П.Шүүдэрцэцэг: Найз залуугаа бусдаас хамгаална

“9009” “Хайрлаж болох уу” “Валентины захидал” киногоороо танил болсон жүжигчин, мисс, загвар өмсөгч Д.Шүүдэрцэцэг “Гэнэтийн бэлэг” мюзиклд тоглож өөрийгөө хэр авъяаслаг болохоо харуулаад амжсан.
Залуухан, царайлаг бүсгүйг хамраа засуулсан, хөхөө томруулсан гэх яриа гадуур тархсан төдийгүй түүний фэйсбүүк хуудаснаа ч энэ тухай үзэл бодлоо илэрхийлсэн хүн цөөнгүй байдаг юм билээ.
Ингээд түүнтэй хамгийн сүүлд тоглосон “Анирлагч” уран сайхны киноны нээлтийн үеэр уулзаж ярилцлаа.
-Киногоо үзээд гараад ирлээ. Ямар санагдав даа?
-Үнэхээр баяртай байна. Киногоо үзээд догдолж, сандарч, бас айж байна. Маш олон сэтгэл хөдлөл давхцаж байна.
Эргээд киногоо харахад зураг авч байсан тэр үе сэтгэлд бууж байна. Сая нэг танихгүй эгч “Ямар хөөрхөн юм бэ, баяр хүргэе” гээд тэврээд үнсээд, маш олон хүн гар бариад, чин сэтгэлээсээ “Энэ хөөрхий охин их зовж байна” гэж хэлэхийг нь сонсоод энэ дүрийг өөрийнхөө хэмжээнд тоглож чаджээ гэж бодогдож байна.
-Өөрийг чинь “Анирлагч” кинонд эротик дүрд тогложээ гээд байсан. Тийм хэсэг харагдсангүй?
-Эротик кино биш шүү дээ. Киноны трейлерийг хараад л хүмүүс тэгж бодсон байх.
-Аль хэсгийн зургийг авахуулахад хамгийн хэцүү байсан бэ?
-Хүчиндүүлдэг хэсэг надад амар байгаагүй. Тэрэнд тоглохын тулд олон дубльдэж, олон удаа өөрийгөө зовоохгүйн тулд маш их хичээсэн. Дараа нь жүжигчин Адьяа ах надад “Яана аа. Ямар эвгүй юм бэ. Уучлаарай” гэж хэлж байсан. Би ч гэсэн үнэхээр намайг хүчиндчихсэн юм шиг жийрхээд сонин сэтгэгдэл төрж байсан шүү. Нэг хэсэгтээ хэцүү байсан. Тэр шокноосоо гарч чадахгүй байлаа.
-Өмнөх тоглож байсан дүрүүдээс чинь их өөр дүр санагдлаа?
-Миний өмнөх тоглож байсан ганц нэг дүрийг бодоход ахуй нь ч тэр, кино нь ч тэр шал өөр. Би өөрийгөө олон зүйлд сорихыг хүсдэг.
Надад энэ киноны зохиол маш их таалагдсан учраас тоглосон. Хунзаяа гэдэг охины дүрийг чадан ядан гаргалаа. Үзэгчид хамгийн мэргэн шүүгчид байдаг. Манай киног үзээрэй.
-Кинонд үнэхээр сайхан байгаль гарч байна. Байгалийн сайханд кино зураг авалт хийхэд ямар байв даа?
-Үнэхээр сайхан байсан. Би байгальд, цэвэр агаартай газар байхыг маш дуртай. Өмнө нь “Ану хатан” түүхэн киноны үеэр бас дөрвөн сарын турш кино зураг авалтаа хөдөө газар хийж байсан.
-Мэргэжлийн жүжигчин биш хэрнээ их чадварлаг тоглож байна л даа?
-Жүжигчин хүмүүс намайг жүжигчин гэж хэлүүлээд явж байвал дургүй л байдаг байх. Тийм болохоор би өөрийгөө жүжигчин гэж цоллуулах дургүй. Яагаад гэвэл мэргэжлийн жүжигчин биш шүү дээ. Одоо би СУИС-д урлаг судлаач мэргэжлээр гуравдугаар курст сурдаг.
Хүнд нэг хувийн авьяас, 99 хувийн хөдөлмөр байдаг гэж ярьдаг шүү дээ. Би тэр нэг хувийн авьяасаа л ашиглаж, 99 хувьд нь хөдөлмөрлөхийг тулд хичээж зүтгэж яваа бусадтай адилхан эмэгтэй хүн.
-Өөрийн чинь хамрыг хиймэл, хиймэл биш гэсэн шар мэдээллүүд их яригдах юм. Үүнд чи фэйсбүүк хуудсаараа дамжуулж шүлгээр хариулт өгч байсан. Шүлэг бичих авьяас бас байна аа?
-Миний бас нэг сонирхол, хобби. Хааяа шүлэг бичих дуртай. Онгод орсон үедээ, эсвэл аман дээр гараад,яг хэлэхэд бэлэн болчихсон зүйлээ би шууд буулгаад, хадгалах дуртай. Бас өөрийнхөө тоглосон кино, хэвлэлд өгсөн жижиг том хамаагүй ярилцлагасэтгүүл, зурагт хуудас гэх мэтийг бүгдийг нь цуглуулдаг. Гоё байдаг.
-Өөрийнхөө талаар таагүй мэдээлэлд хэрхэн хандаж байна?
-Эхэндээ ч уйлаад, ямар хэцүү юм бэ гээд стресстдэг байсан. Миний тухай элдэв мэдээлэл их бичдэг шар хэвлэлийнхнийг би арай жаахан амар ажиллаад, эрэл хайгуулгүй ажил хийдэг юм болов уу гэж бодож байна. Маш өргөн цар хүрээтэй сэтгүүлзүй хэмээх энэ ертөнцөд ажиллаж байгаа сэтгүүлчид үнэн зөв, бодит мэдээлэл түгээдэг байгаасай гэж маш их хүсдэг. Хүний бөгс ухсан зүйлийг би мэдээлэл гэж боддоггүй. Монголчууд ч гэсэн аль нь үнэн, аль нь худлаа гэдгийг нэг үеэ бодвол мэддэг болчихсон. Тэгэхээр алинд нь итгэхээ өөрсдөөл мэдэх хэрэг. Мэддэг ч байх. Би зүгээр л өөрийнхөөрөө байх дуртай. Хэн намайг юу гэж хэлэх нь хамаагүй.
-Найз залууг чинь “Mixx” хамтлагийн Темпо гэдгийг хүмүүс мэднэ. Найз залуугаа хэр их хамгаалж, харамлаж байна даа. Та хоёрын талаар бас л янз бүрийн мэдээлэл байдаг?
-Найз залуугаа бусдаас хамгаална шүү. Бид хоёр өнгөрсөн жилийн 12-р сард танилцаад гуравдугаар сард албан ёсоор үерхэж байсан. Тэр хүний маш олон чанарууд, маш олон зүйл нь надад таалагдсан.
Хэрвээ би өөрийгөө галтай зүйрлэвэл тэр хүнийг устай зүйрлэнэ. Намайг дандаа зөөллөж, зөөлөн зангаараа зааж, залруулж явдаг.
Уйлахад минь үнсэлтээрээ дандаа аргадаж, инээхэд минь халуун тэврэлтээрээ намайг дулаацуулдаг. Жаргаж зовсон бүх үед хамтдаа байна гэдэгт итгэлтэй байгаа.
-Гэр бүл төлөвлөлтйин тухайд?
-Гэр бүл төлөвлөсөн зүйл байгаа. Гэхдээ одоогооор хэлмээргүй байна.
-Тэмпо та хоёр үнэхээр хоорондоо төстэй харагдлаа. Заяаны ханиуд мөн бололтой. Олон хүнээс ийм үг сонсож байв уу?
-Янз бүрээр хэлж байдаг. Гэхдээ өөр гэхээсээ илүү бид хоёрын адилхан гэж хэлэх хүмүүс нь олон шүү.
-Эр хүн эмэгтэй хүнд яаж хандах ёстой вэ өөрийн чинь бодлоор?
-Эмэгтэй хүнийг зүгээр л хайрлахаас гадна халамжилдаг байгаасай гэж хүсдэг. Эмэгтэй хүн халамжинд илүү хайлж урсч, зөөлөрдөг юм болов уу гэж боддог. Эрэгтэй хүн харин эмэгтэй хүн өөрийг нь хүндэлдэг байхад дуртай байдаг болов уу. Манай хүн маш их халамжтай. Бас ном их уншдаг байдал нь намайг өөртөө татаж чадсан. Эрэгтэй хүн хэлсэндээ хүрдэг байх нь маш гоё.
-Фэйсбүүкээр чиний жирэмсэн зураг цацагдсанаар, Тэмпо та хоёрыг хүүхэдтэй болжээ гэж яригдаж байсан. Гэтэл одоо жирэмсэн биш байна л даа. Энэ кинонд зориулсан зураг байсан бололтой?
-Тийм ээ. Энэ кинонд зориулсан зураг байсан. Би жирэмсэн болж тоглохын тулд маш олон өдөр дасгал сургууль хийсэн л дээ. Жирэмсэн хүний алхаа гишгээ, үйлдэл бүрийг бодитойгоор гаргахыг хичээсэн. Жирэмсэн эмэгтэйн дүрд тоглосон анхны дүр. Бэлгэшээж байгаа шүү.
-Чөлөөт цагаараа юу хийх юу хийх дуртай вэ?
-Гэртээ байх дуртай. Хайртай гэр бүл, найз залуутайгаа хамтдаа байхыг хүсдэг. Зав гарвал ном уншдаг. Ном уншихаар цаг хугацаа маш хурдан өнгөрдөг. Номын сайхныг найз залуутайгаа учирснаас хойш илүү ихээр мэдэрдэг болсон.
-Хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?
-“Сорхугтани хатан” номыг саяхан уншиж дууслаа. Маш их таалагдсан. Эмэгтэй хүний хатан ухаан, асар их тэвчээр, зориг гардаг гэдгийг тэр номноос олж уншлаа. Монгол бүсгүйчүүд бүгдээрээ тийм ухаантай, зоригтой, тэвчээртэй байдаг байх аа. Дараагийнхаа номыг удахгүй эхлүүлнэ гэж бодож байна.
-Гоо сайхныхаа нууцаас жаахан дэлгээч?
-Нэг их брэнд хөөгөөд, тэр нь сайн, энэ нь муу гээд байдаггүй. Хааяа гоо сайханд ордог. Ихэвчлэн гэрийн арчилгаа хийдэг.
Б.Цовоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ