Ихэр юм шиг ихэр охиныхоо эцэг нь байж чадаагүй, чи

Найраглалыг сэтгүүлч, зохиолч

Баттөрийн Даариймаагийн найраглалаас нийтэллээ.

Ивлүүлж хэлэх үг минь ердөө энэ

Итгэл алдалгүй чамайг олон жил хүлээсэн минь үнэн

Инээмсэглэл хүчээр цацруулж хорвоог туулсан минь үнэн

Ингэн буйлаанаар нулимс дуслуулж зөвхөн чамайг хайрласан минь үнэн

Эргээд удахгүй ирнэ ээ гэсэн үгэнд чинь хууртаж

Энхрий хоёр охиноо хүний дайтай болгох гэж зөндөө зовсон ч

Эр нөхөртэй хүн шүү дээ гэж сэтгэлээ дүүргэж

Элдэв бодлынхоо боол нь болоогүй ээ, би

Хорь гаруйхан насныхаа жаргалд умбаж

Хонгор чамтайгаа учирсан болохоор

Хөлд торох амьдралын нугачааг сэтгэлээрээ зөөллөж

Хүнийх болсон гэдгийг чинь мэдэлгүй олон жил чиний төлөө амьдарсан

Одоо чи санаж байна уу

Орсон гарсан ч хамтдаа

Ондоо хэнийг ч бус ганцхан та гурвыгаа хайрлана гэж

Олон удаа хэлж байсныг чинь харин би мартаагүй

Даанч тэр үг хуурамч байсан

Дахин чи гэрийнхээ босгоор алхаагүй

Дэрэвсэн бодолтой хоёр охиноо үнсээгүй

Дэргэд нь сууж ганц удаа ч тоглоогүй ээ

Өр нэхэж,үүнийг би чамд сануулах гээгүйюм шүү

Өөдөсхөн үлдсэн тэд маань чамайг надаас нэхээд байна

Өмнүүр өнгөрөх эр хүн болгоныг аав мөн үү гэж харцаараа ээрээд

Өр өвтгөж намайг шаналган зовоож байна

Хүсэл болсон холын гүрэнд чинь одоо шөнө болж

Хайртай эх оронд чинь өдөр ирлээ, хань минь

Энэ үгийг амархан хэллээ гэж бодуузай

Бид гурвыг хаян гарахад чинь хэлсэн сүүлийн бодол юм аа

Чамайг явахад үнэхээр “аймаар” байсан

Өдөр нь шөнөөр солигдож

Шөнө нь өдөр болох шиг болж

Чангахан хэлэхэд амьдрал утгаа алдсан

Тэр үед өөдөсхөн хоёр охин чинь

Нэг нь хоёр настай

Нөгөө нь гуравтай байсан ч

Нялх гэлтгүй тэврээд л би үлдсэн, ганцаараа

Түүнээс хойш олон ч хаварөнгөрчихөж

Дэрсхэн хоёр охин минь өсч

Тэвэрт багтахгүй ч үнсүүлнэ гэж эрхлээд

Нэг үеэ бодвол томоос том болжээ, үрс минь

Гэхдээ бидэн гурав, баяр ёслолоор

Гэрээ дүүргэх гэж зовдог минь үнэн

Хоймор эзлэх зай чинь эзгүйрээд

Ханхайсан төрх чинь бодлоос уяатай л байх юм аа

Чамд гомдох эрх надад байхгүй ч

Хоёр охиноо харахаар өрөвдөх л юм

Чиний тухай чих тавин тэмүүлэх

Зөөлөн харцыг нь тайтгаруулах гэж хичээх л юм

Аав,намайг өндрөөс өндөрт өргөдөг

Тиймээ ээжээ,хурдан хариулаарай

Айлын хүүхдүүдийн ааваас

Миний аав хөөрхөн гээд түмэн зүйл ярьж, шалгаадаг, охид чинь

Инээд хөөрөнд ийн умбаж байгаа ч

Цаанаа л тэд гунигтай байдаг

Өглөө бүр үүд рүү харж

Үдэш бүр санаа алдан өнчирдөг

Сэтгэл дүүрэн урсах амьдралыг

Дундраах хэрэг байсан юм уу, чамд

Сэлүүн орчлонгийн хүрдыг гацааж

Бүтэн заяагаа эмтлэх хэрэг байсан гэж үү, чамд

Одоо миний чамайг гэх сэтгэл минь дундарсан

Одоо миний чамайг гэх нулимс минь дууссан

Одоо миний чамайг гэх хайр минь бөхсөн

Одоо миний чамайг гэх итгэл минь хөрсөн

Энэ бүхнийг чи сайн мэдэж байгаа байх

Эрээн алчуурыг минь талд хийсгэж

Ээрэм талд ганцааранг минь орхиж

Эсгэлэн халуун насаар минь тоглосон шүү дээ, чи

Энэ юу ч биш гэж бодож байгаа бол ухаараарай, чи

Эхэр татан уйлах үрсээ хагацалд унагачихаад

Ихэр юм шиг хоёр охины минь

Эцэг нь болж чадаагүй шүү дээ,чи

Чиний эзгүйд урссан

Чилийтэл өнгөрсөн олон хоногийн сааталд

Чинэртлээ улайж,гүйж явдаг байсаан, би

Чигчийхэн чинээхэн үрсээ хөтлөөд гуньж явдаг байсаан, би

Тас харанхуй нөмөрсөн урт шөнүүдэд

Ярих болов уу гэж харуулдан

Цагийн зүү цохилохыг сонсч

Унтаж биш уйлж өнгөрүүлдэг байсаан, би

Уйтгарлан сууж урсгасан нулимс минь их ч

Урсах амьдралд би бууж өгөөгүй ээ

Энэ л өдрүүдэд надад

Эцэг эх, ах эгч нар минь их тусалсан

Аав ээж, ахан дүүсгүй бол

Алж ч мэдэх хатуу хорвоод

Үнэхээр би азтай төрснөө

Чамд хаягдсан өдрүүдэд илүүтэй мэдэрсэн

Хайрт аав минь бурхны оронд очсон ч

Харин одоо ээж минь дэргэд байна

Далан насыг давсан ээж минь

Дахиад хэд наслав л гэж

Чиний тухай олон зүйл ярьж

Ээжийгээ би зовоохгүй ээ

Охидтойгоо гурвуулаа сайхан амьдраад

Бусдын жишгээр өөдрөг явна аа

Эцэг эхийн минь гэрэлт амьдрал

Хагас зууныг давсан байдаг

Харин чи бидэн хоёрын амьдрал

Чимхийн төдийд хүрсэнгүйд даанч харамсалтай

Гэсэн ч яая гэхэв үүнийг

Би биш чи хүсч бий болгосон

Ихэр юм шиг хөөрхөн хоёр охиноо

Ижлээр нь өнчрүүлж орхисоон, чи

Чамайг явлаа гээд би амиа хорлолтой нь биш

Чимээгүйхэн ташуурдах амьдралыг сөрж л явна

Чамайг хаялаа гээд би найз нөхөддөө зарлалтай нь биш

Ханиа хүлээсэн хүн шиг тэнүүн зантай амьдарч л байна

Нэгэн үед хань минь явсан болохоор чамд

Дахиад хэдэн үг хэлье

Хоёр охиныхоо хайранд өлгийдүүлээд

Үнэндээ надаас өөр жаргалтай хүн алга аа, энэ хорвоод

Өвдөхөд тэд минь шөл хийгээд

Ээжээ халуунаар нь уугаарай гэнэ

Оройтоход охид минь хаана явна гээд

Урдаас тосон гүйж ирэх нь сайхан

Элдвээр үйлийг минь үздэг

Ихэр хоёр охин минь дэргэд байна

Инээж баясган жүжиг тавьдаг

Элдэвтэй хоёр дагина минь надад байна

Цаасан дээр бичигдсэн хань минь чамаас

Охидынхоо өмнөөс сүүлийн удаа асуулт асууя

Хоёр үр минь сайн уу гээд асуучих

Телефон утас наана чинь байсангүй юу

Алс холын Атлантын далайн чанад дахь

Тэргүүн их гүрэнд амьдардаг гэсэн биз дээ

Алгын чинээхэн үрсээ бодоод мэндийг нь асуучих

Сэтгэл алга байв уу, чамд

Ааваа гэж хэлд ороод

Атгын чинээ цаас дугуйлаад

Энэ захиаг аавдаа хүргүүлнэ

Эргээд бид хариуг нь авна гээд мөн ч удаан ярьсан даа

Нугалсан цаас өчнөөн хоног өвөртөлж унтахад

Үрсийнхээ мэндийг асуугаагүйд чинь харин би их гомдсон

Энэ үеийг бодвол одоо охид минь том болж

Чамайг гэсэн сэтгэлээ чанадын чанад нуучихсан

Нэг ярьсных үнэнээ ахин хэлье

Сонсохгүй байсан ч хамаагүй ээ, чи

Надтай учирснаа солиорсон дурлал гэх байх

Гэхдээ л миний залуу насыг минь үрснээ битгий мартаарай

Хатуухан эргэх он цагийн тэр ээдрээнд

Гутлаа чирсэн нэгэн дээр гулсаж очихыг би хүсээгүй

Гунхсан нэгнээс боловсролоороо хоцрохыг

Бүүр ч хүсээгүй юм шүү, би

Эзэмшсэн мэргэжлээ дээшлүүлж их сургуульд хүртэл суралцсан

Удахгүй сургуулиа төгсөхөд минь Улс олон

Монгол минь баярлана

Ургах нартай ижилссэн амьдрал намайг тосно

Угтан ирэх охидууд минь намайг ээлжлэн үнсэнэ

Яагаад ч юм би чамайг баярлах, гомдох болгондоо санадаг байсан

Яагаад ч юм би чамайг үрсээ инээх болгонд үгүйлдэг байсан

Яагаад ч юм би чамд урсан ирэх өдөр болгон ерөөл өргөдөг байсан

Яагаад ч юм би чамайг сэтгэлдээ босгосон итгэл гэж өргөмжилдөг байсан

Бодвол чамд би хоёр охин шигээ

Ботго шиг ижилсэж дассаных байх

Бодвол чамд би хоёр үрс шигээ

Бодлоо бэлчээж харуулддаг байсных байх

Энэ үгэнд минь уяраад хэрэггүй шүү

Хагарсан аяга эргэж нийлдэггүй шиг

Чамайг гэсэн сэтгэлээ би аль хэдийнэ булшилчихсан

Ивий хоёр охиноос минь илүү үнэтэй эрдэнэ надад одоо байхгүй

Нэг л өдөр чи намайг гомдоож

Чамайг гэсэн их хайрыг минь хөсөр хаяуулахад хүргэсэн

Нэг л өдөр чи сэтгэлд минь арилахааргүй толбо суулгаж

Чамаас өөр “өстөн” байхгүйг өөрөө чи мэдрүүлсэн

Бор дарсанд шунасан уу

Богино даашинзанд татагдсан уу

Борог амьдралаас залхсан уу

Бүтэн жаргал илүүдсэн үү

Бүү мэд ээ, мартахын аргагүй үг чулуудаж

Надаас чи бүрмөсөн явсан

Ихэр юм шиг хоёр охиныхоо сэтгэлийг дааруулж

Эргэж уучлахааргүй толбо үлдээгээд явсан

Ийн орхиж явсан өдрөөс чинь хойш

Олон жил өнгөрчээ, охидуудын аав минь

Зүрх хөргөөж явсан л бол явсан шиг яваарай

Зүүд сэвтүүлж бидэн дээр эргэн ирж битгий зовоогоорой

Чамайг би хүний газар ханьтай бүр хүүхэдтэй болсныг чинь

Төрсний чинь амнаас сонсч, нэгэн үе эвгүй байдалд орсон

Гадаад явсан даруйдаа биднийг мартаж эхнэртэй болсныг чинь

Олон жирийн дараа дуулаад бүр ч их цочирдсон

Одоо зүрх чинь ондоо нэгний төлөө цохилж

Сайхан ханьтай учирсан байлгүй над шиг битгий гомдоогоорой

Харин олны өмнө ааваараа бахархдаг хоёр охинтой гэдгээ

Эхнэр, хүүхдэдээ заавал хэлж үзээрэй дээ

Үнэн худлын дээгүүр бүтэн харцтайгаа нүүдэллээд буцсан

Залуу насанд минь учирсан ханхүү минь чи

Ихэр юм шиг хоёр охиныхоо

Эцэг нь байж даанч чадсангүй дээ...

СЭТГЭГДЭЛ БИЧИХ