Баянаа аваргын ам мэх

Олны дунд хүлээлт үүсгэж чаддаг телевизийн томоохон ток шоу болох “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн сар шинийн дугаарын зочноор дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтох оролцсон билээ. Нэвтрүүлгийн үеэр бөхчүүдийн дунд нийтлэг байдаг ам мэх гээчийн тухай асуухад дархан аварга сонирхолтой нэгэн түүхийг хуучилсан юм.
Тэрээр ам мэх байхаар барах уу, ид барилдаж байх үедээ төрийн наадмын үзүүр түрүүнд үлдээд тэр муухай зүйлд өртөж өвдөг шороодсоноо ихэд харамсаж явдаг тухайгаа ярьсан. Тэр нь 1987 оны наадам бөгөөд дархан аварга Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох нар үзүүр түрүүнд үлдээд байсан аж.
Тэгэхэд л Х.Баянмөнх аварга 43 насандаа 10 дахиа түрүүлчих гээд Д.Цэрэнтогтох аваргад “Одоо би чамайг дийлэхгүй, хөгшин хүнийг зовоогоод яахав ингэсхийгээд ахыгаа барилдсан болоод унагачихаарай” гэх маягийн юм хэлэхэд нь Д.Цэрэнтогтох аварга тэр үгэнд нь үнэмшээд барилдаанаа цэгнэлгүй дотроо илт задгайрч л дээ. Хэлсэн үгэнд нь үнэмшиж бодолдоо задгайрах тэрүүхэн тэр агшинд л Х.Баянмөнх аварга мэх хийгээд өвдөг шороодуулж орхижээ.
Баянаа аваргад төрийнхөө наадамд 10 түрүүлэх бодол байсан ч өөрөөс нь даруй долоон насаар дүү дөрвөн ч удаа түрүү авчихсан дархан аваргыг яагаад ч барахааргүй байсан тул ийн ам мэх ашиглаж санасанаа гүйцээсэн болтой. Дараа жил нь заан цолтой Б.Бат-Эрдэнэтэй үзүүр түрүүнд үлдэж чадсан ч аргагүй өөрийн цаг үеэ эхлүүлж байсан идэр зааныг Д.Цэрэнтогтох аварга бараагүй гэдэг.
Тиймээс л 87 оны наадамд ам мэхэнд орж баараггүй тав дахиа түрүүлэх байсан боломжоо алдсандаа ихэд харамсаж явдгаа дархан аварга хуучилсан юм. Залуу бөхчүүд, болон шавь нартаа тэрээр өөрийн биеэр амссан ийм сургамжтай алдааг давтахгүй байхыг ихэд захидаг гэнэ лээ.
Н.Төгс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ