суух болгоомжлол явдаг. Цаашилбал ашиггүй хөрөнгө оруулалт, алдагдал мөнгөний хям­ралд өртөх магадлал ихтэй. Эр модон моринд нарны илч тус болж өндөр ургахад нь шороо ус хэрэг болно хэмээн ёгтолжээ.

Тэгвэл Дашчойлин хийдийн хамба лам Ч.Дамбажав бээр ялгуусан хэмээх морин жил хур бороо жигдэрсэн, ургац ногоо арвин, сайхан жил гарна. Гэхдээ бүх зүйл хүмүүн биднээс шалтгаална.

Мэрийгээд хичээгээд ажиллавал сайн сайхан болгон ямагт дэргэд байдаг. Энэ жил хатуу жил гарна хэмээн айх юм байхгүй.

Жилийн хатуу, зөөлөн, сайн муу байх нь бидний санааны асуудал. Засал номоо уншуулан, сэтгэлээсээ итгэлтэй, сүжигтэй байх юм бол болохгүй бүтэхгүй зүйл гэж үгүй. Хүн сэтгэлээрээ, хийж бүтээж буй үйлээрээ сайн сайхан байвал саад тотгор гэж үгүй. Жилийн хатуу зөөлнийг даван туулах хүч, энерги бий. Онцгойлон хэлэх жил гэж байхгүй. Хүн бүхний бие мах бодь, засал ном өөр. Жил орж байгаа хүмүүс айх, сандрах юмгүй.

Цагаан морин жил монголчуудад ардчиллыг авчирсан шиг энэ жилийн морин жил ээлтэй. Монголчууд морио анд нөхөр шигээ дээдэлдэг. Хотол олноороо эрүүл энх, аз жаргалтай, ажил үйлс бүтэхийн ерөөл тавьж номоо уншуулахад болно. Эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусын тулд бүх юм сайхан байх болтугай гэсэн сэтгэлээр хандах хэрэгтэй хэмээн номложээ.

ТэгвэлМонгол Улсын Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, Монголын Үндэсний ШУА-ийн академич, шинжлэх ухааны доктор (ScD), профессор, зурхайч Урианхай Л.Тэрбиш морин жилийг хэрхэн зурсныг дор сийрүүлье.

“Ялгуусан” хэмээх модон морин жилд хүмүүс өвчний шалтгаан болсон тачаал, урин, мунхагийг тэвчин боогууштай.
“Жилийн эзэн од”-ны үр нь: Хаад, албат сэлт хамаг ард нийтээр өөр зуураа найрамдюу. Үр тариа арвижих ба тарнич, засалч нарт буянтай болюу.
“Жилийн эзэн гараг”ийн үр нь: Галын хүчин арвижих тул гал түймэр хийгээд халдварт хижиг өвчин, нянгийн гаралтай өвчин, зүрний өвчин, умайн өвчин, цус харван өвчин зэргээс сэргэмжлүүштэй.
“Хаан гараг”-ийн үр хаялга нь: Эрдэнэ мэт хүмүүний ухааны үүд бүгд ертөнцөд дэлгэрнэ.Үр тариа, жимс цэцэг дэлгэрнэ. Хүмүүн нүгүүд номын явдлаар явж хурмуй. Номхотгол төгөлдөртнүүд өргөл, хүндлэлийг олмуй. Хаан нугуудын хүчин арвижюу.
“Түшмэл гараг”-ийн түмнээ нөлөөлөх үр нь: Элдэв гэм, тотгор гарах нь элбэг. Хүмүүн нүгүүд өвчнөөр нэрвэгдэн, эд баялаг доройтох нигууртай тул өглөгийн сэтгэлийг эрхэмлэн бариуштай. Хүчтэй салхи шуурга дэгдэн, үр тариа боловсроход муу нөлөөтэй байж болзошгүй.

-“Шороон үхэр”-ийн шинжээр жилийн эхээр цастай, хуучин хөх ногоо сайтай, жилдээ хур чухаг, зуны дунд сараар мөндөр цохимтгий өвс, ургамалтай жил болно. Үхэр хариулаач залуу хүмүүн тул залууст амгалан, нялхаст ширүүвтэр, өвгөдөд ширүүн байх шалтгаантай. Түшмэд эрх хүч сайтай, хур сайтай, ард олон амгалантай жил болохын нигууртай жил болохыг бэлгэдэж буй.

Энэ жилийн хувьд наран Хумх, Загас, Хонь, Үхэр, Арслан, Хилэнц, Матрын ордонд байрлах үед хур ус цагтаа бууж, эд агуурс элбэгжин, ихэс дээдэс буянаар тэтгэх ба бүх зүйл тэгшрэх сайн. Мэлхий, Охин, Жинлүүр, Нумын ордонд байрлах үед сайн, муугийн магадлал үгүй тул ажил үйлдээ анхааралтай байж, элдэв өвчнөөс болгоомжлууштай. Харин Хамтатгахын ордонд байрлах үед салхи шуурга гаран, хямрал болохын нигууртай тул сэргэмжтэй байгууштай хэмээжээ.

www.bataar.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ