С.Ганбаатар: “Болохгүй бол гудамжинд гарч жагсана”

- Та төрийн түшээ болоод чамгүй хугацаа өнгөрлөө. Өмнө нь МҮЭ-ийн ерөнхийлөгч байсан хүний хувьд асуух асуулт байна. Нийгмийн даатгалын тогтолцоог өөрчлөхийн төлөө хийж хэрэгжүүлэхээр бодсон хуулийн төсөл, хөтөлбөр танд байгаа юу?
- Одоогоос найман сарын өмнө шиг санагдаж байна. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслийг өргөн барьсан. Одоо ид яригдаж байна. Үндсэндээ найман сар парламентаар дуншиж байна гэсэн үг. Засгийн газраас санал авах гэж хоёр сар болсон бөгөөд өнөө маргаашгүй чуулганаар орно. Эрүүл мэндийн даатгалын хуулийн мөн чанар нь даатгал төлсөн (жишээ нь, энэ жилийн хувьд 200 орчим тэрбум төгрөг байгаа) хүмүүсийн халааснаасаа авч төлсөн 200 орчим тэрбум төгрөгийг сайд нар, Засгийн газар, дарга нар дундаас нь хамаагүй зарцуулдаг. Иргэд эмнэлэгт очиж набор өгөх гэж оролддог, таньдаг эмчээ хайж явдаг, эсвэл эмнэлгийн үйлчилгээ авах гэж маш хүнд байдалтай болдог. Миний хуулийн үндсэн зарчим бол эмнэлгүүд бидний мөнгийг дундаас нь дамжуулж өгдөг сайд дарга нарт таалагдах гэж ажиллах биш мөнгөний эзэн болсон иргэд, даатгуулагчдад таалагдаж ажиллах тийм эмнэлгүүдийг бий болгоё гэж байгаа юм.

Даатгуулагчид тухайн эмнэлэг муу үйлчилгээ үзүүлэх юм бол тэр эмнэлэгт хариуцлагыг нь тооцдог, санхүүжилт өгдөггүй байх эрхийг нь өгье гэж байгаа. Өнгөрсөн 24 жилийн хугацаанд эрүүл мэндийн үйлчилгээг хүмүүс авах гэж зүдэрдэг, түүнд маш сэтгэл дундуур байдаг, бид мөнгөө төлдөг мөртлөө үйлчилгээгээ авч чаддаггүй байлаа. Үүний дүнд дампуурсан юм уу хариуцлага тооцуулсан нэг ч эмнэлэг байдаггүйд л өнөөдөр эмнэлгүүд амьд байдаг. Мөнгийг дундаас нь дамжуулж өгдөг улс төрчид энэ мөнгийг дансанд байршуулдаг, хүүлдэг, янз бүрийн байдлаар хуурамч бичилт хийж мөнгийг угаадаг ийм тохиолдлууд Монголд бий болчихсон. Үүнийг яаралтай засах ёстой.

Миний зүгээс хуулийн төсөл өргөн барьчихсан. Сайд нар, энэ мөнгөний амтанд орсон улс төрчид үүний эсрэг бул хар чулуу шиг зогсч байгаа юм.

- Таны Оюутолгойтой хийж байсан “дайн”-ы гал түр намжсан байдалтай байгаа. Энэ талаар та товчхон ярина уу?
- Оюутолгойтой хийх миний тэмцэл улам хүчтэй өрнөнө, өрнөж ч байгаа. Гэхдээ одоо ёолкны үе болж байна. Ёолк, Цагаан сар, Наадмаар ямар ч тэмцэл хийгээд нэмэргүй. Мартыг бас оруулж болох юм. Бид чинь амьдрал дундаа баярлах гээд байгаа юм уу баяр дундуур хааяа амьдрах гэж оролдоод байгаа юм уу гэдэг нь ойлгогдохгүй болчихсон ард түмэн ш дээ. Одоо ойрын үед гарч ирэх нэг мэдээллийг та нарт дуулгая. Хүү нь жилээр биш улирлаар хүүлдэг, хүүгээс хүү боддог нийлмэл хүүний аргаар боддог болсон. Энэ бол энгийн хүүний арга биш нийлмэл хүүний арга. Геометрийн прогрессоор өснө гэсэн үг. Одоогийн байдлаар өдөрт бид хүүнд нь таван цэцэрлэг өгч байгаа. Макс Молл гэдэг том нийгмийн зүтгэлтний хэлсэн үгийг энд хэлмээр байна. “Хүний нуруу руу есөн сантиметр хутга шаагаад зургаан сантиметр буцаагаад татна гэдэг бол нааштай үр дүн, хөгжил дэвшил гэсэн үг ерөөсөө биш шүү” гэж тэр хүн хэлсэн байдаг.

Оюутолгой 34 хувийн мөнгө өгчихөөд бид энийг үнэгүй юм уу рояалтигаа нэм гэж шаардаж байсан. Тэгсэн хүүлж мөнгө өгчихөөд тэрийгээ улирлаар хүүг нь бодно, нийлмэл хүүний аргаар бодно гэж байна. Үүний үр дүнд менежментийн зардал гэж байгаа, энэ хоёр нийлээд гурван сая доллар өдөрт биднээс гарч байгаа юм. Ухаагүй байхад шүү дээ. Өдөр болгон биднээс таван цэцэрлэг хүүндээ авдаг мөртлөө жилдээ 10 цэцэрлэг бэлэглэнэ гэдэг бол сайн, нааштай үр дүн, өсөлт гэж би ерөөсөө харахгүй байгаа. Оюутолгойтой хүчтэй үзнэ. Энд нэмээд нэг юм хэлчихье. Монголд өнөөдөр хамгийн муу хэлэгдэж байгаа, хамгийн адгийн, нэр хүндгүй нэр томъёо гэж юу гээч? Муусайн эх орончид. Бусад оронд эх оронч гэж хэлүүлнэ гэдэг бол удам судрын, нэр хүндийн асуудал шүү дээ. Манайд бол “Муусайн эх орончид” гэдэг адгийн нэр томъёо болчихсон. Оюутолгойн талаар чин сэтгэлээсээ яриад байгаа яриа маань улиглаад, хүмүүс залхаад байна уу даа гэж хааяа боддог. Монгол хүн болгон аминчхан гэж би хэлэхгүй. Хүн болгон таксиныхаа тоолуурыг хараад л яваад байдаг. Гэтэл Монголын таксины тоолуурыг яагаад хүмүүс хардаггүй юм бол?

- Улс төрч С.Ганбаатар, Фэнг-Шүй С.Ганбаатар хоёрын ялгааг хэлнэ үү?
- Фэнг-Шүй С.Ганбаатар бол хэзээ ч өөрийгөө улс төрд орно гэж бодож байгаагүй. Цэвэр өөрийнхөө хобби, юу чаддаг вэ тэр болгоныгоо бизнесийн нүцгэн үнэн гэдэг ч юм уу Фэнг-Шүй гэж юу вэ, англи хэлийг хэрхэн сурах вэ гэдэг лекц тавиад, Удирдлагын академид багшлаад, банкинд удирдах ажил хийгээд явж байхад би зөвхөн хань ижил, үр хүүхэд, дүү нараа харж, хандаж, өсгөнө дөө л гэж бодож явсан. Харин одоо би улс төрч гэхээсээ илүү нийгмийн зүтгэлтэн С.Ганбаатар болсон. Миний тэмцэл болгоны үр дүнд тодорхой хэмжээгээр хүмүүс хожоосой, тэтгэвэр тэтгэмж, үйлдвэрчний олон тэмцэл, бензиний үнийг буулгах тэмцэл, Оюутолгойн тэмцэл энэ бүгд хүмүүсийн сайн сайхны төлөө байсан. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн нийгэм надаар дутдаг болов уу гэж дотроо бодож явдаг. Энүүгээрээ л ялгаатай.

- Саарал ордны цонхоор та юуг олж харж байна вэ? Өмнө нь харж байсан тэр ядуурал, ард түмний хүндрэл, бэрхшээлийг олж харж байна уу?
- Өнөөдөр саарал ордны цонхоор ч түүнийг харж байгаа. Би машин унадаггүй. Үргэлж алхдаг, автобусанд явдаг. 76 гишүүн бүгд автобусаар явж, алхах ёстой. Өөрсдийн гэсэн машин ийм жижиг хотод хэрэггүй юм. Тэгэхээр би хүмүүстэй хамт үргэлж байж, тэдний бэрхшээл зовлонг ойлгож хамтдаа явдаг гэсэн үг. Энийг ойлгож мэдэрч, тойрог дээрээ очиж байнга сонгогчидтойгоо уулздаг, үйлдвэрчнийхээ хамт олонтойгоо тогтмол уулзахыг хичээдэг учраас одоо гарч байгаа хууль, тогтоомжид маань тэдний бодол санаа их ордог гэж боддог шүү.

- Та одоо гудамжинд гараад өмнөх шигээ тэмцээд зогсч чадах уу?
- Хэрвээ энэ янзаараа юмны үнэ өсөөд, цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдэхгүй бол би тэмцэнэ. Ирэх намраас жагсаал, цуглаан хийхдээ хүрнэ. Яагаад өнөөдөр нэг, хоёр жил харж суув гэвэл Үйлвэрчний эвлэлийн ерөнхийлөгчийн ажлаа би өгчихсөн. Манай хамт олон их мэдлэгтэй, чадвартай, дайчин хүмүүс байдаг болохоор тэдэндээ түмний төлөө жагсаж, цуглах боломжийг өгөх ёстой юм. Энэ янзаараа дахиад нэг жил болох юм бол би ирэх намраас жагсаж, тэмцэх төлөвлөгөөтэй байгаа. Яагаад гэвэл хүмүүсийн амьдрал маш их доройтож байна. Одоогийн байдлаар би 17 бичиг, цаас холбогдох сайд, Ерөнхий сайд, хүмүүс рүү нь явуулчихсан байгаа. Хариу өгнө биз ээ.

- Танай Бие даагч гишүүдийн зөвлөл сонгуульд намын нэрээр оролцохгүй байх талаар ярьж байсан. Гэтэл та бүхэн улс төрд намгүй хүн хэцүү байдгийг мэдэрч эхлээд байгаа юм биш үү? Ядаж л Ц.Нямдорж Ц.Даваасүрэн гишүүнийг “Орох орон, оочих аягагүй тэнэмэл бадарчин шиг” гэж хэлсэн. Тэгэхээр танд аль нэг намд элсэх тухай бодол төрөхгүй байна уу?
- Аль нэг намд элсэх ч юм уу эсвэл улс төрийн ямар шийдвэр гаргах вэ гэдэг нь тухайн үеэсээ л болно. Ямар ч байсан миний хувьд бие даагч гэдэг бол маш чухал ажил. Ардчиллын амин сүнс нь гэж боддог. 76 гишүүн өнөөдөр яг 76 бие даагч шиг ажиллах ёстой юм ш дээ. Харин үзэл бодол, үйл ажиллагаагаараа нэгдэх хэрэгтэй. Нам гэдэг бол сонгогчдын саналыг авахын тулд сонгогчдод амласан амлалтаа биелүүлэхэд хэрэгтэй багаж болохоос биш намд нэг суудал авч өгөхийн төлөө сонгогчдыг ашигладаг зорилго биш шүү дээ. Бидний өвөг дээдэс хэзээ ч намын төлөө амьдарч, ажиллаж байгаагүй. Соц үед ч гэсэн тэд сайн сайхан нийгэм байгуулъя л гэж ажиллаж байсан. Би тийм л итгэл үнэмшилтэй хүн.

- Таныг АН-ынхан МАН-ыг хатгах зүү болгож ашиглах гээд байдаг. Тиймээс та “Би аль алиныг нь хатгаж чадна” гэж ярьж байсан удаатай...
- Одоогийн байдлаар Н.Алтанхуяг сайдад бондын асуудал, Оюутолгойн асуудлаар хэлэлцээрт барьж байгаа байр сууринаас нь болж хоёр удаа огцрох шаардлагыг өгчихсөн байгаа. Аль ч намд орохгүй, зөвхөн ард түмний төлөө байр сууриа барьж явна гэдэг хэцүү хэдий ч үнэхээр сайхан зүйл. Аль нэг намын эрхшээлд байхгүй байна гэдэг бидний хамгийн том давуу тал юм.
- Ер нь сүүлийн үед бие даагч гишүүд өөрийн ах дүү, хамаатан садангаа төрд шургуулж байна гэх мэдээлэл ихээр гарах болсон. Харин үүнийг танайхан няцааж байна билээ. Тэгвэл энэ нь бас л нэг төрлийн дарамт, шахалт, хаа нэгтэйгээс хэн нэгний санаатай нисгэсэн бор шувуу юм биш үү?
- Бидний зүгээс ийм юм байдаг бол шүүх, цагдаад нь баримтаар өгөөд шийдүүлээрэй, энэ бол цэвэр гүтгэлэг гэдгийг илэрхийлсэн байгаа. Энэний цаад мөн чанар юу вэ гэхээр би есөн жил түмний төлөө явж байна. Тэгэхэд хамгийн гол юм бол хоёр том бүлэглэл рүү ард түмнийхээ эрх ашгийн өмнөөс хүчтэйхэн дуугарч, шийдвэрт нь хүчтэй нөлөөлж, сая алтны хуулийг бид арай гэж зогсоолоо шүү дээ. Рояалтиг буулгана гэдэг чинь дор хаяхад 2-3 тэрбум долларыг Монголд оруулж ирэх боломжийг өгч байна шүү дээ. Иймэрхүү зүйлээс болж тэд бухимддаг. Тэгж бухимдахаараа бидний ард иргэдээс авдаг дэмжлэгийг байхгүй болгох үүднээс янз бүрийн мэдээллийг цацдаг болов уу.

- Гишүүдийн давхар дээлийг тайлуулах тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэж эхлээд байна. Гэтэл эрх баригчид өөрсдийн бүрэн эрхийн хугацаанд биш 2016 онооос энэ хуулийг хэрэгжүүлнэ гэж зүтгээд байгаа. Харин МАН баталсан өдрөөс нь гээд гэдийчихсэн. Мөн танай бүлэг МАН-тай ижил байр суурь илэрхийлсэн. Хэрэв энэ хууль яг одоо хэрэгжиж эхлэх юм бол Засгийн газар задрах нөхцөл бүрдэнэ шүү дээ. Энэ талаар ямар бодолтой байна вэ?
- Эрх баригчид “Бид 2016 оны долоон сар хүртэл идчихье. Сонгууль хүртэл идэж, уугаад жаахан найрлачихъя. Дараагийн хүмүүс дүүрсэн хэрэг ээ. “Би үхэхээр чи үх” гэдэг шиг дараагийн үе ямар хамаатай юм гэж ацаглаж, хаацайлдаг ийм юм” бодож болохгүй. Өнөөдөр УИХ-ын дэргэд Засгийн газар нь хуучны Улсын бага хурал шиг болчихсон байгаа. УБХ шиг УИХ-аа үл хүндэлдэг энэ утгагүй байдлаа зогсооё гэвэл өнөөдөр зогсоо гэдэг байр суурин дээр байгаа.

- Оюутолгойн асуудлаар нэлээн дорвитой дуугарч, ажилладаг гэдэг ч үнэн хэрэг дээрээ таныг улс төрийн карьераа өсгөх зорилгоор худлаа шоуддаг гэх шүүмжлэл бий. Үүнд юу гэж хариулах вэ?
- Хэрвээ энэ шүүмжлэл үнэн байгаад, бүх монголчууд ингэж бодож байгаа бол Оюутолгойг ярихгүйгээр тэтгэвэр, тэтгэмж, цалин, эрүүл мэндийн даатгал руугаа бүх хүчээ төвлөрүүлээд дайрах юм бол би улам баяртай байх болно. Тэгэхлээр ингэж бодуулахаас өөр аргагүй байдалтай Оюутолгойнхон асар их мөнгийг цацдаг. Хүн намайг юу гэж хэлэх бол гэж бодохгүйгээр монголчуудад юу ашигтай байж болох вэ гэдгийг л хэлж, зүтгэдэг. Би зүтгэснээрээ зүтгэнэ.

Германы маш том эдийн засагч Зинн гэж хүн манайд ирсэн. Тэр хүн ирээд Жаргалсайхан эдийн засагчийн асуусан бондын талаархи асуултад ингэж хариулсан байдаг. “Юун бонд, өр зээл авах вэ? Та нар Оюутолгой гэдэг ийм том ордтой байж ногдол ашгаа 30 жилийн дараа авах тухай ярьж байна. Дээр нь нэмээд өнөөдөр аль хэзээний ухаж амжаагүй байхдаа хоёр тэрбум долларын өрөнд орчихсон байна. Энэ гэрээгээ өөрчилж, үүнийгээ засаач. Та нарт энэ чинь юун бонд, хэдэн арван, зуун жилийн бондтой тэнцэх хэмжээний мөнгө Оюутолгойд байна. Яагаад энийгээ ашиглахгүй байгаа юм?” гэж дуу алдаж асуусан.

- Танд “Хөрөнгө оруулалтыг үргээгч” гэсэн муу нэрийг хүртэл зүүлгэлээ. Энэ улс эх орны ирээдүйг яавал илүү өөдрөгөөр харах вэ?
- Хөрөнгө оруулалт дэлхий даяараа суларч, удааширч байгаа. Яагаад гэвэл дэлхийн үйлдвэр болсон Хятадын үйлдвэржилт, эдийн засаг маш их удааширч байгаа. Дээр нь нэмээд Оюутолгойн 2003, 2005 онд хоёр удаа гарсан төлөвлөгөөнд нь “2013, 2014 онд түр зогсолт хийнэ, ТЭЗҮ-гээ шинэчилж, судалгаа хийж, дахин гаргана” гэсэн зүйл бичигдсэн.

Зогсолттой энэ үед хүмүүсийг ажлаас цомхотгоно гэсэн төлөвлөгөөнд нь байгаа юмыг монголчуудын гарыг мушгих, “Муусайн эх орончид”-ыг нь балбах хэрэгсэл болгон нэг сумаар хоёр туулай буудаж байгаа гэдгийг мэдрээч дээ. Ер нь мэдлэггүй, мэдээлэлгүй хүн дандаа боол байдаг юм гэж нэг айхтар үг байдаг юм шүү дээ.

- Монгол Улсын Ерөнхийлөгч болох хүсэл танд бий юу? “Сант Марал” төвийн судалгаагаар Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг нэр хүндээрээ хол хаясан учир ирээдүйд Ерөнхийлөгч болох магадлал маш өндөр гэсэн яриа бий.
- “Сант Марал”-ын судалгаа тэгж гарсан байна лээ. Тэрэн дээр би их урам авсан. Гэхдээ энэ чинь миний гавьяа биш. Би Оюутолгойд их баярлаж байгаа юм. Энэ хүнийг муулахын тулд тэд асар их мөнгө хаясан. Ард түмэн гэдэг чинь, Монголын жирийн иргэн, жирийн хөдөлмөрчид ямар ухаалаг, ямар алсын хараатай, асуудлыг нухацтай авч үздэг юм бэ, шударга эх орончид, олон сэтгүүлчид юмны мөн чанарыг гаргаж тавьсны буянд хийж байгаа ажлыг маань түмэн олон ойлгодог юм байна гэсэн урмыг өгсөн. Энэ урмыг би их бэлэгшээж авч байгаа. Оюутолгойн захиалгат алуурчдад муу хэлүүлэхээсээ айхгүйгээр улам ихээр зүтгэх нь миний хийх үндсэн ажил юм байна гэдгийг би ойлгосон.

- Та гэр бүлийнхээ талаар ярина уу? Их л царайлаг эхнэртэй, хөөрхөн охидуудтай гэдгийг тань мэдэх юм байна?
- Үнэхээр үнэн шүү. Миний хань Архангайн Чулуутын хүн бий. Их сайн хүнтэй суусан. Олон сайхан хүүхдүүдтэй. Тэд маань миний энэ хэцүү ажлыг ойлгож, дэмждэг учраас би өдий дайтай явж байгаа. Өрх гэрийн эр хүний ажлыг гэр бүлийн хүмүүс нь ойлгохгүй бол бид чинь хэн ч биш шүү дээ.

- Танайхан удмаараа нэг тийм заргач хүмүүс гэх яриа байдаг. Учир нь, таны дүү С.Гантуяа шүүхээр заргалдсаар байгаад “Оюутолгой” компанийг ялсан нь тийм яриа гарах үндэс болсон болов уу?
- Намайг Оюутолгойд дүүгээ шахаж оруулсан гэж их ярьж байлаа шүү дээ. Манай дүү өндөр боловсролтой хүн. Нэг өдөр орж ирээд “Ах аа, та өдөр болгон стресстээд, Оюутолгой гээд л яриад байх юм. Дүү нь ажлаасаа гарна аа. Гэхдээ монгол хүмүүсээ өмөөрчихөөд гарна” гэж хэлсэн. Монгол залуучууд яг ижил ажил хийж байгаа мөртлөө гадаадуудаас 13 дахин бага цалин авдаг байж. Ямар ч боловсролгүй Австралийн юм уу Өмнөд Африкийн, аль эсвэл Канадын нэг нөхөр манай мастер төгссөн залуу сарын 500 долларын цалин авч байхад тэд ганцхан өдөрт 500 долларын цалин авдаг байсан. Тиймээс дүү маань монголчууд эх нутагтаа боолчлогдож болохгүй ээ гээд тэмцсэн болов уу.

Миний дүү тэмцээд ялалт байгуулсан. Ажиллаагүй үеийнхээ цалинг буюу 100 гаруй сая төгрөгийн нөхөн олговор буцааж авсан. Миний дүү харин гадаадуудтай нь ойролцоо цалин авч байсан юм билээ. Цалингаа 100 хувь өөрийн төрсөн нутаг болох Дархан-Уул аймгийн бүх цэцэрлэгүүдэд боломжийнхоо хэрээр бэрхшээлүүдийг нь шийдвэрлэхэд зарцуулж, туслаж байгаа юм билээ. Үүнд хувийн цэцэрлэгүүд ч бас хамрагдаж байгаа гэсэн. “Шонхоодой” гээд өнчин, гудамжны хүүхдүүдийг асарч, сувилдаг, цирк зааж өгдөг цэцэрлэгийн маш мундаг багш гэр бүлд чадах чинээгээрээ туслаж байгаа юм билээ. Дүүгээрээ би их бахархаж сууна.

- Ямар ч хүнд өөрийн гэсэн сул, муу тал гэж бий. Нууц биш бол та муу зуршлаа хэлнэ үү?
- Надад их бэрхшээлтэй байдаг юм бол би их зөөлөн хүн. Хүмүүс их гайхдаг юм. Харахад их ширүүн, дайчин хүн юм шиг мөртлөө их өрөвч зөөлөн байна гэж. Энэ маань надад заримдаа удирдах ажил хийж байхад, хатуу ширүүн зан гаргахад их түвэгтэй байдаг. Нөгөө нэг гэм нь нойронд сайн талдаа хүн дээ.

- С.Ганбаатарын энэ амьдралаас хүсч буй хамгийн том мөрөөдөл юу вэ?
- Энэ хорвоогоос явахад муу хэдэн хүүхдүүд маань “Аав маань их сайн хүн байсан. Хүмүүсийн төлөө чин сэтгэлээсээ явж байсан юм даа, зайлуул” гэдэг сайн удам судрын нэр үлдээх чинь хамгийн гол юм биш үү? Нөгөө талаар, ганц л удаа амьдрах хорвоо дээр монголчуудынхаа амьдралыг өөрчилчихмөөр байна. Энэ л миний чин хүсэл юм уу даа.

- Та Дарханаас сонгогдсон. Их хотын дагуул хотын цаашдын хөгжлийг ямраар төсөөлж байгаа вэ?
- Дархан-Уул аймагт үйлдвэр, технологийн парк байгуулагдана. Үйлдвэржилт, ажлын байр ихээр бий болно. Үйлдвэржилтийн хот, үйлдвэр гэдэг чинь угаасаа усаа дагаж байдаг юм. Монгол орны бүх ус Дархан, Сэлэнгийн нутгаар л хойшоо гардаг. Энд л төмөрлөгийн үйлдвэр, хар төмөрлөгийн үйлдвэр, нефтийн үйлдвэр, томоо­хон металлургийн үйлдвэрийн цогцолбор баригдана. Энэ баригдсанаараа жижиг, дунд үйлдвэрлэл, анжис, хүрз, хадаас эд нар чинь хийгдэнэ шүү дээ. Бондыг ид ярьж байхад “Ерөөсөө хадаасаа хийчихье. Хар төмөрлөгийн үйлдвэр барья. Эхний ээлжинд баяжуулах үйлдвэрээ барья. Хад шороогоор нь хамаг баялгаа гаргахаа зогсоогооч ээ” гэдгийг би их ярьсан. Гэтэл эд нар өнөөдөр бүгдийг нь “Гудамж төсөл” нэртэйгээр мөнгө угаачихав уу даа гэж би халаглаж сууна.

- Сонирхолтой ярилцлага өгсөн Танд баярлалаа.



СЭТГЭГДЭЛ БИЧИХ