“Юнител”-ийнхэн хэрэглэгчдээ “хүчиндлээ”

Өвөрмөц шинэлэг өнгө төрх, маркетингийн шинэ шийдлээр Монголын үүрэн холбооны зах зээлд тодоор ялгаран гарч ирж байсан “Юнител”-ийг шинэ юманд нугасгvй сониуч Монголчууд баяртайгаар хvлээж авсан. Бvх оператор уруу ижил vнийн тариф нэвтрvvлж, vvгээрээ ч шагнал авч байсан билээ. Анхнаасаа л vнэ хямдхан дээр нь нэг дугаар авбал дахиад нэг дугаар vнэгvй өгнө гэнэ гэсэн реклам тарж зарим хvмvvс ч vзээд алдахаар шийдсэн нь бий байх. Энэ нь тэднийг монголын гуравдагч үүрэн телефоны оператор болгосон.
Гэхдээ тэд энэхүү өндөрлөгт хүрэх зам нь дардан байгаагүй гэдгийг хэрэглэгчид бид мэднэ. Учир нь байнга хэрэглэгчдээ залилж байна гэсэн мэдээлэл цацагдаж, баримтаар нотлогдсон тул уучлалт гуйгаад өнгөрдөг энэ бол “Юнител”-ийнхний сурсан зан. Учир нь өмнө нь таван жилийнхээ ойд зориулан “5 байр 5 азтан” хэмээх хонжворт сугалааг хэрэглэгчдийнхээ дунд явуулж бөөн сенсааци дэлгэж орхисон. Тус сугалаанд оролцож байр хожихын тулд юнителийн 2000 төгрөгөөс дээш нэгж худалдан авах шаардлагатай. “Томроход том жижиг хамаагүй ээ” гэсэн мэссэжийг бий болгож, “ТВ коктэйл”-ын залуусыг сурталчилгаандаа тоглуулж, телевиз, радио, сонин, сэтгүүл, интернэтээр хоёр сар бөмбөгдсөн нь том амжилт олсон юм. Үүнээс болж “Юнител”-ийн 2000-ын нэгж, шинэ дугаар хоёрт ч хүмүүс хуйларч өгсөн дөө. Үр дүн нь харин хулхидалтаар төгсөв. Азтанууддаа байрыг нь өгөлгүй мартаж, улмаар хууртагдсан хүмүүсийн гомдлын дагуу “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар” “Юнител”-ийг шалгаж, хууль зөрчсөн хэргээр 10 сая төгрөгийн торгууль ноогдуулж байсан.
Мөн “Юнител” групп 5 жил гаруй хугацааны дотор өөрийн сая дахь хэрэглэгчээ тосон авч байна. “Юнител” группын сая дахь хэрэглэгчээр Содномжамц овогтой Оюунцэцэг “Баясгалан” хэмээх усан луу жилийн шиний наймны өдөр буюу 2012 оны 02 сарын 29-ний өдөр “Рокмон” салбараас 8928....... дугаарын хэрэглэгч болсноор тодорсон байна” гэж телевиз, радиогоор бахархалтай нь аргагүй цацсан билээ. Тэр үед хүмүүс Монголын хүн амын гуравны нэг, насанд хүрэгсдийн тал нь “Юнител”-ийн хэрэглэгч болсон юм байна, сүүлд гарч ирсэн гэхэд сайн байна шүү гэцгээн татагдаж байлаа. Гэтэл үнэн хэрэг дээрээ энэ нь бас л төөрөгдүүлэлт байсан. Учир нь Засгийн газрын тохируулагч агентлаг, Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар 2011 оны жилийн эцсийн үүрэн холбооны хэрэглэгчдийн тоог тогтоон гаргажээ. Энд сая дахь хэрэглэгчээ өлгийдөн авсан хэмээн “томроод” байсан “Юнител”-ийн жинхэнэ хэрэглэгчдийн тоог 624.031 гэж тэмдэглэсэн байсан.
Энэ бол “Юнител”-ийн жинхэнэ нүүр царай. Байсхийгээд хэрэглэгчдээ залилдаг энэ байдал нь тэдний сурсан зан болж хувирлаа. Тэгвэл тэдний хамгийн сүүлийн луйвар нь сар шинийн босгон дээр болжээ. Учир нь “Юнител”-ийн 8811, 8810 дугаартай хэрэглэгчдийн багцыг өөрсдийн дураар чимээгүйхэн нэмсэн байна. 8811, 8810 дугаартай хэрэглэгчид бол “Юнител”-ийн ууган хэрэглэгчид. Нэр хүндийн баталгаа гэдэг шиг нэлээд үнэ хүрч байгаа дугаар. Анх энэхүү дугаарыг авахад “Сонгодог-2” багцтай байсан. Энэ нь сарын суурь хураамж нь 33 мянган төгрөг. Гэтэл өнгөрсөн жилээс эхлэн эдгээр хэрэглэгчдэд “Premium” үйлчилгээг санал болгож, зогсоо зайгүй мэссеж нисгэж эхэлсэн. Алдаж боломгүй алтан боломж мэт утга бүхий мэссежүүдийг явуулсан ч зарим хэрэглэгчид нь хуучин багцандаа үнэнч хандсан. Гэтэл Шинийн 2-нд бүх хэрэглэгчдээ нөгөө “Premium” багц руу хүчээр шилжүүлсэн байна. Анхааруулах мэссеж ч байхгүйгээр хүчээр ийнхүү шилжүүлж байгаа нь нөгөө анхлан байгуулсан гэрээгээ зөрчиж байгаа гэсэн үг.
Энэхүү “Premium” багц нь сарын хураамж нь 44 мянга бөгөөд өмнөх “Сонгодог-2” багцаа бодвол мэссеж, яриа нь үнэтэй гэнэ. Хүчээр шилжүүлсэнд гайхсан хэрэглэгчид “Юнител”-ээс лавлахад “тань руу анхааруулах мэссеж очоогүй юу” гэсэн тайлбарыг өгсөн. Угтаа бол анхааруулах бус асуух мэссеж очих ёстой байсан. Тэдний ийнхүү хүчээр нэмэгдүүлсэн байдлаа программ өөрчлөгдсөнтэй холбоотой гэсэн тайлбарыг хийсэн байсан. Программ өөрчлөх нь тухайн байгууллагын дотоод асуудал. Гэтэл үүнээс үүдэн хэрэглэгчдээ хүчээр өндөр үнэтэй багц тулгаж болохгүй байлтай.
Ямартай ч Юнителийнхэн 8811, 8810 дугаартай хэрэглэгчдэдээ 11 мянган төгрөгийн хүчлэн тулгалт хийлээ. Үндэсний томоохон групп гэж цээжээ дэлддэг тэдний энэ ээлжит луйврыг холбогдох байгууллага нь анхааралдаа авах цаг нь болжээ.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ